Ноён уулаас алт олборлох зөвшөөрөл өгсөн гэв үү

-Аа мэдэхгүй, уурхай байгуулах юм гэв үү дээ.

-Бороо гоулд-ын кэмп байдаг биз дээ, угаасаа…

Хоёр танилын минь хооронд ийм яриа өрнөлөө. Ноён уул гэж уурхай байгуулж ухаж төнхөх биш, хамгаалж хайрлах учиртай өвөг дээдсийн минь булш бунхан байдаг онголж дархлах учиртай хайрхан гэдэг биш бил үү хэмээн гайхсандаа танилуудынхаа яриаг хөгжөөх гэсэн боловч хотын суурьшмал тэд төрж өссөн Түнхэлдээ мөддөө очоогүй, тэндхийн амьдралыг тойм төдий мэдэхээс цаашгүй болсон хэмээснээр энэ яриа дууссан.

Харин сүүлд нь энэ газрын тухай лавшруулан судлахаар нутгийн хүмүүс, түүхчидтэй уулзаж, бас чамгүй олон зүйл уншсаных бага биш мэдээлэлтэй болсон юм. Хамгийн хачирхалтай нь Ноён ууланд байгаа булш бунхныг элтэлж холтлохгүйгээр алтыг нь авч болно гэсэн ойлгоход бэрх зөвшөөрөл орон нутагт ирсэн тухай яриа хөөрөө Зүүнхараад явдаг юм байна.

Чухам хэн гэгч эрх мэдэлтэн, их мэдэгч хэдийд бас хэнд өгснийг мэдэхгүй ч яах аргагүй тийм бичиг ирсэн гэсэн шүү хэмээн Мандал сум, Сэлэнгэ аймгийн түшмэдүүд хэлэх юм билээ. Бороо гоулд зөвшөөрөл авахаар хандсан албан бичиг байгаа энэ тэр гэсэн уг яриа Археологийн хүрээлэнтэй холбогдсон ч үүнийг батлаад өгсөн, үнэн гээд хэлчих хүн олоход түвэгтэй нь өнөөх л бэл мөнгөтэй алтны эрэлчдийн хаялга бололтой.

Доктор Н.Эрдэнэ-Очир, соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Бавуу, түүхч С.Туяа нарын ярьснаар Ноён уул бидний өвөг дээдэс Хүннү гүрний үүх түүхийн гэрч хамгийн нандин дурсгал олдсон газар. Өөрөөр хэлбэл, МЭӨ III-МЭ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам нутагт хүннүчүүд нүүдэллэн амьдарч,төр улсаа цогцлоон байгуулж, мандан бадарч байсны бодит нотолгоо нь энэ уулнаас олдсон олдворууд болдог аж. Хэдийгээр түүхийн олон цаг үед хамаарах археологийн дурсгалууд Монгол орны нутаг дэвсгэрээс олон тоотойгоор олддог ч Ноён уулын олдворууд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны төрт улс Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт юм. Хүннүгийн дурсгалыг дотор нь булш бунхан, хот суурин, хадны зураг гэж ерөнхийлөн ангилдаг аж. Өвөг дээдсийн онгон шүтээнийг хэвлийдээ нуусан Ноён уул байршлаараа Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог бөгөөд Сүжигт, Журамт, Хужирт хэмээх гурван аманд Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон дурсгал оршдог. Ноён уул түүхийн хосгүй дурсгалаас гадна байгалийн асар их баялагтай газар. Одоогоор тогтоогдсон нөөцөөр эндээс 80 орчим тонн алт гарна хэмээн үздэг гэнэ. Тэгээд ч энэ уулнаас алт олборлож байсан түүх эртнийх бөгөөд мэдэгдэж буйгаар 1901 оноос Ноён ууланд Монголор нэртэй олон улсын нийгэмлэг алт ухаж эхэлсэн баримт байдаг гэнэ. Манжийн хааны зарлигаар Сэлэнгийн нутагт алт олборлох 25 жилийн хугацаатай зөвшөөрөл авч хаант Монгол Улстай 22 зүйл бүхий гэрээ байгуулан ирсэн Монголор-ыг Манжаас түшмэл Ли Хун Чан удирдаж, уурхайн бүхий л үйл ажиллагааг бельги гаралтай Фон Грот гэгч зохицуулдаг байсан гэдэг. Монголор-ын харьяанд нэг биш нэлээд хэдэн уурхай үйл ажиллагаа явуулж Ерөө, Хүдэр голын сав, Ноён уул орчимд арван мянган хятад, 6000 орос, буриад хүмүүс ажиллаж байсан тухай түүхийн баримт байдаг гэнэ. Энэ хүмүүс 1919 онд хүртэл ажиллахдаа ухам хэчнээн хэмжээний алт авч, хариуд нь юу үлдээснийг тооцоолсон баримт сэлт манайд байдаггүй гэх.

