Б.Наранхүү УИХ-ын гишүүн үү, Мон уран-ы захирал уу
дээр яг юу барих гэж байна гэдгийг ярилцаж байхад 1.1 га газрыг хувьдаа авчихсан гэх Мон уран компанийг төлөөлж. УИХ-ын гишүүн Б.Наранхүү тун тодорхой тайлбар өгч байна.
Тэрбээр Паркийн газраас тодорхой хэмжээгээр эзэмшиж байгаа бүх компани хуулийн дагуу ажиллана гэвэл би газраа чөлөөлөхөд бэлэн. Өнөөдөр Д.Баясгалангийн хийсэн хэмжээгээр бид ч бас хөрөнгө оруулалт хийж болно. Паркийн газраас тодорхой хэмжээгээр эзэмшиж байгаа газрууд хамтраад хөрөнгө оруулалт хийж болохгүй юмгүй. Үнэхээр хүүхдүүдээ гэж байгаа бол нийлж байгаад нэг юм хийх хэрэгтэй. Улмаар 10 жилийн хугацаанд хүүхдүүдээ паркт үнэгүй тоглуулъя. Энэ хугацаанд Монголын эдийн засгийн байдал сайжирч, иргэдийн амьжиргаа ч дээшлэх байх. Одоо бол өндөр үнэтэй паркт тоглох бэлтэй хүн цөөхөн байгаа. Хүүхдийн парк дээр нэг удаа тоглоход 120 мянган төгрөг шаардлагатай юм билээ. Гэтэл цалингийн доод хэмжээ 140 мянган төгрөг л байна. Иргэд сарын цалингаараа нэг өдөр л хүүхдээ тоглуулна гэсэн үг. MCS зэрэг компани бүгдээрээ хамтраад үүнийг хийнэ гэвэл бидэнд татгалзаад байх зүйлгүй. Мон уран гэдэг компани ганцаараа паркийн газрыг авчихаад, өгөхгүй байгаа юм шиг зүйлийг 10 жил ярилаа. Одоо больцгооё. Хөрөнгө оруулалт хийж болно. Ярьж байгаад хийх бүрэн боломж байна. Манай компанийн хувьд 14 жилийн өмнөөс энд нэг га газар эзэмшиж байгаа. Гэхдээ шударга нэрийн дор манай компанийн газрыг авна гэвэл хүлээн зөвшөөрөхгүй гэхчилэн ярьж хүмүүсийн асуусан асуултад ч хариулж байх юм.
Б.Наранхүү гэж хүн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин Дундговь аймагт өрсөлдөж ялалт байгуулсан. Тиймээс тангараг өргөж төрийн хүн болсон хэмээн бүгд ойлгож байв. Нэгэнт төрийн хүн болсон бол хувийн компанийн ажлаа өөр бусдад шилжүүлж, итгэл хүлээлгэсэн ард түмнээ төрд төлөөлөн хоёргүй сэтгэлээр зүтгэх учиртай. Гэтэл эрхэм гишүүн Б.Наранхүү энэ үүргээ ухаараагүй яваа бололтой. Хувийнх нь эрх ашигтай холбоотой асуудал хөндөгдөнгүүт л гүйж ороод Манай компани, би хэмээн компанийнхаа нэрийн өмнөөс ярьж гарсан. Тэр ч бүү хэл, хүүхдийн паркт хувийн компанийнхаа оффисыг сүндэрлүүлснийхээ хариуд үлдсэн газарт нь хөрөнгө оруулж хүүхдүүдийг үнэгүй тоглуулъя ч гэх шиг элдэв амлалт авч хажуугаар нь газраа өгөхгүй гэдгээ ч илэрхийлээд амжиж байлаа.
Уг нь УИХ-ын тухай хуулиар Б.Наранхүү гэж гишүүн ингэж ярих нь хориотой. Хэдийгээр манай парламентад бизнесмэн гишүүн олон ч тэдний хэн нь ч түүн шиг улайм цайм ийм үйлдэл гаргадаггүй нь угтаа бол төрөө, түмэн олноо хүндэтгэж буй хэрэг. Гэтэл гишүүн болж парламентын босго алхсан л бол түүнд бүх зүйлийн үүд хаалга нээлттэй хэмээн эндүүрсэн Б.Наранхүү ичиж эрээлэхгүйгээр хувийн компанийнхаа эрх ашгийг хамгаалж буйг хөөрхий шинэ болохоор мэдэхгүй байгаа биз хэмээн хаацайлаад өнгөрч болох уу. Ард түмнийг басамжилж, хуулийг уландаа гишгэсэн энэ гишүүндээ Ардчилсан нам үүрэг хариуцлагыг нь ойлгуулах хэрэгтэй юм биш үү.
Н.Гэрэл