Лугийн голын хувь заяа лүд болох уу?

New energy worldnet-work.com цахим хуудсаар дамжуулан зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Солонгосын Засгийнхаа газраар удирдуулсан Korea resources and Korea electric power корпораци 2,58 тэрбум ам.долларыг гадаад орнуудаас ховор шороон элемент олж илрүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн гэнэ гэх мэдээлэлтэй зэрэгцэн Ногоон технологийн шийдлүүд компанийн гүйцэтгэх захирал Жон Шийрэр Бид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснээр томоохон мөнгө босгож, Өмнөд Солонгосын Засгийн газар болоод корпорациудын ашиг сонирхолд дэмжлэг үзүүлж, тэдэнд шаардлагатай материалыг олох гэж чармайж байна гэж мэдэгдсэн, өдийгөөс хоёр жилийн өмнө.

Ашиг сонирхлын асар том цугларлыг бий болгосон гол шалтгаан нь газрын ховор элемент. Эрдэмтдийн хэлж буйгаар бол манай улсад ховор шорооны элементийн орд бүхий таван муж бий гэх. Хүдэр дэх газрын ховор шорооны элемент нь агуулгаараа дэлхийд өндөрт тооцогдох баян эрдэсжилттэй ч гэж дуулддаг. Дашрамд дуулгахад газрын ховор шорооны элементэд лантанийн бүлгийн 20 гаруй, церийн бүлгийн 10-аад элемент хамаардаг бөгөөд тэдгээрийн мөн чанар, ашигтай сайн талуудыг нь хүн төрөлхтөн бүрэн дүүрэн нээж илрүүлээгүй аливаа хэрэгцээ, хэрэглээний түүхий эд болгон ашиглах технологи нууц хэвээр байгаа. Тиймдээ ч сансрын технологи, электрон-техникийн үйлдвэрлэл, плазмын металлургийн технологи гүнзгий нэвтэрч, шинэ өвөрмөц шинж чанарыг агуулсан металлын хайлш, түрхэц бэлдмэл, нийлэг бүтээгдэхүүн бий болгох боломжид XXI зууны гэгдэх эдгээр металлууд өргөнөөр ашиглагддаг. Химийн үелэх системийн 21 дүгээрт бичигддэг скандий (Sc) нь дээрх 17-н ховор элементийн нэг. Скандий нь байгаль дээр хэзээ ч дангаараа оршдоггүй.

Сонирхуулахад, манай орон газрын ховор элементийн нөөцөөр БНХАУ-ын дараа буюу хоёрдугаарт орох хэмжээний нөөцтэй гэж АНУ-ын Геологийн судалгааны газар, Японы шинжээчид тооцоолжээ. Энэ нь нийт 31 сая тонн газрын ховор элемент буюу дэлхийн нийт нөөцийн 16.77 хувь. Гэвч скандий нь байгаль дээр дангаар оршдоггүй тул үүний нөөцийг тодорхойлох боломж бага гэдэг. Түүнчлэн стронци, европи хэмээх элементийн хайлш, түрхэцийг ашиглан өнгөт телевизорын дэлгэцээс ялгарах рентген соронзон хэлбэлзлийн туяанаас хүний нүд болон эд эсийг хордохоос хамгаалдаг бол ниоби ба церийн хайлшаар галд тэсвэртэй ган үйлдвэрлэн сансрын хөлгийн гадаргуу бүрхэвчийг үйлдвэрлэдэг аж. Бодоод үз дээ, нэг тонн ганд нэмэлт болгон 30 гр ниоби элементийг хийхэд бат бөх чанар нь 50 дахин нэмэгддэг гэж байгаа. Харамсалтай нь манайхан ийм чухал зүйлээ, тодруулбал, Лугийн голын ордоо өдийгөөс 10 гаран жилийн өмнө солонгосчуудад тавиад туучихсанаа гэнэт мэдэж, одоо ч цочролоос гарч амжаагүй л байгаа. Газрын ховор элементийн Лугийн голын орд бол стратегийн орд.

Үүнийг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталгаажуулсан юм билээ. Тодруулбал, уг тогтоол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Лугийн орд нь стратегийн орд газар гэдгийг баталгаажуулсан гэсэн үг л дээ. Харамсалтай нь тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Л.Болд, Ж.Билэгсайхан нарын буян-аар энэ орд газар өдгөө солонгосчуудын өмч. Ж.Билэгсайхан 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тушаал гаргаж Лугийн толгойг Солонгосын Реалкокореа ХХК-д бэлэглэсэн байх юм билээ. Мөн ч бөх зүрх шүү. Гэтэл тухайн үед 41 ам.доллар байсан ховор элемент одоо 92-150 болтлоо өсчихөөд байдаг, дэлхийн зах зээл дээр… Өмнөх нийтлэлдээ дурдаж байсанчлан Хятад улс дэлхийн зах зээл дээр гаргах газрын ховор элементийнхээ экспортыг хязгаарласан эл эдийг ийн тэнгэрт гаргасан юм. Дашрамд сонирхуулахад Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг К-49-37, К-49-25 байршилтай, 5472 м2 талбайтай Лугийн голын ордын нөөц, нь одоогийн байдлаар 360 мянган тонн хэмээн тогтоогдчихоод байгаа билээ. Манай урдаа барьдаг эрдэмтэн, Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурцын хэлснээр бол газрын ховор элементийн худалдаа нь Нью-Йорк, эсвэл Лондонгийн хөрөнгийн биржид арилжаалагддаг хувьцаа, зэсийн адил хүний нүдэнд харагдаж, гарт баригдан наймаалцдаг эд биш аж.

