Боловсролын сайдад хаяглав

Зарим багшийн хахууль авсан нь илэрч Авлигатай тэмцэх газрын хаалгыг татахад хүрээд байгаа. Эрүүл мэнд, боловсрол хоёрыг хамгийн их мөнгө саадаг салбар гэж хэн хүнгүй шүүмжилдэг нь ч үнэний ортой. Нийслэлийн 54 дүгээр сургууль жил бүр анги засварт зориулж 2500-3000 төгрөг, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургууль анги засварт 1000 төгрөг, саван, угаалгын нунтаг зэрэг цэвэрлэгээний зүйлд болон цэвэрлэгчийн хөлс 2500, зургаан настнуудаас бичгийн цаас тус бүр нэг боодол, 23 дугаар сургууль харьяаллын бус хүүхэд нэгдүгээр ангид элсүүлэхдээ 500 мянган төгрөг авдаг, тавдугаар сургууль Цох сонин, Алтантүлхүүр сэтгүүл захиал гэж албаддаг тухай хүмүүс ярьцгааж байна.

БШУЯ-ны лавлах 1209 дугаарын утас руу ч ерөнхий боловсролын сургуулийн багш нар мөнгө хураадаг тухай эцэг, эхчүүд хов дуулгаад амжсан байна. Тус лавлах утсыг ажиллуулж эхлээд cap ч болоогүй бөгөөд 500 гаруй удаа санал, гомдол хүлээж авчээ. Эдгээр гомдлын дотор дээрх асуудлаар хэд хэдэн эцэг, эх хандсан тухай холбогдох мэргэжилтэн нь хэлж байсан.

Ер нь сургууль бүр их, бага хэмжээгээр хүүхдүүдээс мөнгө саадаг нь нууц биш. Энэ мэт сурагчдаас татаас авдаг сургуулиудыг Л.Гантөмөр сайд та анхааралдаа авах хэрэгтэй бус уу. Эцэг, эхчүүдийн зарим нь сургуулийн татаастай эвлэрсэн гэдгээ хэлж байна. Хүүхдээ сургахын тулд хэрэгтэй юмыг нь өгөхөөс яах вэ, төсөв мөнгө нь хүрэлцэхгүй сургууль хэцүү шүү дээ. Багш ямар өөрөөсөө мөнгө гаргалтай биш. Нэг багш 50 хүүхэдтэй ажиллах тийм ч хялбар биш байх хэмээгээд бичгийн цаас зэргийг өгөхөд гэмгүй гэдгээ ч хэлж байлаа. Нөгөөтэйгүүр анги дүүргэлт гамшиг болсон талаар багш нар гомдоллож сууна. Уг нь стандартаар бол бага ангийн нэг бүлэг 30-35 хүүхэдтэй хичээллэх ёстой аж. Яг ийм тооны хүүхэд хичээллэж байж орчны стандарт мөрдөгдөх гэнэ. Гэвч энэ тухай яриад ч хэрэггүй гэж зарим багш толгой сэгсэрч байна. 54 дүгээр сургууль л гэхэд бага ангийн нэг бүлэг 46 хүүхэдтэй, 18 дугаар сургуулийн англи хэлний төрөлжсөн сургалттай зургаан настнуудын анги 52 хүүхэдтэй, япон хэлнийх нь 49 хүүхэдтэй хичээллэдэг аж. 18 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийнх нь яриагаар зургаан настны гурван бүлэгтэй учраас хавар 90 хүүхэд элсүүлсэн гэнэ. Харин намар болохоор боловсролын салбарын хэн нэгнийх нь албан тушаалтны гарын үсэгтэй бичиг барьсан хүүхдүүд ирдэг болохоор авахаас өөр аргагүй байдгаа ч учирласан.

Ингээд нормоос хэтэрсэн олон хүүхэдтэй хичээллэхээр багшийн ачаалал хэд дахин нэмэгдэж, амьсгалах агаар, нэг хүүхдэд оногдох зай талбайн тухай яриад ч хэрэггүй байдаг аж. Ер нь бол боловсролын салбарт бага, суурь, бүрэн дунд боловсролын нийт 20 орчим стандарт байдаг. Гэхдээ үүнээс хэрэгжүүлдэг нь тун цөөн. Хамгийн тод жишээ л дээр дурьдсан бага бүлгийн хүүхдийн тоо. Анги дүүргэлт хэмжээнээс хэтрэхээр нэг ширээнд гурван хүүхэд суух бол энгийн зүйл гэж байлаа. Бүх зүйл стандартаас гажихаар хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг судлаачид тогтоожээ. Тухайлбал, хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь өсвөр настай нь шууд холбоотой байдаг аж. Сургуулийн орчны эрүүл ахуй хангалтгүй, ангийн гэрэлтүүлэг муу, нэг ширээнд олон хүүхэд суух зэргээс шалтгаалж хараа муудах, нуруу нугалам гажих зэрэг эрүүл мэндийн асуудалтай болдог байна. Иймд анги дүүргэлтэд анхаарах цаг болжээ. Нийслэлд шинэ сургуулиуд барих асуудлыг салбарын сайд болон хотын дарга шийдэх хэрэгтэй бус уу. Сургуулийн төсөв мөнгийг хангалттай шийдвэрлэж өгөх ёстой байтал хасаад сууж байдаг эрх мэдэлтнүүд ичээсэй. Боловсрол, шинжлэх ухааны яам гэх их айлыг толгойлох эрх Л.Гантөмөр танд оногдсон болохоор сурагчдаас хураах татаасыг багасгаж, анги дүүргэлтийг зохицуулах үүргийг хүлээх учиртай. Энэ дөрвөн жилд эл асуудлыг шийдэж өгөөч сайд аа.

Б.Ганаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button