1911 онд Монголор-ын уурхайн техникч Баллод гэгч Ноён ууланд алтны судал хайж яваад Хүннүгийн язгууртны булшийг анх нээсэн гэнэ. Түүнээс улбаалан 1924 онд Оросын эрдэмтэн П.К.Козловын Монгол-Төвдийн экспедиц Ноён уулнаас Хүннүгийн үеийн зургаан булш олж улмаар тэр цагийн түүхэнд хамаарах язгууртны болон жирийн иргэдийн нийт 12 булш малтсан нь шинжлэх ухааны хувьд ч, түүх судлалын хувьд ч тод үсгээр бичигдэн үлдэх том гавьяа аж. Гэхдээ П.К.Козловын нээлтийн бүхий л мэдээллийг бүрэн тайлж чадаагүй. Малтлагын үед илэрсэн олдворууд нь хэсэгчлэн судлагдсан төдий. Бусад асар том мэдээллийн хэсэг хаягдсан байдгийг эрдэмтэд ярьж байсан. 1925 онд С.А.Теплоухов, Г.И.Боровка нарын судлаачид Ноён уулын орчимд П.К.Козловын экспедицийн малтлагыг үр­гэл­жлүүлсэн. Үүний дараа ч олон эрдэмтэн, археологич Ноён уулыг судалсан. Гэхдээ ирсэн бүхэн олзтой буцдаг байж. Дэлхийд алдартай Санкт-Петербургийн Эрмитажид гэхэд Ноён уулаас олдсон Хүннүгийн үеийн түүхэн чухал олдворууд бий. 1926-1927 онд Ноён уулын булшны судалгаа БНМАУ-ын Шинжлэх ухааны хорооны эрдэм шинжилгээний ажилтан А.Д.Симуковын удирдлагад үргэлжилж байсныг ч түүхэнд бичиж үлдээсэн байдаг.

А.Д.Симуков гэж Монголын ардчиллын эцэг С.Зориг, өдгөөгийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны өвөг. Тэрбээр Ноён уулаас.. Монголчууд бие даан судалсан нь 1950-иад оноос эхтэй гэнэ. 1954-1955 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Доржсүрэн Ноён ууланд хэд хэдэн хүннүгийн булш малтаж, мөн 1961-1964 онд Ц.Доржсүрэн, Д.Наваан нар Унгарын археологич И.Эрделийн хамт Ноён ууланд малтлага судалгааны ажлыг хийсэн байдаг. Үүнээс хойш Ноён ууланд дахин малтлага хийгээгүй юм билээ. Бараг хагас зуун жил завсарласны дараа 2005 оноос судалгааны ажлаа сэргээж оросуудтай хамтран малтлага хийж түүхийн хувьд чухал олон олдвор олжээ. Тэндээс эртний нүүдэлчдийн соёлын асар олон чухал баримт гарсан бөгөөд хамгийн гол ололт нь Хүннү гүрний төв нь өдгөөгийн Монгол Улс гэдгийн баталгаа болсон гэнэ. Дэлхийн түүхэнд хүн төрөлхтний үүсэл хөгжлийг тодорхойлдог хүннүчүүд Монголын өвөг дээдэс гэдгийг хүлээн зөвшөөрөх дургүй хүмүүс, улс гүрэн ч бий. Тухайлбал, урд хөршийнхөн Ордос нутгаас олдсон үмх чимх олдвор дээрээ тулгуурлан Хүннү бол Хятадынх гэсэн том дүгнэлтийг дэлхий нийтэд цацаж орхисон байдаг гэнэ. Оросууд ч Монголыг Хүннү гүрний төв цэг байлгах тийм ч сонирхолтой биш.

