Иргэдэд очих нүүрсний үнийг хоёр дахин буулгана

Нэг портер машины тэвшинд 1,2 тн нүүрс ачдаг. Гэтэл Багануурын уурхайн аманд жижиг хэрэглэгч буюу иргэдэд очих нэг тн нүүрс ердөө 27 500 төгрөг байгаа. Нийслэл хотоос 100-гаадхан км-ийн цаана байгаа ийм хямд нүүрс улаанбаатарчуудын зууханд долоо дахин нэмэгдсэн үнээр очиж байгаа нь иргэдэд давашгүй хүнд дарамт болж байгаа.

Нүүрсний үнийг ялангуяа, иргэдэд очиж байгаа жижиглэнгийн үнийг хоёр дахин хямдруулах зорилготой Багануурын уурхайд ажиллаж байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Багануур ХК-ийнхантай энэ сарын 23-нд уулзах үеэрээ онцолж, ийм их баялагтайн дээр уурхайн аманд хямд нүүрс байсаар байхад иргэд өндөр үнэтэй нүүрс худалдан авч түлж байгаа нь зохион байгуулалт, хүмүүсийн төлөө гэсэн сэтгэл дутсаных гэсэн юм. Хэрэглэгчдэд очих нүүрсний үнийг хямдруулах боломж хайж, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Гансүх Эрчим хүчний яам, Багануурын уурхайхантай хамтран сарын турш ажиллаж байгаа.

Багануурын уурхай жилд 3,5 сая тн нүүрс олборлож, дулааны цахилгаан станцуудад нийлүүлдэг. Энэ нүүрсний дөнгөж 10 хувь буюу 300 мянган тн нүүрс нийслэлийн иргэдийн өвлийн хэрэгцээнд шаардлагатай байдаг. Энэ нь уурхайн нийт олборлолттой харьцуулахад өчүүхэн бага хувь. Тиймээс Багануурын уурхайд иргэдэд зориулж нүүрс олборлох тусгай мөргөцөг гаргахыг Ерөнхий сайд үүрэг болгосон бөгөөд энэ хэсэгтэй Багануурт ажиллах үеэрээ танилцжээ.

Багануурын уурхай өдөрт 172 вагон нүүрс Улаанбаатар хот руу ачуулдаг бөгөөд энэ цувааны 26-д нь иргэдийн нүүрсийг тээвэрлэхээр болж байна. Вагоноос буусан нүүрсийг шуудайлж, амыг нь оёж, портерт ачих ажлыг Толгойт, Амгалан өртөөн дээр хувийн компани хийнэ. Харин иргэдэд хүргэх ажлыг нийслэлийн удирдлагууд хариуцна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлжээ.

Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ хямд нүүрс хүргэхэд анхаарч нийслэлийн зах дээр 250 мянган төгрөг байгаа портер нүүрсний үнийг 100 мянган төгрөг болгоно. Иргэд хямд нүүрсээ 14 хоногийн дараанаас авч эхэлнэ гэдгийг уурхайд ажиллахдаа Ерөнхий сайд мэдэгдлээ. Гэхдээ гологдол ихтэй, нунтаг нүүрс очихгүй, шигшсэн дунд болон том ширхэгтэй нүүрс байх болно, энэ арга хэмжээг ч хэрхэн зохион байгуулахаа төлөвлөснөө хэлсэн байна. Нүүрсээ шуудайлахдаа 40 кг-аар савлах бөгөөд ийм нэг шуудай нүүрсний үнэ хороодод очихдоо 3200 төгрөг байна. 40 кг-аар савласан 25 шуудай нь нэг тн болно. Ингэж тооцвол нэг тн нүүрсний үнэ 80 мянган төгрөг болж байгаа юм гэж Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Гансүх танилцуулав. Ингэснээр иргэдэд очиж байгаа нүүрсний үнэ 2,8 дахин хямдрах аж.

Нийслэлийн нэг өрх өдөрт дунджаар 14 кг нүүрс хэрэглэдэг. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 126 мянган өрх өдөрт 1764 тн нүүрс түлнэ. Багануурын уурхай иргэдийн хэрэгцээний энэ нүүрсийг өдөрт 26 вагонд ачуулна. Сард 52 мянга, нүүрсний хэрэгцээтэй зургаан сард тус уурхай иргэдэд зориулж, 338 мянган тн нүүрс бэлтгэх бөгөөд иргэд энэ хугацаанд түлшээр тасрахгүйн дээр хямд нүүрс түлэх боломжтой болж байна. Энэ жил түүхий нүүрсийг иргэддээ хямд үнээр хүргэхэд онцгой анхаарч, ирэх жилээс утаа багасгахад үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгджээ.

Багануурын уурхайн орд газарт олгогдсон хувийн компанийн лицензийг хүчингүй болгожээ

Багануурын уурхайн орд газарт хууль бусаар хувийн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Багануур ХК-ийнхан газраа чөлөөлж авахаар олон удаагийн хүсэлт гаргасан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ сарын 23-нд тус уурхайд ажиллах үеэрээ энэ асуудлыг нэг тийш нь болгож цэгцэллээ.

Улсын төсвийн мөнгөөр хайгуул хийсэн, Төрийн өмчийн компанийн газрыг тойруулаад хувийн компанид лиценз олгосон шийдвэрийг хүчингүй болгосон байна. Шинэчлэлийн Засгийн газар төрийн өмчийн уул уурхайн газар руу ингэж хууль бусаар халддаг байдлыг зогсоох, шударга бус явдалтай тэмцэнэ гэсэн зорилтынхоо эхний алхмыг Багануураас эхлүүлж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг баримтлаагүйн дээр журам зөрчиж, улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон Геологи уул уурхайн кадастрын албаны (хуучин нэрээр) даргын 2006, 2007 оны 1071 болон 2375 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгосугай гэсэн Ашигт малтмалын газрын даргын тушаалыг энэ үеэр уншиж танилцуулжээ.

Д.Түвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button