Орон нутагт нүүдлийн шувуудын сонгууль болох нь

нутгийн биш нүүдлийн сонгууль болох нь гэсэн хардлага эргэлзээг төрүүлж эхлэв.

Урьд өмнөх орон нутгийн сонгуульд улс төрийн нам, эвслүүд тухайн нутаг орон дахь төлөөллүүдээ нэр дэвшүүлдэг байлаа. Харин энэ удаагийнханд зарим нам нэр дэвшигчдийнхээ 30-40 хувийг нийслэлээс бүрдүүлжээ. Нутгийн гаралтай боловч тухайн орон нутагт ажиллаж, амьдардаггүй хүмүүс ийнхүү нүүдэллэн ирж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлэх гэж буй нь байнгын оршин суугчдын төлөөлөл болж чадах болов уу. Уг нь хуульд зааснаар тухайн аймаг, сум дүүрэгт байнга оршин сууж байгаа иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх учиртай. Гэтэл нэр дэвшүүлж буй улс төрийн нам хүчнүүд нутгийнхны сонголтод гаднын хүмүүсийг тулгаж буй нь нутгийн хүчин зүйл, эрх ашгийг үл ойшоож байна.

Аймаг, сумын ИТХ-ыг нийслэлээс биш нутгийнхан өөрсдөө удирдаж, асуудлаа шийддэг байх учиртай. Тухайн нутгийн эрх ашиг, хөгжил цэцэглэлттэй холбоотой асуудлыг нутагт нь амьдарч, ажиллаж буй хүмүүс хамгийн сайн мэднэ, мэдэрнэ. Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу тэд нутгаа өөрсдөө удирдах ёстой. Гэтэл хэн нэг дурын хүн хэзээ ч хөл тавьж үзээгүй нутагтаа гэнэт хайр зарлан, нутгийн өөрөө удирдах байгууллага руу нь мацдаг болов. Энэ нь тухайн орон нутгийг нийслэлээс удирддаг утсан хүүхэлдэй болгож мэдэхээр байна. Ялангуяа улс төр, эдийн засгийн ач холбогдолтой гэж хэлж болох зарим аймгуудад нүүдлийн нэр дэвшигчид эрс нэмэгдсэн нь нутгийн биш намын эрх ашигтай илүү холбогджээ. Монгол Улсын иргэн, ял шийт гэлгүй хэнбугай ч сонгох, сонгогдох адил тэгш эрхтэй.

Орон нутгийн сонгуулийн тухай хуульд, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэн тухайн шатны Хуралд сонгогдох эрхтэй гэсэн заалт бий. Гэхдээ энэ нь Орон нутгийн сонгуулийн хуулийн …Тухайн аймаг, сум, дүүрэгт байнга оршин сууж байгаа иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагаа өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн гэсэн гол агуулгатайгаа зөрчилдөж байна. Энэ сарын 20-ны өдөр аймаг, сум дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийг нийтэд зарлах хугацаа дууссан. Гэвч тойргийн хороодоос ирсэн сонгуульд өрсөлдөх нам эвсэл, нэр дэвшигчдийг нягталж, шалгах ажиллагаа нэгтгэгдэж дуусаагүй байгаа тул бид зарим аймгийн сонгуулийн тойргийн хорооны мэдээллийг сонирхлоо.

МАН-ЫН 33 НЭР ДЭВШИГЧИЙН 11 НЬ УЛААНБААТАРЫНХ

Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН, АН, МАХН, ИЗНН, МҮАН, бие даагч гэсэн зургаан субьектийн давхард сан тоогоор 180 нэр дэвшигч бүртгэгджээ. Үүнээс 99 нь намын жагсаалтад, 81 нь тойрогт нэр дэвшиж байна. МАН, АН-ынхан бүх тойрог, мандатад нэр дэвшүүлсэн бол МАХН 17-18, ИЗНН 7-8, МҮАН долоон мандатын төлөө өрсөлдөхөөр болсон байна. Үүнээс хамгийн анхаарал тасан нь МАН Өмнөговь аймгийн ИТХ-д нэр дэвшигч 33 төлөөлөгчийнхөө 11-ийг Улаанбаатарынхнаас бүрдүүлжээ. Энэ нь хамгийн олон нүүдлийн нэр дэвшигч- тэй аймгаар тодроод байна. Өмнөговь бол Монголын хамгийн олон хүн амтай, бас хамгийн их ашиг орлоготой аймаг. Тиймээс улс төрийн намууд, тэр тусмаа МАН онцгой ач холбогдол өгч анхаарал хандуулсан бололтой.

