Жам ёсыг сөрж биш дагаж хөгжье

байдаг. Эдгээр нь нийгмийн баялагийг тарамдуулан байж тухайн салбарт харьцангуй их үнээр харьцангуй бага ахиц дэвшилд хүргэх хоорондын уялдаа холбоо сул, хэрэгжилт муутай баримт бичгүүд юм. Үүний гол шалтгаан нь хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг нэгтгэн зангидаж байх ёстой, хэн ч, хэзээ ч хүлээн зөвшөөрхүйц хөгжлийн тулгуур үзэл санаагаа бид одоо хэр оновчтой олж тодорхойлоогүйд байгаа болов уу. Энэ тухай хэдэн санааг товч өгүүлье.

1992 оны Үндсэн хуулийн хүрээнд амьдарсан сүүлийн хорин жилд манай нийгэм, эд засаг хэд хэдэн макро чиг хандлагаар хувьсан өөрчлөгдөж ирсэн. Эдийн засагт уул уурхайн олборлох ба боловсруулах салбар голлох үүрэг гүйцэтгэх болж харин уламжлалт хөдөө аж ахуйн салбар улам бүр хавсарга шинжтэй болж байна. Үүний хажуугаар хүн ам аяндаа шилжин суурьшиж хотууд, нийслэлдээ хүн амын тал нь бөөгнөрөн амьдрах болов. Бид цаашид хүссэн ч, хүсээгүй ч хотжилт ба уул уурхайн давамгайлал гэдэг энэ хоёр үндсэн хандлагад захирагдан амьдрах болж байна.

Хөгжлийн ямар ч хөтөлбөр тухайн нийгэмд жам ёсоор, аяндаа болж буй үйл явцтай харшилдахгүй байвал хэрэгжих бодит боломж өндөр байдаг. Байгалийн жам ёсны тухай Францын суут ухаантан Пьер Ферма Байгаль дандаа хамгийн дөт замаар замнадаг гэж хэлсэн байдаг. Үүнийг физикт Фермагийн зарчим, хамгийн бага үйлчлэлийн зарчим ч гэдэг. Энэ зарчим ёсоор байгалийн ямар нэг бие даасан системд ямар нэг үзэгдэл аяндаа явагдаж буй бол тэр нь хамгийн бага энерги, зам, хугацаа зарцуулах хамгийн хэмнэлттэй замыг туулна гэсэн үг юм. Жишээ нь гаригууд нарыг тойрон дурын орбитоор эргээд байдаггүй, бүгд нэг хавтгай дээр оршин эргэдэг, гэрэл нэгэн төрөл биш орчинд тарахдаа муруй замыг сонгодог гэх мэт. Энэхүү хамгийн хэмнэлттэй замын зарчмыг хэрэгжүүлэх арга замыг ч байгаль бас зохицуулж зааж өгсөн байдаг. Үүнийг оршин байх, хувьсан өөрчлөгдөхийн төвт зарчим гэж ойлгож болно. Гаригууд нарыг тойрон эргэдэг бол однууд галагтикийн төвийг тойрон хөдөлцгөөнө гэх мэт.

Хүний нийгэм байгалийн бас нэг бүтээгдэхүүн мөний хувьд тухайн нийгмийн хуулийн хүрээнд аяндаа явагдаж буй үйл явцууд мөн л хамгийн хэмнэлттэй, төвтэй байх жамаар явж биелэлээ олдог. Жишээ нь бид уул уурхайн салбараа түшиж хөгжих замд хар аяндаа хөтлөгдөн орсон. Учир нь энэ салбар хөгжихөд шаардлагатай хууль эрх зүйн орчинг бид өөрсдөө бий болгосноос гадна байгалийн баялаг нь бидэнд заяасан учраас хөгжлийн энэхүү хамгийн амар хялбар арга зам тэргүүлэн хэрэгжиж эхэлсэн хэрэг. Одоогийн хууль эрх зүйн орчинд хөдөөгийн хүмүүсийн хувьд амьдралын чанараа дээшлүүлэх, хувь хүний хувьд амжилтанд хүрэх хамгийн хэмнэлттэй дөт зам нь хот уруу нүүх замтай давхцаж буй тул хот уруу их нүүдэл үргэлжилсээр байна. Тэгэхээр хүн амын төвлөрлийг сааруулах, зогсоох төрийн бодлого нь жам ёсны үйл явцыг сөрж буйн хувьд асар их хөрөнгө, хүчин чармайлт гаргаад ч зорилгодоо хүрэх боломжгүй бодлого юм. Иймээс их нүүдлийг зогсоох гэж оролдох биш, харин түүнийг зохистой болгон удирдан чиглүүлэх нь илүү үр дүнтэй юм. Нийслэлийн даацыг хэтрүүлэхгүйн тулд Эрдэнэт, Дархан, Чойбалсан гэх мэт нэрлэсэн хөгжлийн төвүүдээ нийслэлтэй зэрэгцүүлэн хөгжүүлж хүн ам эдгээрт төвлөрөх үйл явцыг хорих биш дэмжих хэрэгтэй байна.

