Хуулиас дээгүүр эрх мэдэлтнүүд байгаль орчинг сүйтгэж байна

Газар бол улсын үндэс гэсэн их хааны сургаалаар үр хойчоо хүмүүжүүлдэг хэрнээ урссаар, ундарсаар, хүн ардыг ундаалсаар байгаа гол мөрнийг минь Буянт, Цагаан гэдэг гол огт байхгүй хэмээн тунхаглаж суудаг нүгэлтнүүд юу хожоо бол. Голын уснаас хэдэн үеэрээ ундаалан амьдарч ирсэн хөөрхий хөгшин л Хүүхдүүд минь ганц үлдсэн булгийг минь авч үлдээч хэмээн нулимсаа урсгаж сууна гэнэ. Ийн бухимдах болсны шалтгаан УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос гарсан Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой байгуулагдсан ажлын хэсгийнхний дуулгасан харамсалтай мэдээллээс үүдэлтэй.

Тодруулбал Салбарын яам, агентлаг, МХГ-ынхнаас бүрдсэн ажлын хэсгийнхэн орон нутагт хийсэн хяналт, шалгалтаа Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгаас эхэлсэн байна. Эдгээр гурван аймгийн иргэдээс хамгийн их гомдол санал ирдэг аж. Шалгалтын үеэр Өвөрхангай аймгийн Уянга суманд орших Буянт, Цагаан хэмээх хоёр голын эхэд ашигт малтмал олборлож байсан зөрчил илэрсэн байна. Урт нэртэй хуульд Гол, мөрний ай сав газарт ашигт малтмал олборлохыг хориглоно гэсэн заалттай аж. Гэтэл тус газар үйл ажиллагаа явуулж буй компани усны хэрэг эрхлэх газрын албан тушаалтан Мөнхбаатар гэгч хүний гарын үсэгтэй Буянт, Цагаан гэдэг гол байхгүй гэсэн тодорхойлолт гаргуулсан байна. Ингэснээр тус байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгчээ.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы хэлж буйгаар дээрх албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Мөн шалгалтын үеэр уул уурхайн нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авч олборлолт хийж байсан зөрчил хэд хэд илэрсэн байна. Энэ зөвшөөрлийг орон нутгийн эрх мэдэлтнүүд болох ИТХ-ын тэргүүлэгчид хурлаараа хэлэлцэж олгодог байна. Тиймээс хуулиас дээгүүр эрх мэдэлтэй ИТХ-ын тэргүүлэгчдэд ч арга хэмжээ авна гэж байв. Баянхонгор аймагт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бус олборлолт хийж байсан таван компанийн үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг нь битүүмжилсэн байна. Ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Газар дээр нь очиж үзэхэд үнэхээр харамсалтай байсан. Гуравхан аймагт шалгалт хийхэд ийм зөрчил илэрч байгаа нь манайхан байгаль орчноо ямар хэмжээнд бохирдуулж, сүйтгэж байгааг харуулж байна. Хууль зөрчсөн хүмүүсийг АТГ, хууль хяналтын байгууллагад өгч эрүү үүсгэж, арга хэмжээ авах хэрэгтэй. Хууль хэрэгжүүлэх ёстой албан тушаалтнууд ажлаа хийхгүй байгаагаас улс орон хохирч байна. Энэ нь урт нэртэй хуулийн хэрэгжилтийн биелэлтийг газар дээр нь шалгасан энэ удаагийн ажлаас харагдаж байна. Тиймээс уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад нэг бүрчлэн шалгалт явуулах шаардлагатай байна гэсэн юм.

Ажлын хэсгийн хуралдаанаас орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компанийн тоог харгалзан хууль ёсны байцаагч ажиллуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Одоогоор аймаг бүрт нэг байцаагч ажилладаг юм байна. Мөн уул уурхайн үнэлгээ гаргадаг тодорхой алба байгуулах хэрэгтэй гэдгийг ч ажлын хэсгийнхэн хэлж байв.

Ч.Батмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button