Төсвийн байнгын хороо хуралдлаа
хуралдаж Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Татварын мэргэшсэн зөвлөхийн асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс 2012 оны 02 дугаар сард өргөн мэдүүлээд байсан юм. Төсөл санаачлагч өнөөгийн татварын тогтолцоонд тэгш шударга, үр ашиг бүхий орчинг бий болгох, татварын төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааг төлөвшүүлэх шаардлагатай байгааг дурьдаад татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа, зарчим, татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдийн эрх үүрэг, хариуцлагыг тогтоох, татварын зөвлөхөд тавигдах шаардлага, эрх олгох, сунгах, хүчингүй болгох, татварын итгэмжлэгдсэн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл олгох хүчингүй болгох, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар хуульчлахаар хуулийн төслийг боловсруулсан ажээ.
Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс татварын мэргэшсэн зөвлөхийн хэрэгцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч харин мэргэшсэн зөвлөх татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөхийн тулд сайн боловсролтой, чадамжтай нэгэн байх нь зөв гээд зөвлөхийн ажлын туршлагын босгыг өндөр байлгах хэрэгтэйг онцолж байсан. Ингээд санал болон асуултын дараа уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжив.
Дараа нь жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлийн хугацааг сунгах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцсэн.
Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан хийлээ. 2009 онд уг хуулийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байхаар баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг албан татвараас чөлөөлж, нийт 1942 иргэн, ААН-ийн 145.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд 22.6 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт үзүүлжээ.
Манай улсад 66500 ААН үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бөгөөд үүний 10-20 орчим хувь нь л дээрх хугацаанд тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Үлдсэн 80 гаруй хувь нь шинэчлэх шаардлагатай байгаа гэсэн судалгааг төсөл санаачлагчийн зүгээс хийгээд байгаа юм байна. Иймээс дээрх хуулийн үйлчлэх хугацааг 1 жилээр сунган 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох, хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм байна.
Гишүүд төслийг хэлэлцэх явцад төдийлөн санал хэлсэнгүй. Харин Л.Эрдэнэчимэг, Ж.Эрдэнэбат нарын гишүүдийн зүгээс 3 жилийн хугацаанд 20-иодхон хувьтай байгаа ажлыг 1 жилээр сунгаж байхаар 3-5 жилээр сунгаад явж болдоггүй юм уу гэсэн асуултад Сангийн сайд дараагийн хэлэлцүүлгийн явцад уг асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн хариулсан.
Байнгын хороо энэ удаагийн хуралдаанаараа хэлэлцэхээр төлөвлөсөн 2 асуудлын хэлэлцэх эсэхийг шийдэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.