Аливаа улс орон түлхүү хөгжсөн ба сул хөгжсөн бүс нутгуудтай байдаг. Түлхүү хөгжсөн бүс нутгууд буюу хөгжлийн төвүүд нь хүрээгээ тэлэн томрох замаар улс бүхэлдээ хөгждөг жамтай. Иймээс улс орныг бүх нутаг даяар нь жигд хөгжүүлэх бодлого бол жам ёсны эсрэг балмад бодлого юм. Хүн ам ч орон нутгаар жигд тархан суурьших албагүй. Жишээ нь АНУ-ын газар нутгийн 17 хувийг эзэлдэг хамгийн том муж улс Аляскад ердөө 720 мянган хүн амьдран суудаг нь АНУ-ын хүн амын дөнгөж 0,23 хувь юм.

Хотуудыг түлхүү дэмжээд байвал хөдөө нутаг эзгүйрнэ гэдэг нийтийг хамарсан гэнэн болгоомжлол бий. Систем дэх ямар нэг урсгал хөдөлгөөн уг системд тэнцвэр тогтох хүртэл үргэлжилдэг хуультай тул эдийн засгийн үүднээс авч үзвэл хөдөөний малчин өрхийн дундаж орлого хотын нэг өрхийн дундаж орлогоос тодорхой хэмжээгээр, жишээ нь 1,5-2 дахин их төвшинд ирэхэд их нүүдэл аяндаа татарч зогсох нь тодорхой. Манай улс 160 мянган малчин өрх, 50 сая малтай буюу нэг малчин өрхөд 300 орчим толгой мал ноогддог. Мянгат малчин болчихвол хэний ч гар харахгүй сайхан амьдарч чадна гэж захын малчин хэлнэ буй заа. Иймээс бэлчээрийн даац 60 сая малаар хязгаарлагдана гэж үзээд малчны эдийн засгийн ба сэтгэл ханамжийн баталгааг нэг өрхөд 1000 толгой мал гэж тооцвол хөдөөд 60 мянга орчим малчин өрх үлдэх хүртэл их нүүдэл үргэлжлэх төлөв харагдаж байна. Ингэж эдийн засгийн аяндаа цэгцрэх бүтэц өөрөө хаана хэдэн хүн амьдрахыг зохицуулах тул бид хотуудад дахиад дор хаяж 100 мянга гаруй өрх нэмж ирэхийг одооноос тооцон бэлтгэлээ хангах хэрэгтэй юм.

