МҮАН бодлого, төсвөө барина, Мөнхтэнгэр зөвлөнө

хошуураад эрчим хүчний салбартаа сүүлийн хэдэн жил ач холбогдол өгөөгүй. Алслагдсан аймаг, сумд байтугай хорголжин дэн барьдаг хэсэг XXI зуунд улсын нийслэл Улаанбаатарт ч бий.

Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэсэн хоёр том салбарын асуудлыг хариуцсан нэг яам байх нь ажил цалгардах шалтгаан болж байна хэмээх тодорхойлолтыг шинэ Засгийн газрын тэргүүн хийгээд ЭБЭХЯ-ыг хоёр хувааж, танхимынхаа бүтцийг нэмж орхисон. Орон сууцжуулах хөтөлбөр, утаанаас салах гээд л сүүлийн хэдэн жилийн турш амны уншлага болоод буй асуудлыг шийднэ гэвэл эрчим хүчний бие даасан бодлогын яамыг байгуулсан шинэ Засгийн газрын шийдвэрийг зөвтгөж болох юм. Гэхдээ үр дүн харагдах хэрэгтэй. Харин тэр үүргийг үүрч, орхигдсон салбарыг босгох ажил УИХ-ын гишүүн М.Сономпилээс хамаарах болж байна. Хамгийн гол нь тэрбээр Эрчим хүчний сайдын албан тушаалыг ажил биш амтат бялуу гээд бодчихгүй бол шүү дээ. М.Сономпилийн хувьд 2004-2008 оны Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Гэхдээ сайд байх хугацаандаа сайнаасаа илүү саар нэр их зүүсэн дээ. Онгоц унагасан, дарханы барилгын цэргийн ангийг зарж идсэн, мөрийтэй тоглодог, мөнгө зээлээд эргүүлж төлөөгүй гээд бараан голдуухан гуншин түүнийг дагадаг. Ямар ч байсан үнэг, Батаа, Сономпил гурвын үлгэр мэт яригддаг түүх олон. Тэрбээр Батлан хамгаалахын сайд байхдаа өөрийн яамны мэдлийн ганц нисдэг тэргийг Симба Ц.Батаад өгч, өнөөх нь түүгээрээ үнэг хөөж, улсын өмчийг ум мани бадми хум болгосон гэдгийг монголчууд бүгд мэднэ.

Бүр төрийн хамгаалалтын албаныхны хувцсыг хүртэл гамин төрхтэй болгосон хэмээн адлуулж байсан тэрбээр энэ удаад Эрчим хүчний яамыг толгойлох болж байна. Гэхдээ түүнийг хүрд эргүүлэх энэ боломжоо нэг тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэдэг юм билээ. Учир нь сонгуулийн үеэр МҮАН-аас ганцаараа тэрбум төгрөг гарган, Шударга ёс эвслийн штабт хандивласан аж. Хэрэв тус эвсэл сонгуульд амжилт үзүүлбэл сайдын суудал авна гэсэн тохироог намын дарга М.Энхсайхантай хийсэн сурагтай. М.Энхсайхан ч хэлсэндээ хүрч эвсэл дотроо МҮАН-д оногдох сайдын суудлын нэгийг нь М.Сономпилд өгсөн нь энэ. Харин тус яамны дэд сайдаар Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэв томилогдсон. Тэрбээр УИХ-ын сонгуульд хоёр удаа өвдөг шороодсон ч дэд сайдын суудалд суух эрхийг намын нөхдөөсөө авсан юм. Мөнхтэнгэр фракцийнхан энэ удаад нэг дэд сайдын суудал авсан бөгөөд түүнд нь Д.Доржпүрэв очиж байна. Түүний хувьд улс төр байтугай унаган нутагтаа ч төдийлөн танигдаагүй. Өөрийгөө Ар хустынх гэж тодорхойлдог ч аймгийнхан нь түүнд эргэлздэг гэсэн. Эдийн засагч мэргэжилтэй, хувийн банк бус санхүүгийн компанитай. Мөн алдагдалд ороод байсан Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанийг хэсэг нөхдийн хамт худалдаж аваад, хөл дээр нь босгосон.

Тэрбээр Эрчим хүчний дэд сайдын суудлыг зүгээр ч нэг онилоогүй байх. Энэ алба эрхэлдэг бизнестэй нь холбогддог болохоор л ингэж хардаж байгаа юм. Харин тус яамны гал тогоог барихаар Д.Дэлгэрцогт томилогдсон. Түү­нийг М.Энхсайханы хүн гэдэг. МҮАН-ын нарийн бичгийн дарга байсан тэрбээр өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайдын албыг хашиж байсан удаатай. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Стратегийн удирдлагын газрын дарга, Төрийн өмчийн хороонд хэлтсийн дарга гээд төрийн ажлын туршлагатай. Мөн саяхан Сонгуулийн ерөн­хий хорооны гишүүнээр томилогдож тангаргаа өргөсөн. Өнгөрсөн сонгуулиар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс УИХ-ын сонгуулийн арванхоёрдугаар тойрог буюу Сүхбаатар аймагт нэр дэвшсэн ч Бодь-ийн М.Зоригтод өвдөг шороодсон. Төрсөн нутгаасаа итгэл өвөрлөөгүй ч Төрийн нарийн бичгийн дарга болох томилолтыг намаасаа авч чадсан Д.Дэлгэрцогт МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн юм.

Ирэх жилүүдэд монголчууд гэрэлтэй гэгээтэй, дулаан бүлээн байх эсэх нь ийм л гурван хүнээс хамаарах болж байна.

Б.Энхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button