Н.Баярсайхан Амьдрах ухаан, амьдралын утга учрыг номноос олж авсан

Тэрээр өдгөө Монголын олимпийн медальтнуудын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж, үе үеийн олимпийн медальтнуудынхаа бахдам амжилт, тэдний өнөөгийн амьдрал ахуй хангамжийн талаар нэлээд хөөцөлдлөгөөтэй ажилладагт нь ахмад олимпийн медальтнууд ам сайтай байдаг юм билээ. Түүнтэй номын талаар ярилцлаа.

-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Саяхан спортын сэтгүүлч Р.Чулуун гуайн бичсэн олимпийн медальт тамирчдын тухай ном уншсан. Харин уран зохиолын ном уншсангүй. Гэхдээ хүүхэд байхдаа уран зохиолын төрлийн ном маш их уншдаг номоос салдаггүй хүүхэд байлаа. Номоос зөв бичих үг үсгийн алдааг олонтаа олж авдаг гээд маш их зүйлийг олж авдаг. Харин сүүлийн үеийн залуучууд ном унших багассан нь харамсалтай санагддаг. Миний хувьд Жангарын тууль-ийг уншиж, Тунгалаг тамир киног маш олон удаа үзсэн. Ном уншсанаар хүн тэвчээртэй болно. Амьдрах ухаан, амьдралын утга учир, хүмүүсийн харьцааны соёл, шинжлэх ухааны олон талын мэдлэг гээд арвин их эрдэм мэдлэгийг номоос олж авдаг. Бидний үед одоогийнх шиг интернэт, компьютер зурагтын олон суваг байгаагүй болохоор ном л уншиж чөлөөт цагаа өнгөрөөдөг байлаа.

-Ер нь та ямар сэдвийн ном унших дуртай вэ?

-Би хүүхэд байхдаа адал явдалтай, хайр сэтгэлийн ном уншдаг байлаа. Харин сүүлдээ хүнд хэлбэрийн тууж өгүүллэг уншдаг болсон.

-Номын дэлгүүрээр орж ном хэр худалдаж авдаг вэ?

– Номын дэлгүүрээр орохдоо хүүхдүүддээ л ном авна уу гэхээс сүүлийн үед өөртөө зориулж ном авсангүй. Нэг үе гэртээ ном уншаад хэвтэж таашаал авдаг байсан. Гэвч одоо бидэнд ном уншаад байх зав гарахгүй юм аа.

-Та номын ач буяны тухайд?

-Би анх номноос гариг дэлхий, ангараг гариг, дэлхий ертөнц гэж юу байдаг юм гээд маш олон зүйлийг олж авсан. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг хамгийн үнэн үг. Тийм учраас ном уншиж ертөнцийг харж гэгээрээч гэж уриалмаар байна.

Д.ГЭРЭЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button