Хуримтлалаас хүү тооцох боломжгүй
мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 20-ноос эхлэн хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөгийг арилжааны 12 банкаар дамжуулан олгож эхлээд байна. Улсын хэмжээнд хэчнээн эцэг, эх хүүхдийн мөнгө авахаар маягт бөглөв?
-Манай улсад 0-18 насны нийт 967976 хүүхэд байдаг. Аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 851150 хүүхэд мөнгөө авахаар маягт бөглөсөн байна.
Энэ нь нийт хүүхдийн 87.4 хувь нь юм. Бидний тооцоолж байгаагаар хамгийн багадаа нийт хүүхдийн 90 гаруй хувь нь хүүхдийн мөнгөний бодлогод хамрагдах тооцоотой байна.
-Хүүхдийн мөнгийг олгоход эцэг, эхчүүдийн зүгээс ямар нэгэн зөрчил илэрч байна уу?
-Санаатай болон санамсаргүй байдлаар тодорхой хэмжээний зөрчил гарч байна. Гэвч бид эдгээр зөрчлийг байх ёстой хэмжээнд байна гэж үзэж байгаа.
-Тухайлбал?
-Хүүхдийн мөнгийг авах гэсэн иргэд нэг банканд хүүхдийнхээ дансыг нээлгэчихээд өөр банканд дахин данс нээлгэсэн давхардсан болон бичиг баримтын зөрчил гарч байна.
-Яамны зүгээс тухайн зөрчлийг арилгах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Манай яам бичиг баримтын болон бусад зөрчлийг арилгах замаар хүүхдийн мөнгийг саадгүй олгох бодлогыг барин ажиллаж байгаа.
Харин санаатай, санамсаргүй байдлаар данс давхардсан тохиолдолд сүүлд сонгосон банкаар нь дамжуулж хүүхдийн мөнгийг олгохоор болсон.
-Хүүхдийн мөнгийг иргэдэд бэлнээр олгож байгаа нь инфляцид тодорхой хэмжээгээр нөлөөлөх үү?
-Бид хүүхдийн мөнгийг олгох шийдвэрийг гаргаж байхдаа эдийн засагт хэрхэн нөлөөлөх эсэхийг нь судалж үзээд инфляцид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Харин ч бүр эдийн засаг дутагдмал байгаа өнөө үед төгрөгийн нийлүүлэлтийг нэмж өгсөн нь нийгэмд эергээр нөлөөлнө гэж бодож байна.
-Ирэх сараас эхлэн хүүхдийн мөнгийг хүүхдүүдэд зориулан гаргасан тусгай картаар тараахаар болсон. Гэтэл уг картын гүйлгээнд хязгаарлалт хийнэ гэж яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Бид хүүхдийн картаар хийх гүйлгээнд хязгаарлалт хийхээр төлөвлөөд байгаа.
Тухайлбал, хүүхдийн картаар архи, тамхи худалдаж авахыг хориглох зэрэг нэлээд хэдэн бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг нь хязгаарлах болно.
-Тухайн эцэг, эх маягт бөглөсөн атлаа хүүхдийнхээ мөнгийг тухайн сардаа багтаж аваагүй тохиолдолд мөнгийг төрийн сан буцааж татах уу?
-Хүүхдийн мөнгийг аваагүй үед буцаагаад Төрийн сан руу татчихна гэж эмээх шаардлагагүй.
Тухайн сарын мөнгө хүүхэд бүрийн дансанд байршаад хуримтлал үүсгэнэ. Дуртай үедээ түүнийгээ авах боломжтой.
-Та хуримтлал үүснэ гэж хэллээ. Харин хуримтлалд хүү тооцогдох болов уу?
-Ямар нэгэн шимтгэл төлөхгүй болохоор хүүг тооцох боломжгүй. Харин хүүхдийнхээ мөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлбэл хүү бодогдоно.
Бидний тооцоолсноор нэг наснаасаа хамрагдсан хүүхэд 18 нас хүрэхэд 4 сая 320 гаруй мянган төгрөгийн хуримтлалтай болж, ирээдүйдээ зориулах хадгаламжийн эх үүсвэрийг бий болгох боломжтой юм.