Хүн амын хотжилт, төвлөрөлт нь олон сайн талтай. Төвлөрөл ихсэх тусам хүмүүсийг дэд бүтэц, ажлын байраар хангах зардал, тэдний амьдралын таатай орчныг бий болгох зардал багасдаг. Гэтэл одоо малчдад төр ба нийгмийн үйлчилгээг хүргэх нэрээр засаг захиргааны, нийгмийн үйлчилгээний маш олон жижиг нэгж орон даяар сул зогсож байгаа нь төрийн нуруун дээр хүнд дарамт болж байна. Одоо байгаа 300 гаруй сумын хоорондох дундаж зай 70 км байгаа бол сумын тоог 2 дахин цөөлж 150 болгоход хоорондох зайн дундаж 100 км болж хүлцэх хэмжээндээ л оршино. Ингэхэд харин төсвийн ашиггүй урсгал зардал хөнгөрч малчдад хүргэх төр, нийгмийн үйлчилгээний чанарыг ч сайжруулж болох билээ. Онцгой анхаарах бүс нутаг бол говийн аймгууд. Говь бол Америкт ч, Африкт ч эзгүй л байдаг газар. Говь бол амьдралд харш, амьдралыг эсэргүүцэгч орчин тул говьд цөөн нэр төрлийн хуягласан амьтан, ургамал амьд байхын төлөө тэмцэж оршдог. Иймд говийг хөгжүүлнэ, говьд хүнийг байнга тав тухтай амьдруулна гэдэг бол өртөг зардал ихтэй эрдэм шинжилгээний туршилт хийж байгаатай адил зүйл. Гэхдээ говь бол бидний баялагын уурхай учир хэрэгтэй газар нь хэрэгтэй цагт хэдэн хүн түр очиж ажиллаад өөрсөддөө, улс орондоо орлого бий болгох ажлын байр гэж харах нь зүйтэй юм.

Хотуудад төвлөрөн амьдрахын бас нэг сайн тал бол нийгэм дэх үндэстэн ястны, шашин шүтлэгийн, орон нутгийн гэх мэт аливаа олонхи-цөөнхийн зөрчлүүдийг зөөлрүүлж эвлэрлийн уур амьсгалд оруулан хамтын амьдралын соёлыг бий болгодог явдал юм. Нийгэм дэх цөөнхийг төлөөлж буй хувь хүмүүсийн ажил амьдралдаа амжилт гаргах, салбартаа тэргүүлэх тэмүүлэл олонхийн дундаж тэмүүллээс ямагт өндөр байдаг. Энэхүү цөөнхийн синдром нь цөөнхийн гарт төрийн ба эдийн засгийн эрх мэдэл аажимдаа төвлөрөх хандлага бий болгодог. Олонхи амарлингуйлах цагаар цөөнхөд төрийн эрх шилжсэнээс үүдэх гашуун үр дагаврыг Арабын хувьсгалууд, одоо Сирид болж буй үйл явдал харуулж байна. Сирид болж буй иргэний дайныг ардчиллын төлөө Башар аль Асадын дэглэмийг түлхэн унагаах тэмцэл гэж нэрлэж буй хэдий ч мөн чанартаа энэ нь шашны олонхи нь цөөнхөөсөө төрийн эрх мэдлээ буцааж авах гэсэн тэмцэл гэдэг нь тодорхой байгаа. Манай нийгэмд ч цөөнхийн синдромын санаа зовоох зарим шинж тэмдгүүд илэрч байгааг үгүйсгэх аргагүй.

2008 ба 2012 оны УИХ-ын хоёр сонгуулийн хооронд УИХ-ын дарга, Улсын ерөнхийлөгч, ерөнхий прокурор, хууль зүйн сайд гээд төрийн гол түлхүүр албан тушаалд баруун аймгуудын үндэсний цөөнхийн төлөөлөл байв. Үүний үр дүнд алслагдсан бүс нутгийн цалингийн нэмэгдэл, баруун бүсийн усан цахилгаан станцууд, баруун бүсийн авто замын босоо тэнхлэг гээд томоохон төслүүд хөрөнгийн эх үүсвэртэй болсон байх. Баруун бүсийг төвтэй холбосон хэвтээ тэнхлэгийн авто зам баригдаж дуусаагүй байхад баруун бүсийг Орос, Хятадтай холбосон босоо тэнхлэг нь бэлэн болж байх шиг байна. Уг нь төр, засаг үнэхээр нийтийн эрх ашгийг хамгаалдагсан бол нийтэд хамгийн ашигтай, хамгийн их ачаа ба зорчигч тээдэг замаа түрүүлж тавих ёстой билээ. Гэтэл жишээ нь Замын Үүд -Улаанбаатарын авто зам хэзээ дуусах нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Тэгэхээр бид жамыг дагаж хөгжих үү, сөрж зүтгэх үү гэдгээ нэг мөр даруйхан шийдэх хэрэгтэй байна.

Р. Галбадрах,

МУИС-ийн ФЭС-ийн багш, профессор.

2012.10.10

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button