Зөвхөн нэг үзмэрийг өөрчлөөд зогсоогүй, зарим нэг үзмэрийг барьцаанд авч үлдсэн байх магадлалтай

120 үзмэр хил давуулсан аж. Энэ үеэрээ 1989 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгаас олдсон XIII зууны илдний бариулыг самурайн зангидалттай гэх өөр бариулаар сольсон талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн газраас тодрууллаа.

-Үзмэр нэрээр гадаад руу гаргасан илдний бариулыг өөрчилсөн хэргийг шалгахаар ажлын хэсэг байгуулсан гэсэн. Ажлын явц хэр ахицтай байгаа бол?

-Баянлиг сумын нутаг дэвсгэрт орших Хадны оршуулгаас гарсан уг илдийг судлаачид XIII зууны үеийн монгол цэрэг, дайчдынх гэдгийг тогтоосон. Үүнээс өмнө болон хойно нь ийм түүхийн үнэт олдвор олдоогүй. Энэхүү илдийг Ү91-6-1 гэсэн данстайгаар Монгол цэргийн музейд хадгалж байсан юм. 2009 оны хоёрдугаар сард АНУ-ын иргэн Дон Лессем гэгч Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай гэрээ байгуулан 120 үзмэрийг үзэсгэлэнд гаргах нэрийдлээр авч явах үедээ илдний бариулыг самурай маягийн болгож өөрчилсөн байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас ямар учраас бариулыг сольсон, яагаад өгч явуулсан, ямар учраас дээшээ мэдэгдэлгүй нууцалсан гэх мэт шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байгаа гэсэн. Улсын прокурорын ерөнхий газраас энэ хэргийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт үүрэг өгсөн.

-Энэ төрлийн хэрэг дээр хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-Манай улсын хуулиар ийм төрлийн хэрэгт хариуцлага хүлээлгэх боломжгүй. Учир нь Эрүүгийн хуульд энэ талаар ямар ч зүйл заалт байхгүй байна. Тиймээс Монгол Улс хохироод хоцорно гэсэн үг. Соёлын дурсгалын анхны дүр төрхийг алдагдуулахыг хориглосон олон улсын зарчим байдаг хэдий ч энэ зарчмын дагуу маргаан үүсгэсэн ч хариуцлага хүлээлгэж чадахгүй. Яагаад гэвэл энэ хэрэг Монгол Улсын хуулиар л шийдэгдэх ёстой. Түүнчлэн манай улсаас авч явсан үзмэрүүдээр зөвхөн АНУ-д үзэсгэлэн гаргах гэрээ байгуулсан хэдий ч Дон Лессем 2010 онд Сингапурт үзэсгэлэн гаргасан байна билээ.

-Зөвхөн бариулыг нь өөрчлөөд өнгөрсөн биш, хуурамч хувилбар нь байх магадлалтай юу?

-Түүхийн үнэт өвийг дураараа өөрчилнө гэдэг байж болшгүй зүйл. Гэтэл өөрчилж чадаж байгаа юм чинь хуурамч байж мэдэх л юм. Энэ илд эх хувь нь мөн үү, биш үү гэдэг эргэлзээтэй л асуудал. Ажлын хэсэг шалгаж дуусахад бүх зүйл мэдэгдэх байх. Гэхдээ эх орондоо байгаа түүхийн үнэт өвийг гэрээ байгуулж авч яваад дураар нь өөрчлүүлчихэж байгаа юм чинь гадаад улс орнуудад байгаа Монгол Улсын нэр дээр байдаг үзмэрүүд ямар байгаа нь сонин. Бид байнга очиж шалгаад байж чаддаггүй.

-Дон Лессем ямар ажил хийдэг хүн бэ?

-Энгийн л нэг бизнесмэн.

-Саяхан Дон Лессем Үндэсний түүхийн музейгээс найман үзмэр авч явсан гэсэн?

-2009 онд авч явсан 120 үзмэрийг Монгол руу буцаах гээд битүүмжлээд, ачуулахад бэлэн болгоод хадгалсан байх үед нь Дон Лессем дур мэдэн задалж хэдэн үзмэрийг нь аваад үлдсэн байгаа юм. Манай улсаас дахин түүхийн үнэт өв болсон үзмэрүүдийг авахын тулд тэдгээрийг барьцаанд авч үлдсэн гэж үзэж байгаа. Саяхан дахин найман үзмэр авч явсан байна.

-Тухайн үзмэрийг өөрчилснийг хүлээж авсан ажлын хэсэг мэдсэн хэрнээ удирдлагууддаа мэдэгдэлгүй жил гаруй дарсан байна. Үүнд ямар хариуцлага тооцох вэ. Нууцлах шалтгаан нь юу байв?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүлээж авсан ажлын хэсэг удирдлагадаа илтгээгүй нь чухал биш. Хамгийн гол нь Монгол Улсын түүхийг өгүүлэх үнэт өвийг харийн иргэн дур мэдэн өөрчилсөнд л асуудал байгаа юм.

Г.Ууганзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button