С.Ганбаатарын ганцаардал

Түүнтэй цуг УИХ-ын гучаад гишүүн байгаа ч одоогоор тэд төдийлөн дуугарахгүй байна. УИХ-аар Засгийн газрын 2012-2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байхад С.Ганбаатарын хэлээд байгаа Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудлыг гишүүд нэлээд хурц шүүмжилсэн. Эцэст нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцүүлэг явуулна, энэ асуудлыг бодож үзэх нь зөв гэх маягийн юм яриад асуудлыг бөөрөнхийлөөд өнгөрсөн. Гэвч өнөөдөр Оюутолгойн гэрээг өөрчлөх нь байтугай яригдсан зүйлгүй байна. Тус гэрээ монголчуудад ашиггүй байна гэснийхээ төлөө УИХ-ын гишүүн С.Ганбаатар гадныханд үйлчилсэн болж хувирах нь тэр.

Уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаа С.Ганбаатарыг далдаас нэг юм удирдаад байна гэж хэлсний зэрэгцээ Уул уурхайн мэдлэгээр намайг барахгүй хэмээж, хэвлэлээр гүтгэлгийн чанартай материалуудыг гаргуулсан гэх. Ингэхэд хэн нь хэний төлөө ажиллаад байгаа нь олны нүдэнд ил байгаа юм биш үү. Уул уурхайн ассоциаци гэдэг нь өөртөө уул уурхайн компаниудыг нэгтгэсэн, тэдний төлөө үйлчилдэг байгууллага. Тэгэхээр Оюутолгой төслийг хэрэгжүүлж байгаа Рио Тинто ч мөн тус ассоциацид харьяалагддаг гэсэн үг. Тэгвэл Уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алагаа хэний төлөө дуугарсан болж байна вэ.

Оюутолгойн хөрсөн дор ойролцоогоор 32 сая тонн зэс, 1000 гаруй тонн алт бий гэж үздэг. Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто групп нь дэлхийн хэмжээнд уул уурхайн хамгийн том хоёр компанийн нэг.

Энэ компани нь 19 дүгээр зууны хоёр дахь хагасаас хойш үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд дэлхийн зургаан тивд уул уурхайгаар дагнан ажилладаг гэж байгаа. Рио Тинто дэлхийд нэртэй баян, том компани л юм байгаа биз. Яг нарийндаа тулбал баялгийн эзэд бол бид. Тэд бидний ав гэснийг авч монголчуудын шаардлагыг хүлээж авах ёстой. Монголчуудын өмнөөс дуугарч байгаа С.Ганбаатар бол ард түмний төлөөлөл.

Зарим улстөрч Анх 2008 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж байхад хөрөнгө оруулалтын зардал нь 2.7 тэрбум болж байсан. Гэтэл монголчууд өөрсдийн баялгаа гадаадынханд ашиглуулж байж 800 сая төгрөгийн өртэй болж байгаа. Тэгэхээр 30 жилийн дараа зургаан тэрбум ам.долларын өр болж хувирна хэмээн хэлж байгаа. Гэтэл монголчууд өөрсдийн өмчөөсөө таван жилийн дотор ашиг хүртэх боломжтой гэж ярьж байгаа. Гэтэл яагаад Оюутолгойн гэрээг сайжруулах тал дээр дуугарах хүн нь өдрөөс өдөрт цөөрөөд байна вэ. Өнгөрсөн жил Оюутолгойн гэрээг өөрчилье хэмээн орилж байсан гишүүд энэ жил Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж нэг яам толгойлоод суучихаараа амаа үдүүлчихсэн байгааг олон нийт харж байгаа. Монголчууд тэдэнд итгэж байсан. Тэгвэл монголчуудын итгэл тийм хямдхан гэж үү.

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар яригдаж эхэлмэгц Оюутолгойнхон монголчуудыг доромжилж эхлэв. Тэд хотын гудамжаар дүүрэн сүү, талх, шагайны зурагтай Оюутолгой төслөөс монголчуудын хүртэх нийт ашиг 71, хөрөнгө оруулагчдын ашиг 29 хувь хэмээх рекламны самбарууд өлгөв. Энэ юу гэсэн үг вэ. Монголчууд уух сүү, идэх талх, тоглох шагайгүйдээ Оюутолгой төслийг хэрэгжүүлж, гадны хөрөнгө оруулагчдыг авчирсан хэрэг үү. Энэ рекламаар монголчуудын тархийг угаах гэсэн биш монголчуудын нүдийг нээж өгөв. Монголчууд өөрсдийг нь доромжилсон этгээдүүдтэй хариуцлага тооцохыг хүсэж байна. Харин үүний төлөө УИХ-ын гишүүн С.Ганбаатар явж байгаа юм.

С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудсан. Гэвч тэр нь Та эхлээд гэрээтэйгээ сайн танилц хэмээн доромжилчихоод 10 гаруй хоногийн туршид нам жим болов. Угтаа тэр халз мэтгэлцээнийг хойшлуулах биш түмний нүдэн дээр мэтгэлцэх хэрэгтэй. Түүгээр ч үл барам тухайн үед Хөрөнгө оруулалтын гэрээг хамт хийж, гарын үсэг зурсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт нарыг ч оролцуулах ёстой. Түүгээр ч зогсохгүй С.Баярцогт гэрээний урьдчилгаа болгон авсан 100 сая ам.долларыг хэрхэн зарцуулснаа ч тайлбарлах үүрэгтэй.

Монголчуудын дуу хоолой болсныхоо хариуд элдвээр хэлүүлж буй С.Ганбаатар ирэх арваннэгдүгээр сарын долоонд УИХ-ын дэд дарга С.Баярцогттой халз мэтгэлцээнээ хийж магадгүй сурагтай. Учир нь С.Баярцогт гадаад руу томилолтоор явахын өмнө УИХ-д хандан арваннэгдүгээр сарын эхээр мэтгэлцээн хийх бололцоотой гэсэн байна. Харин С.Ганбаатар уг мэтгэлцээнд олон нийтийн төлөөллөөс оролцуулах, тэр дундаа хэвлэл мэдээллийнхэн мэтгэлцээнийг нээлттэйгээр шууд нэвтрүүлж, нийтэд хүргэх бололцоог УИХ хангах ёстой гэсэн байр суурь баримталж байгаа гэнэ. Ингэх нь ч зөв.

Өнөөдөр жинхэнээсээ гадаадын компанийн гар хөл болж яваа хүмүүс С.Ганбаатарыг ганцаардсан гэж үзэж байгаа байх. Тэгвэл үгүй юм аа. Түүний ард африкчууд биш нүд нь нээгдсэн оюунт Монголчууд бий.

Н.Будсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button