Улсын арслан Х.Мөнхбаатар ирэх жил зодоглох эсэх нь эргэлзээтэй боллоо

Тодруулбал, улсын арслан Х.Мөнхбаатар, шинээр улсын начны болзол хангаад байгаа Б.Сугаржаргал нарын нэр энэ хэрэгт холбогджээ.

Харин эдгээр бөхчүүдийг хууль журмын дагуу хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар Монголын үндэсний бөхийн холбооноос тоймтой хариу хэлээгүй байна.

2003 онд шинэчлэгдсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн долоодугаар бүлэгт спортын талбар дахь шударга өрсөлдөөнийг хэрэгжүүлэх зорилгоор улсын баяр наадамд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдийг Допин-гийн шинжилгээнд хамруулах тухай заасан байдаг.

Мөн тус хуульд Лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давааг хүчингүй болгож, цол чимгийг нь хураах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, хоёр хүртэлх жилээр барилдах эрхийг нь хасна гэж заажээ. Допингийн хэрэгт холбогдсон бөх А сорьцийг хүлээн зөвшөөрвөл асуудал түүгээр дуусдаг. Тухайн бөх сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Б сорьцийн шинэжилгээг өөрөө зардлаар явж өгөх юм байна.

Сэргээшийн шинэжилгээ нь эерэг гарсан улсын арслан Х.Мөнхбаатар тавын даваанд улсын начин Ж.Оргилыг, зургаагийн даваанд Улсын начин Ж.Амартүвшинг, долоогийн даваанд улсын харцага Т.Санчирыг унагаж, наймын даваанд улсын арслан Д.Рагчаад өвдөг шороодсон. Улсын начин Б.Сугаржаргалын хувьд тавын даваанд улсын заан Б.Соронзонболдоор улсын начин цолны болзол хангасан билээ.

Допингтой холбоотой хэрэг жил бүхэн л гардаг. Харамсалтай нь, нэр холбогдсон бөхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж байсан нь ховор. Бөхийн холбоо ч энэхүү асуудлыг шийдэж чадахгүйдээ сэргээш хэрэглэсэн бөхийнхөө асуудлыг дарж өнгөрөөгөөд байгаа юм болов уу гэсэн муйхар санаа төрүүлэх болсныг нуух юун.

Монголчууд бид эрчүүдээ, тэр дундаа бөхчүүдээ гүндүүгүй бодь хүмүүс хэмээдэг. Гэтэл тэдгээр тодотголыг тэд хамгийн бүдүүлэг, эрээ цээргүй хэмээн ойлгоод байна уу гэлтэй. Бяр дагаж цол ч гэдэг. Тэгэхээр тэр цолыг дагаж асар их хариуцлага ногддог гэдгийг хэнбугай ч ухамсарладаг байлтай. Хэний ч өмнө хууль эрх тэгш байдгийг мэдрүүлж, хаана хаанаа дүрэм журмаа дагахгүй бол асуудлыг ухаанаар бус бяраар шийддэг олон хүн нэмэгдэж Төрийн төмөр нүүрийг хайлуулах вий дээ.

Бөхийн холбоо допингийн асуудлыг шийдвэрлэсэн хамгийн ойрын жишээ гэвэл Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар зургаа давж, улсын харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгат сумын уугуул Г.Алтангэрэл, тав давж, начин цолны болзол хангасан Ховд аймгийн Чандмана сумын уугуул Ч.Цогбаяр нарын барилдах эрхийг нь хасаж, цолыг нь хэвээр үлдээсэн явдал юм.

Тэгвэл энэ жилийн хувьд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэвэл Хөвс­гөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар ирэх наадмуудад зодоглохоо больж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат шинэхэн улсын начин Б.Сугаржаргал цолгүй хоцрох нь.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button