Ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүн хүүхэлдэйн киноны үйлдвэр барих асуудлыг төсөвт тусгуулах санал гаргасан. Монголын хүүхдүүдэд хүүхэлдэйн киногоор дамжуулан үндэсний бахархал, үндэсний баатар, үндэсний брэндтэй болоход анхаарал хандуулах хэрэгтэй. Үйлдвэрийг нь барьдаггүй юмаа гэхэд кино хийх хөрөнгийг төсөвт тусгахыг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Г.Уянга, Г.Баярсайхан гишүүд хэлж байлаа. С.Ганбаатар гишүүний гаргасан саналыг гишүүдийн олонх дэмжлээ.
Харин тэрээр хүүхэлдэйн киноны үйлдвэр барихад том тоо бий гэдгийг хэлээд, эхний ээлжинд бэлтгэл ажилд 100 сая төгрөг төсөвлүүлэх саналтай байгаагаа дуулгав. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод загвар эмнэлэг барихад 250 сая төгрөг, Цагааннуур сумын дотуур байр барих төсөвт 850 сая төгрөгийг төсөвт тусгуулах Л.Энх-Амгалан гишүүний санал, Улсын Клиникийн төв эмнэлэгт элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх багаж, тоног төхөөрөмж авахад 2 тэрбум төгрөг төсөвт тусгуулах З.Баянсэлэнгэ гишүүний саналууд тус тус дэмжлэг авлаа.
Санал хураалт явуулж дууссаны дараа гишүүдийн дэмжлэг авсан саналуудыг нэгтгэн Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Т.АМУР