Их гүрнүүдийн дунд түүхээ ч тэдний таалалд нийцүүлэх гэж бүү зовог гэсэндээ ч тэр үү өвөг дээдэс минь Ноён ууланд нотолгоо орхисон бололтой. Гэхдээ бид тэдний үлдээснээс тун багахан хэсгийг л олсон. Үлдсэн нь орхисон газраа онгон дагшинаараа байгаа гэдэг. Харамсалтай нь өнөөгийн бид үүнд нь төдий л хүндэтгэлтэй хандаж чадахгүй байна. Ухъя, авъя гэсэн ганцхан санаагаар хандаад байна уу даа гэмээр үйлдлийг гаргах боллоо. Хүннүгийн дурсгалтай, Чингис хааны түүхтэй, Баатар вангийн тахилгатай Ноён уултай алтны эрэлчид айлсаж, авдар савыг нь ч онгичоод эхэлсэн. Энэ уул хэвлийдээ 80 тонн алттай юм гэнэ билээ. Хайгуулын судалгаагаар тогтоосон нөөц нь энэ. Ухаад ашиглаад эхлэхээр нөөц нэмэгддэг. Тэр утгаар нь тооцвол дор хаяж 100 тонн орчим алт эндээс олборлож болох аж. Авсан алт эргэж нөхөгдөхгүй. Алтыг нь авах гэж байна гэж хүчит техникээр зодсон уурхайнхны хөлд Ноён уул нүх болж үлдэнэ. Хамгийн гол нь Ноён уултай хамт Хүннүгийн хамгийн том баримт устаж үгүй болно. Хэдэн арван тонн алтыг нь авсан гадныханд энэ огтхон ч хайран биш. Өвөг дээдсийнхээ тухай үр хойчдоо юу ч үлдээж чадахгүй мөнгөөр амаа бас нүдээ таглуулсан өнөөгийн бид л өрөвдмөөр. Ноён уулыг тойроод энд тэндээс нь жижиг сажиг уурхай тэртээ тэргүй мөлжөөд эхэлсэн, нинжа нэртэй нийгэмд бүртгэлгүй алтны эрэлчид ч нүхлээд цоолоод байгаа бүгдийг нь бие чадлынхаа хэмжээгээр авч байгаа. Одоо тэдэн дээр орчин үеийн техник агссан том компани Бороо гоулд хүч нэмэн орвол Ноён уул газрын хөрснөөс арчигдаж таарна. Зам тавих гэж зулзаган байтугай нас гүйцсэн том модыг ч хайр найргүй унаган тавих замынхаа чигжээс болгож байсныг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулж буй Түнхэлийн хөгжил, Түнхэлийн өглөө ТББ, Хараа голыг хамгаалах иргэдийн бүлгүүдийг дэмжих сан, Монголын Байгаль хамгаалах бүлгүүдийг дэмжих холбооны Сэлэнгэ аймаг дахь зөвлөл зэрэг байгууллагынхан хангалттай их ярьж бичдэг ч мөнгө, эрх мэдлийн өмнө хүчгүйдэн тэгсхийгээд дуугүй болохоос аргагүй болдог аж. Түүх дурсгалын үнэт олдвор бүхий Ноён уулын газрын координатыг Археологийн хүрээлэнгээс 48 U 623901 5389343 гэж тодорхойлсон бөгөөд энэ нь Бороо гоулд компанийн ашиглалтын 198 A лицензтэй талбай. Нэгэнт лиценз аваад өөрийн болгосон газраа тэд ухахгүй хадгална гэж байхгүй. Тэгээд ч аль хэдийнэ хайгуул хийгээд зам харгуйгаа засаад бэлтгэчихсэн.

Үндсэн хуульд Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17-гийн 10-т хот суурин, барилга, байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад газар олгоход, түүх археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэж зөвшөөрөл авна гэсэн байдаг. Гэтэл яаж ч бодсон ягштал баримтлахаас аргагүй энэ заалтууд зөвхөн цаасан дээрээ хэрэгжиж байгааг Ноён уул батлах юм биш биз гэсэн хардлага олон хүнд бий. Бид ч тэр хардагсдын нэг. Тиймээс эрлийн учиг цааш үргэлжилнэ. Хаа хүрч зогсохыг мэдэхгүй ч алттай ууланд онголсон эцэг өвгөдийн ариун сүнсний төлөө энэ сэдэв цааш үргэлжилнэ.

Н.Сарангэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button