Нийслэл төсвийн тодотголдоо нэмэлт өөрчлөлт орууллаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн 2012 оны төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулах, Автозамын түгжрэлийг бууруулахаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх тухай, нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах зэрэг хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийслэлийн 2012 оны төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулсан юм Нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлж улсын төсвөөс нийслэлд оруулах санхүүгийн төсвийг 11.2 тэрбум төгрөгөөр бууруулж 109.1 тэрбум төгрөг болгосон байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, аж ахуй худалдан авах тухай хуульд энэ оны аравдугаар сарын 1-нээс нийслэл, дүүрэгт хэрэгжүүлэхээр хуульчлагдсаны дагуу худалдан авах ажиллагааны газар нэгжийн бүтцийг Улаанбаатар хотод 66 аж ахуйн орон тоотой тооцож 256.8тэрбум төгрөгийн зарлагатай байхаар хянаж баталжээ.
Монгол Улсын 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон нийслэлийн төсвийн өнөөгийн байдалтай уялдуулан тодотгол хийсэн байна. Тухайлбал, нийслэлийн орлогын баталсан хөрөнгөөр 17.7 тэрбум төгрөг, үүнээс хотын шуудын орлого 11.3 тэрбум , урсгал зардлыг найман тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцжээ. Харин хөрөнгө оруулалтаар баталсан есөн нэр төрлийн 12.3 тэрбум төгрөгийн зардлыг хугацаа хойшлуулж хийхтэй холбоотой төсөвт өөрчлөлт тусган оруулсан байна. Дээрх өөрчлөлтүүдийг хийснээр хөрөнгө оруулалт 20.4 тэрбум, Замын сангаас 1,2 тэрбум урсгал зардалд 3.8 тэрбум төгрөг нэмж зарцуулах боломжгүй гэсэн төслийг өргөн барьлаа. Төсвийн орлогын өнгөрсөн есдүгээр сарын мэдээгээр орлого 14.4 тэрбум төгрөг болж 6.4 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Харин хотын төсвийн орлого 3.7 хувиар давж биелсэн тооцоо гарчээ. 2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн нийслэлийн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн давж биелэх шалтгааныг тооцон нийслэлийн төсвийн орлогыг 17.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 327.3 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.
Хотын шуудын дүнг 11,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 268,9 тэрбум төгрөг байхаар төсвийн тодотголд тусгасан аж. Тухайлбал, төсвийн урсгал зардалд НИТХ-ын ажлын албаны бүртгэл орон тоонд 440.6 сая, нийслэлийн Засаг-даргын Тамгын газрын үйл ажиллагааны зардал 325 сая, Захирагчийн ажлын албаны Гэр хороолол дахь нэгжүүдэд 220 сая, гэр хорооллын хог тээвэрт эхний ээлжинд шаардагдах 578 сая төгрөгийг тусгасан байна. Автозамын хөдөлгөөний ачаалал бууруулахад 787.7 сая, урьдчилан цэвэрлэх байгууламжид усан цэвэрлэгээ хийх, бодис худалдан авах 396 сая төгрөг, аймаг сум ИТХ-ын сонгуулийн зардалтай холбоотой 2.2 тэрбум төгрөгийг дүүргийн төсөвт нэмжээ. Харин 2012 оны төсөв батлагдахад нөөцийн мах бэлтгэх хөрөнгөөс 1.2 тэрбум төгрөгийг хасчээ. Хогны менежмент шинээр хийхтэй холбоотой 728 сая төгрөгийг бууруулсан бол Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн төсвийн тодотгол хийгдээгүй байгаа юм байна. Энэ нь анх баталсан төсөв дээр төрийн албан хаагчдын цалингийн гарах зөрүүг тусгасан байгаа аж.
Төсөвт дээрх өөрчлөлтийг хийснээр хотын урсгал зардал 4.2 тэрбум төгрөгөөр буурч, 79.1 тэрбум, нийслэл дүүргийн урсгал зардал 1.8 тэрбум төгрөгөөр буурч 128.3 тэрбум төгрөг болж байгаа юм. 2012 онд шинээр хийх есөн нэр төрлийн ажлын тендер зарлагдаагүйгээс 12.3 тэрбум төгрөгийн ажлыг хойшлуулсан гэж байлаа. Харин Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахад дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Гэхдээ шууд хийж эхлэх зураг төсөлд үндэслэн 1.9 тэрбум төгрөгийг суулгасан байна. Мөн Улаанбаатар хотын Тохижилт үйлчилгээний газарт зам цэвэрлэгээний ажилд 5.9 тэрбум төгрөгийн техник худалдан авахаар тусгажээ. Ингэснээр төсвийн нийт орлого 327.3 тэрбум төгрөг, нийт зардал 385.1 тэрбум, дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын хэмжээ 22.2 тэрбум, дүүрэгт ногдох санхүүгийн дэмжлэг 8.8 тэрбум, улсад төвлөрүүлэх орлого 70 тэрбум, улсаас авах санхүүгийн хэмжээ 109 тэрбум төгрөг байх төсвийг өргөн барилаа. Тус төсвийг тэргүүлэгчид дэмжсэнээр энэ сарын 25-нд болох НИТХ-ын ээлжит бус хурлаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг цаашид үргэлжлүүлнэ
Автозамын хэт ачааллыг бууруулахаар хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлээд хоёр сарын нүүрийг үзэж байна. Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах, улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах, сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар автобусаар тээвэрлэх, худалдааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, төрийн болон хувийн хэвшлийн гаднах авто зогсоолыг иргэдэд үйлчлэх авто зогсоол болгох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж үр дүнгээ тооцон цаашид үргэлжлүүлэх талаар тэргүүлэгчдээр хэлэлцүүллээ. Тус арга хэмжээний талаархи мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр тэргүүлэгчдэд танилцуулсан юм. Зүүн дөрвөн замаас Саппорогийн тойрог хүртэл нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн том оврын автобусыг зорчуулж хяналт тавьж ажилласаны үр дүнд зам тээврийн осол, автозамын ачаалал буурсан судалгаа гарчээ. Мөн нийтийн тээврээр зорчигчын тоо 12,5 хувиар өссөн байна. Нийтийн тээврийн автобус өмнө нь зүүн дөрвөн замаас Саппорогийн тойрог хүртэлх 6,7 км замыг хамгийн багадаа 50 минут явдаг байсан бол нэгдүгээр эгнээгээр 32 минут явж байгаа үзүүлэлт гарчээ.
