МАН зангарагаа гаргах цаг нь болсон

МАН улс төрийн тавцангаас арчигдлаа, Ялагдалтайгаа эвлэрч чадахгүй байна хэмээн элдэв янзаар хочилсон ч дорвитой хариу өгсөнгүй хэдэн сарын нүүр үзлээ. Ардчиллын энэ он жилүүдэд МАН дан эрх баригч хүчин бас байгаагүй юм. 1996-2000 онуудад УИХ-д хүчтэй сөрөг хүчний үүрэг хүлээн ажилласан. Үүний үр дүнд МАН нь 2000 оны УИХ-ын сонгуулиарүнэмлэхүй олонх болон гарч ирсэн.

Харин Монголын ард түмэн АН-ын мөн чанарыг таньж, ямархуу хүчин вэ гэдгийг нь дүгнэн, Fүнэлгээ өгсөн. АН тухайн үед авч байсан F үнэлгээгээ ахиулахаар Монголын улс төрд эргэн гарч ирлээ. Олон жил монголын төрийг түшилцэж явсан ууган хүчний хувьд төрийн ноён нуруу, ард түмнээ гэх сэтгэл, улс төрийн соёл, удирдагчийн ёс зүйн асуудал нь тус намд өндрөөр тавигддаг. Аргагүй дээ олон жил монголын төрийг барьж явсан намд ийм соёл тогтох нь гарцаагүй. Өдий олон жил монголын төрийг түшилцэж явахдаа улс төрийн хал үзэж, хашир суусан намын зангараг гэж үүнийг л хэлнээ.

Намын удирдлагуудын соёл, бусдынхаа үгийг даацтай сонсож чаддаг нам гэдгээ батлах гэсэн мэт төрийн хуульдаа найдаж, АН-ын удирдлагуудын явуулж буй үйл ажиллагаанд нэлээн хүлээцтэй хандсан. Энэ хүлээлтийг ардчиллын гэсэн тодотголтой хүмүүс МАН ялагдалтайгаа эвлэрч чадахгүй байна гэж өрөөсгөлөөр дүгнэж байна. Гэхдээ МАН-ыг басах хэрэггүй ээ. Ууган хүчний хувьд намаа өмөөрөх сэтгэлтэй, өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч шударга гишүүдтэй гэдгийг мартаж болохгүй. МАН өөрийгөө бодохоос илүү тэдэнд итгэл өгч сонгосон ард түмэн, гишүүдийнхээ эрх ашгийн төлөө аргагүй л хүч түрэн дуугарч эхэлж байна. Хүлээцтэй гэхэд энэнээс илүү яаж хүлээх вэ дээ. Одоо боллоо. Өнөөдөр улс төрийн хүрээнд үүсээд байгаа ээдрээтэй нөхцөл байдлыг МАН-ын гишүүд, тэдэнд саналаа өгсөн ард түмний төлөөлөл ч дүгнэх чадвартай. МАН нь өнөөдөр ард түмний тодорхой хэсгийг төрд төлөөлөн сууж байгаагийн хувьд тэднийхээ хүчтэй дуу хоолой нь ч болох ёстой.

Монголд төрийн залгамж чанар алдагдаж, эрх баригчид өөрсдийнхөө явцуу ашиг сонирхлын хүрээнд монголын төрөөр яаж ч тоглож магадгүй улс төрийн эвгүй уур амьсгал нэгэнт бүрдчихлээ. Эрх баригчид төрийг фракцуудынхаа тусламжтайгаар хуваан авах үйл ажиллагааг эрчимжүүлж, энэ дархлаагаа бэхжүүлэхийн тулд хүчний байгууллагуудыг татан оролцуулж байгаа явдал нь үнэхээр аймшигтай дүр зургийг бий болгож байна. Уул нь ардчилсан оронд хуулийн үйлчлэл нь тэргүүн зэрэгт тавигдаж, түүнд захирагдан амьдрах нь жам ёсны асуудал билээ. Даанч өөрсдийнхөө эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд дарангуйллын арга барилыг ашиглаж байна шүү дээ. Ийм нөхцөлд МАН ард түмнийг өмгөөлөн дуугарахгүй бол өөр ямар улс төрийн субъект энэ ажлыг хийж чадах вэ?

Монголын улс төрд 2000 оноос хойш АН өөрөө сөрөг хүчин байсан ч сөрөг хүчний үндсэн үүргийг ард түмэндээ ойлгуулж чадаагүй юм. Сөрөг хүчин маань ард түмнийхээ нэрийн өмнөөс эрх баригч хүчний үйл ажиллагаанд хяналт тавьж, ард иргэдээ эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.

Энэ үүднээс нь авч үзвэл Монголын ард түмний хувь заяаг хамгаалах үүрэг нь МАН-д оногдож байна. Улс төрийн энэ ээдрээтэй хүч түрэлтийн дунд өнөөдөр МАН-д 100 Хүрэлсүх байгаад ч багадахаар байна. Монгол орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа олон олон аюулыг хаахын тулд МАН хүчтэй байх ёстой. Монгол үндэстний хувь заяа, ирээдүй бид бүхний гарт байна. Ууган улс төрийн хүчний хувьд улс төрийнЗАНГАРАГ ямар байдгийг эрх баригчдад мэдрүүлэх цаг нь болжээ.

Цэрэнбалтавын Энхбаатар

Монгол Ардын Намын АРДЫН ЖИГҮҮР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button