Мөн тэрбээр Лугийн гол дахь нэн ховор шорооны элементийн орд газрын лицензийг солонгосчуудад худалдсан гэдгийг бүтэн 12 жилийн дараа мэдсэн тухайд, Лугийн голын ордыг судлах ажил одооноос эхлэх ёстой. Чухам юунд зориулж, яаж ашиглах талаарх яриа, хэлэлцээрийг Солонгосын талтай эхлүүлэх ёстой. Үнэхээр Солонгосын эрдэмтэд манай эрдэс баялгаар дэлхийн гайхамшигтай бүтээгдэхүүн үйлдвэрлээд, ашгаа бидэнтэй хуваалцъя гэвэл дэмжих хэрэгтэй. Харин, Уучлаарай, бид лицензийг нь эзэмшдэг. Бүх менежмент, ашиг нь манайх, та нартай харьцахгүй гэвэл дараагийн асуудлыг ярих учиртай гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл болиулах л хэрэг гарна гэсэн үг л дээ. Гэвч асуудал өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй л байна.

Дашрамд өгүүлэхэд өнөөдрийг хүртэл мөрдөгдөж буй хуулийг 1997 онд Дэлхийн банкны зөвлөх гэх нэгэн эрхмээр хийлгэсэн гэдэг. Эх сурвалжууд хуульчийн ажил бус англи хэлтний орчуулга бүхий хууль гэлцэх юм билээ. /Иймэрхүү хуулийг ч ихийг үйлдвэрлэсэн дээ, манай УИХ/ хуульч бус орчуулгын хууль юм чинь Монгол Улсын Үндсэн болон бусад хуультай зөрчилдөх нь бараг л жамын асуудал. Нэгэнт өгчихсөн, дээр нь хууль нь ийм байхад тэдэнтэй бид юм яриад мад л тавиулна. Гарах гарц ёстой байхгүй. Харин Ашигт малтмалын хуулиа Үндсэн хуульдаа зохицуулан өөрчилж, хуульдаа бусдад шилжүүлэх, худалдаалах асуудлыг зогсоож, хувьцаа гаргах асуудлыг Монгол Улсын Засгийн газраас тусгай зөвшөөрөл тодорхой нөхцөлөөр олгох тухай хийсэн цагт бол өөр хэрэг. Тэгсэн тохиолдолд эргүүлэн авах эсэхээ хуулийн хүрээнд шийдэх боломжтой болно. Уг нь хуулийн цоорхой гэж хэлдэггүй юм гэсэн, мэргэжлийн хүмүүс… Гэхдээ л УИХ ноорхой цоорхой хуулийг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэсэн нь худлаа биш. Зүйрлэвээс хятадын бөөндсөн бараа мэт юм мөн ч олон цохиж явдаг юм билээ, УИХ-ын батлан гаргасан хуулиуд дунд. Хувцас хунар бол нөхөж цойлдоод ч болов хэрэглэж, ашиглаж болдог. Харин нэгэнт хагас дутуу судлагдаад батлагдсан хуулийг яах ч аргагүй. Нөгөөтэйгүүр хууль зөрчсөн гэрээ байгуулаад, лиценз олгосон атал ямар ч хариуцлага хүлээхгүй байх нөхцөл байдлыг ард түмэн аваргуудад өгчихсөн. Өнөөдүүл нь хээв нэг хууль бус үйлдэл хийж, хэдэн халтар төгрөг халааслахаа урьтал болгоно.

Эргэн сануулахад Япон, Хятадын үл ойлголцлын дараа Японы тал Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг тус улсад айлчлах үеэр энэ салбарт хамтрах асуудлыг тавьсан гэдэг. Мөн Германы тал газрын ховор элементийг хамтран ашиглах, ялангуяа судалгаа, геологи хайгуулийн түвшинд хамтран ажиллах саналаа хэлсэн ч гэж дуулдсан. Угаасаа ховор металлыг ашигладаг гол гол аж үйлдвэрүүдийг хөгжүүлсэн орнуудыг Япон, Герман, АНУ давамгайлдаг. Ихэнх зах зээлийг эдгээр орон эзэлдэг гэсэн уг л дээ. Тэр ч утгаараа технологийг нь эзэмшсэн, аж үйлдвэрээ хөгжүүлсэн орнууд бидэнтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа, одоо. Түүнчлэн Германы Засгийн газраас эрчим хүчний бус эрдэс баялгийг хөгжүүлэх стратегиа гаргасан. Уг стратегийн дагуу ховор металл байдаг орнуудтай түншлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэрүүдийг тухайн орнуудад байгуулах, технологи, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжуулах зэрэг бодлого гаргасан. Энэ нь бидний хувьд чухам л алтан боломж.

