Говь Хангай компани шатсан үйлдвэрээ шинээр барихаар болжээ

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газар, Говь Хангай компанийн холбогдох албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.

Тавилгын үйлдвэрт гарсан галыг гурван цаг гаруй болж унтраасан

Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д. Баярбаатараас энэ талаар тодрууллаа.

-Тавилгын үйлдвэрт гал гарлаа. Золоор галд түлэгдэж, гэмтсэн хүн байгаагүй. Гал унтраах ангиуд шуурхай ажиллажээ дээ?

-Тавилгын үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвд уржигдар 14.21 цагт ирсэн. Дуудлагын дагуу эхний гал унтраах багийнхан 14.29 цагт очсон. Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах 10, 14, 34, 63 дугаар ангийнхан 50 хүний бүрэлдэхүүнтэй очсон. Галыг унтраах гэж гурван цаг гаруй ажилласан. Тавилгын үйлдвэрийн хоёр давхар барилга сэндвичин хавтангаар баригдсан учраас гал нэлээд хэсгийг хамарсан. Гэхдээ үйлдвэрийн зоорийн давхарт гал тархаагүй.

-Гал гарсан шалтгааныг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллага ажиллаж байгаа гэсэн байх аа?

-Тиймээ. Гэхдээ одоогоор гал гарсан шалтгаан тогтоогдоогүй байна. Мөн хохирлын хэмжээ нь ч тодорхойгүй байгаа.

Үйлдвэрт гарсан галын улмаас нэг ч хүний хувийн өмчид хор хохирол учраагүй

Харин Говь Хангай тавилгын компанийн нэрээ нууцлахыг хүссэн ажилтан ийн хариулсан юм.

Манай компани олон хүнийг ажлын байраар хангасан. Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт байрладаг үйлдвэрт маань гал гарлаа. Галын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоох биз.

Гол нь үйлдвэрт гарсан галын улмаас нэг ч хүний хувийн өмчид хор хохирол учраагүй. Гал гарлаа гээд бууж өгөхгүй. Тэгж ч хэн нэгний бахыг хангахгүй. Байшин шатаа л биз. Бид энэ суурин дээр нь дахиж шинээр үйлдвэрээ байгуулах болно. Манай Говь Хангай компани хот, хөдөөд есөн салбартай. Явуулын ч салбартай. Одоогоор 180 гаруй ажилчидтай гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button