Б.Шүүдэрцэцэг Бэрхшээл зовлон тоочоод байсан бол Ану хатан кино хэзээ ч төрөхгүй байсан
Уг киноны талаар зохиолч Б.Шүүдэрцэцэгээс тодруулсан юм.
-Өглөөний мэнд хүргэе. Хаана ямар ажил амжуулж байгааг тань сонирхож болох уу?
-Баярлалаа. Уншигчдадаа ч гэсэн өглөөний мэнд хүргэе. Хавтсыг нь шинэчилж, хянан зассан Тоорын өнгөт уруул шилмэл өгүүллэгийн номоо хэвлэлтэд өгчихөөд явж байна.
-Домогт Ану хатан роман дахин хэвлэгдсэн гэсэн?
-Тийм ээ. Өнгөрсөн долоо хоногт ээлжит хэвлэлтээс гарсан. Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үе, феодалын бутрал, Манжийн дарлалын эхэн үеийн Халх, Ойрадын харилцаа, Зүүн гарын хаан улсын түүхийг энэхүү номоос уншигчид маань мэдэж авах боломжтой. Улсын их дэлгүүр болон бусад номын дэлгүүрээс худалдан авч болно.
-Уг роман хэд дэх удаагаа хэвлэгдэж байгаа юм бол?
-Хэд дэх удаагийн хэвлэлт гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор 30 гаруй удаа хэвлэгдсэн болов уу. Хэвлэгдээд гурван жил болж байгаа. Сар хагас тутам нэг удаа хэвлэгддэг юм. Том төсөл хэрэгжүүлж байгаа надад, баталгаатай орлого миний номнууд л байна даа. /инээв/
-Ану хатан киног бүтээхэд бэрхшээл их байсан байх. Нээлтээ хэзээ хийх вэ?
-Мэдээж бэрхшээл зовлон тоочоод байсан бол энэ бүтээл хэзээ ч төрөхгүй байсан байх. Ану хатан киног хийх санаа, мөрөөдөл миний сонсож байснаар лав дөрөв, таван найруулагчид байсан юм билээ. Манай баг, хамт олон бага хөрөнгө, давчуу цаг хугацаанд хийе, бүтээе гэсэн халуун хүслээр том уран бүтээлийн ард гарсан нь хамгийн чухал. Ану хатан кино маань арванхоёрдугаар сарын 5-нд нээлтээ хийхээр болсон. Киноны дуу оруулалтыг Монголд хийж дахин гадаадад янзлах учраас цаг их орж байна.
-Киноны зураг авалтад зориулж Япон улсаас тусгай зориулалтын камер авчирсан гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Кинонд гардаг Зуун модны тулалдааныг усны, ойн, их талын гэж гурав хувааж найруулсан. Усны тулалдаанд Япон улсаас авчирсан тусгай зориулалтын камераар Туул голын Баянгийн амны тохойн усан доогуур зураг авсан юм. Ойрадын Дархан баатар буюу манай жүжигчин Хүрлээ усан спортоор хичээллэдэг учраас нум сумтайгаа усан доогуур шумбаж тоглосон. Үүрээр гүнзгий голын цэв хүйтэн усанд кино группийн баг даарч, норж байж зургаа авсан даа.
-Кинонд дуучин Д.Отгонжаргалын охин тоглосон гэсэн үү?
-Тийм ээ. Ану хатны охины дүрд дуучин Д.Отгонжаргалын охин тоглосон юм. Дэндүү авьяастай охин шүү.
-Удахгүй киноны нээлтэн дээр уулзъя. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье?
-Баярлалаа.
Б.Марал