Од группийн захирал Ж.Отгонбаяр, Дорноговийн алтны уурхайн захирал Н.Наранбаатар, Л.Мөнхбаатар, Газар партнис ББСБ-ын захирал Г.Машбат, Улаанбаатарын хувийн эмнэлгийн эзэн Б.Машбат, Ололт группийн захирал Б.Пүрэвжав болон П.Пүрэвжав, Ц.Доржсүрэн, С.Мөнхбаяр, Б.Амаржаргал, С.Бөхзориг гээд Өмнөговиос гаралтай, төрж өссөн гэх боловч ойрын хэдэн жил энэ нутагт ажиллаж, амьдраагүй ч намдаа ганц суудал авах гэсэн мөнгөтэй хүмүүсийн жагсаалтаар аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийг дүүргэжээ.

Тэдний олонх нь тойрогт ч мөн давхар өрсөлдөх гэж байна. Мөн Гандирс-ын Ц.Эрдэнэчулуун хатагтай нийслэлээс Өмнөговь аймагт шилжин МАХН-аас аймгийн ИТХ-д нэр дэвшиж буй юм байна. Тэрбээр өмнөх УИХ-ын сонгуульд санаатай байсан ч мандат олдоогүй тул аймгийн ИТХ-д ийнхүү давуу эрх эдэлсэн бололтой. Энэ нутагт амьдардаггүй атлаа ийнхүү сонгуулиар нүүдэллэн ирдэг улстөрчид аль ч аймагт бий. Гэхдээ өнгөрсөн түүхээс харахад нутгийнхны итгэл, сэтгэлээр УИХ-ын өн дөр сэнтийд заларсан атлаа нэг удаагийн ашиг сонирхлоор нутгийнхны эрх ашгийг хөсөр хаядаг зан улстөрчдөд бий.

ДАЛАНЗАДГАДААС НОМГОН РУУ 99 ХҮН НЭГ ЗЭРЭГ ШИЛЖЖЭЭ

Өмнөговьт нүүдэл их байна. Нийслэлээс нэр дэвшигчдийн нүүдэл эхэлсэнтэй зэрэгцээд сонгогчид нь нэг сумаас нөгөө рүү ч бөөн бөөнөөрөө шилжин суурьшиж байгаа гэнэ. Ганц баримт сөхөхөд, өнгөрсөн долоодугаар сарын 05-07-ны өдөр л гэхэд Даланзадгадаас Номгон сум руу 100 орчим хүн хувийн ажлаар нэгэн зэрэг шилжин нүүжээ. Сонгууль бүрээр ийм нүүдэлчид замбараагаа алддаг. Зөвхөн хэн нэгний төлөө саналаа өгөхийн тулд ийнхүү нүүдэллэдэг нь нууц биш. Гэтэл хуулиараа хугацаа зааж хязгаарладаг ч хууль бус гэдэг нь нэгэнт тодорхой ийм нүүдэлд тавих хяналт гэж алга. Газар дээр нь очоод үзвэл дээрх шилжин суурьшигчдын хэд нь тухайн аймаг, сумандаа оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа бол.

Бичиг баримтаа нүүлгэн шилжүүлсэн ч бие мах бодиороо өөр аймаг суманд ажиллаж, амьдарсаар байгаа нь төрийн хуулийг хуураад байна уу, нутгийн ардыг хулхидаад байна уу? Өмнөговь хар алтныхаа баялаг нөөцөөр нутгийнхан даа адил тэгш хувь хишиг хүртээдэг Монголын цорын ганц аймаг. Хагас сая гэдэг 21000 төгрөг биш ээ. Тиймдээ ч энэ аймагт шилжин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Ганц Цогтцэций сум гэхэд хүн амынх нь тоо аймгийн төвийн хэмжээнд хүрсэн. Гэтэл Нутгийн хишгээс хүртэх гэсэн нутаг, нутгийнхны нүүдэл өнөөдөр сонгуулийн нүүдлээр хүрээгээ тэлсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болов. Нэр дэвшигчид нь нийслэлээс аймаг руу, сонгогчид нь нэг сумаас нөгөө рүү улстөрийн шалтгаанаар ийнхүү нүүдэллэх нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх. Гэвч энэ нүүдэл нутгийн өөрөө удирдах байгууллагын аюулгүй байдалд халдах юм биш биз дээ.

Тоймч Д.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button