Ц.Шаравдорж дарга…
1979 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын их сургуулийг төгссөн. Харин тэрбээр гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн төрөлх намдаа төрийн төмөр нүүр гаргах болсноор нэгэн цагт шадарлан тэмцэж явсан нөхдийнхөө гайхал, бухимдлыг төрүүлэх болжээ.
МАХН-аас 1992-2008 онд УИХ-д завсаргүй дөрвөн удаа суухдаа 2001-2004 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд зэрэг төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж, амьдрал ахуйгаа төвхнүүлж явсан төрийн хар хүн гэнэтхэн төрөл арилжиж эврээ ургахаар эхийгээ мөргөдөг ишигний зан гаргах болсон нь ордны хов жив дунд толгой цохиж байгаа ажээ.
МАХН мандан бадарч байсан 2006 онд Монгол Улсын гавьяат хуульч болохдоо Хаа ч явсан цуг гэж мэдээрэй хэмээн сөөнгөдүүхэн хоолойгоор хавь ойрыхноо уяраан дуулж байсан хашир хуульч өнөөдөр Цаг цагаараа байдаггүй юм аа хө хэмээн даналзах болсон сурагтай. УИХ-ын хуралдааны танхимын хаалгыг таглан суулт хийж суугаа МАН-ын гишүүдийг Төрийн ордны тухай хууль зөрчсөн гэж 60 мянган төгрөгөөр торгохоор Р.Бурмаа гишүүнтэй хамт бичиг цаас бариад ордны хонгилоор харайлгаж яваа аж.
Түүнийг харсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын хашир бурхинууд хүн суурин дээрээ гурав эргэхийг хардаг өдөр ирдэг л юм байна. Яасан жигтэйхэн хорвоо вэ хэмээн шогширч суусан гэнэ. За тэгээд Төрөх үнэн, үхэх үнэн, бусад нь худлаа хорвоод Ц.Шаравдорж дарга хэд ч хувирч болох юм байх аа даа.
Д.Түвшин