Цаашид нэгдүгээр эгнээний хязгаарлалтыг сунгаж Таван шараас Офицеруудын ордон хүртэл явуулах саналыг оруулсан юм. Харин ажлын өдрүүдэд авто машиныг улсын дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг зохион байгуулснаар автозамын ачааллыг 30 хувь бууруулна гэж үзэж байсан. Нэг өдөр улсын дугаараар хязгаарлахад 20-30 мянган машин хөдөлгөөнд оролцдоггүй байна. Гэтэл энэ нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа аж. Учир нь өдөрт шинээр 100 гаруй автомашин номер, дугаар авч хөдөлгөөнд оролцдог байна. Улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг 7310 удаа зөрчсөн тохиолдол илэрчээ. Үүнээс 42 жолооч улсын дугаар сольж хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Одоогоор зургаан жолоочийн эрхийг нь хасч, 22 жолоочид мөнгөн торгууль тавьж, үлдсэнийг нь шалгаж байгаа аж. Харин цаашид албан байгууллагын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах, баруун талдаа жолооны хүрд бүхий тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах зэрэг хэд хэдэн саналыг орууллаа. Мөн төрийн болон үйлчилгээний гаднах авто зогсоолд тухайн байгууллагын ажилчдын автомашин зогсоохгүй байх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ ажил төдийлөн сайн хэрэгжээгүй ч давхардсан тоогоор 1085 автомашиныг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулсан байна.
Харин зөрчил илэрсэн 232 байгууллага, аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлжээ. Одоогоор иргэддээ үйлчлэх түр зогсоолыг Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон зарим дүүргүүд байгуулаад байгаа юм. Сурагчдыг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс нэгдсэн зохион байгуулалттайгаар автобусаар тээвэрлэж эхэлсэн. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээл, сургуульд нь хүргэж өгөхөд автозамын түгжрэлийг тодорхой хувиар нэмдэг. Захирамжаар 17 ерөнхий боловсролын сургууль автобусаар үйлчлэх байсан бол одоогийн байдлаар 28 сургууль болж нэмэгдсэн байна. Энэ ажил үр дүнтэй байгааг орлогч дарга Н.Гантөмөр онцолж байлаа. Одоогоор сургуулиуд сайн дураар автобусаа нэмж, зарим сургуулиуд хүүхдийн автобус түрээслэх саналтай байгаа аж. Автозамын ачааллыг хамгийн ихээр нэмэгдүүлж байгаа гэж үзэн Нарантуул, Сандэй, Өгөөмөр, Хархорин зэрэг томоохон захуудын цагийн хувиарт хоёр ч удаа өөрчлөлт оруулсан.
Цаашид энэ хувиарын дагуу үйл ажиллагаа явагдах боломжтой гэж үзэж байгаа юм.
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд автозамын ачаалал 20 хувиар буурсан гэсэн тооцоо, судалгаа гарчээ. Мөн улсын дугаарын ялгавартайгаар хөдөлгөөнд оролцуулахыг иргэдийн 80 хувь нь дэмжиж байгаа аж. Харин ШУТИС хамгийн олон оюутантай учир хичээлийн цагийн хуваарийг өглөө 09.00 цагт эхлүүлэх
саналыг гаргалаа. Мөн автозамын түгжрэл үүсэх гол шалтгаан нь зам засварын ажилтай холбоотой юм. Энэ жил 14 зам засварын ажил хийгдсэнээс 11 ажил нь бүрэн ашиглалтад орсон байна. Харин Баянхошуу, Нарны зам, Улаанхуарангийн зам энэ долоо хоногт дуусна хэмээн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж мэдээллээ. НИТХ-ын дарга Д.Баттулга Төрийн албан хаагчид өглөө 08.00 цагт ажил нь эхэлдэг. Гэтэл нийтийн тээвэр 07.00 цагт үйлчилгээнд гардаг. Энэ цагийн хуваарийг өөрчилж эрт болгож болохгүй юу гэсэн саналыг тавьсан юм. Мөн Нарантуул захын нийтийн тээврийн хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, ЗЦГ-ын дүрмэнд өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн саналыг тэргүүлэгчид хэлсэн юм. Ийнхүү цаашид автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээг үргэлжлүүлэхийг тэргүүлэгчид 100 хувь дэмжсэн юм.
Ж.ГАНЦЭЦЭГ