Хүссэн юм хүзүүгээр татлаа гэсэн үг. Гэвч орд газрууд маань бусдын гарт орчихоод байдаг. Эзэн нь байж, эрдэнээ ашиглах, эрхгүй л сууж байна, бид. Мөн ч харамсалтай хэрэг шүү. Хуулийг өөрчилж, дураараа загнасан нэг ч албан тушаалтан өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага хүлээхгүй байсаар атал хэвийн үзэгдэл мэт, хэн ч үл тооно. Энэ бол Төрт ёс биш, сүйрэл гэж Ч.Хурц гуайн хэлсэнтэй санал нэг байна, би. Үнэндээ ч Лугийн голын ховор шорооны элементийн орд солонгосуудын гарт очсон шиг тэр үед Монголын янз бүрийн нэртэй компани үүсэн гарч, Монгол Улсын геологийн санд байсан онц нууц материалыг өөрсдөөр нь судлуулж, өөрсдөөр нь лиценз бичүүлээд, өөрсдийнхөө халаасанд хийж аваад, өнөөдөр зараад сууж байгаа нь худлаа биш. Гэтэл ард түмэн дуугүй л хараад суугаад байдаг. Эцэг өвгөдөөс өвлүүлсэн газрын хэвлий дэх баялгууд маань харийнхны гарт очиж, хэтэрхий бага үнээр… Бусдад ард түмнийхээ баялгийг найр тавин өгсөн хурган болон хуцан дарга нар халаасаа түнтийлгэн, хар амиа хоохойлсоор л сууна. Монголчууд энэ бүхнийг мэдээгүй гэвэл худлаа, мэдэхийн тухайд мэдэхийн дээдээр мэддэг, дор бүрнээ бухимдан хэлэлцдэг. Гэхдээ хөдөлдөггүй. Эс бөгөөс яг юу болоод байгааг бүрэн дүүрэн ойлгодоггүй ч байж болох юм. Хатуухан хэлэхэд ард түмний идэвх муу байна гэж дүгнэж болох. Нөгөөтэйгүүр ард түмэн идэвхгүй байна гэдэг нь тэднийг идэвхгүй байлгах хэмжээнд сөрөг хүчин ажиллаж байна гэсэн үг. Хээл хахууль өгч байна, ард түмний ядуу амьдрал дээр өөрийнх нь юмыг өөрт нь амсуулах замаар тоглож байна. Гэвч хэл ам хийхгүй.

Хэцүү ч юмаа даа гэсэн маягтай ажиглагчийн зүгээс асуудалд хандсаар л байгаа нь үнэн.

Гэхдээ юманд хязгаар гэж бий. Бас тэвчээрт ч гэсэн… Тэвчээр тасарна. Ихээ удаан татагдаж чивчирсэн тэвчээр тасрахдаа их л хоржин байдгийг хаа хаанаа санаж явахад илүүдэх юун. Эгэл түмнээ дорд үзэн, луйварддаг, эх оронч бус энэ муухай үйл ажиллагааг зогсоох цаг нь одоо болчихлоо. Ямар аргаар гэж шүү? Ямар аргаар гэдэг нь ард түмний өөрсдийнх нь хэрэг. Бүгдээрээ гудамжинд олон түмнээрээ жагсаад Болохгүй байна гэх юм уу, эсвэл ордныг тойрон тайван жагсах уу гэдэг нь дурын хэрэг. Монгол Улсын болон Монгол түмний ашиг сонирхлыг хохироож, Үндсэн хуулийн 70 дугаар заалтыг зөрччихөөд байхад дуугүй суух эрх Монгол хүн танд байхгүй. Олуулаа нийлж, үзэл боддоо нэгтгэн, өөрийн ба улс орныхоо төлөө гэсэн сэтгэлээр ажиллавал ур дүн заавал гарна.

УИХ дахь төрийн түшээд намынхаа нөхрийн төлөө нэгдсэн чуулганы хуралдааныг зогсоож чадаж байхад, тэднийг өмгөөлөн Сүхийн талбай дээр 500 хүн цуглаж болоод байхад Монгол эх орон, эгэл түмэн, товчхондоо эх орныхоо төлөө мянга мянган монголчууд нэгдэж яагаад чадахгүй гэж… Болохгүй юм гэж байхгүй, болгоё гэсэн сэтгэл л дутаад байна, Монголд.

З.Урансүх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button