Намын жагсаалтынхан буюу ичмээр дамшгууд
тэдний ирээдүйд нь хийж байгаа хөрөнгө оруулалт болохоор зөв юм хэмээн байр суурь, үзэл бодлоо тун ноцтойгоор товч бөгөөд тодорхой илэрхийлжээ. Тун ч ноцтой мэдэгдэл шүү. Ямар ч гэсэн намын жагсаалт-аар УИХ-ын эрхэм гишүүн болцгоосон азтанууд маань үзэл бодол байр суурин дээрээ хатуу чанд зогсоцгоож л байгаа юм байна. Аштай юу даа. Эрхэм гишүүний тун ч ноцтой энэ мэдэгдлээс үүдэн намын жагсаалт-аар аз нь шовойгсдын талаар эргэцүүлэн бодож сууна.
2012 оны зургаадугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдаж, 76 гишүүнээ сонгосон ч анх дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудалд маргаан үүссэн. Түүгээр ч зогсохгүй Увсын тойргийн асуудал дахин босч болзошгүй болоод байгаа. Сонгуульд оролцсон бүх л нам авлига хээл хахуультай дайн зарлах хэмжээний тэмцэл явуулна. Уул уурхайгаас орж ирэх орлогыг Монгол Улсын иргэн бүрт сохор зоосны зөрүүгүй адил тэнцүү хувааж олгоно хэмээн орчин цагийн үлгэр ярьсаар УИХ хагас дутуухан бүрэлдсэн түүхтэй.
Өмнөх таван удаагийн УИХ-ын сонгуулийн худал хуурмаг амлалт бүрт толгойгоо эргэтэл хууртагдаж, итгэл сэтгэл, ирээдүйгээрээ мад тавиулсан сонгогчид 2012 оны сонгуульд анхнаасаа л тун ч итгэлгүй оролцсон. Ард түмэндээ ямар ч үнэ хүндгүй болж, улстөрчийнхөө хувьд үхдэл болцгоосон намын лидерүүд буюу төрөөс төрсөн тэрбумтнууд, гудамжинд харайж явсан тэмцэгчид намын жагсаалт хэмээх луйврын хөшигний ард нуугдацгаасан нь энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хамгийн том булхай байлаа. Дэлхий дахины улстөрийн практикт намын жагсаалт гэгдэх заль мэхээр тухайн эрх мэдэлтнүүд, бас бус нэгний нүгэл хилэнц, ард түмэндээ нэр нүүрээ барсан бусармаг бүхнийг нь нууцлан улстөрийн өндөрлөгт хүргэдэг шат дамжлага байдаг эсэхийг мэдэхгүй.
Ямартай ч дэлхий нийтэд парламентын тогтолцоогоороо үлгэр дууриал болдог БНСУ-д ажиллаж, амьдардаг монголчууд энэ зунжингаа солонгосчуудын амны зугаа болж, хүний өмнөөс нүүр хийх газаргүй болцгоосон нь л үнэн юм. Тойрогт нэр дэвшин өрсөлдвөл буян амлаж, бурхан бүтээгээд ч сонгогчдын итгэл хүлээхгүйгээ мэдэрсэн ичих нүүргүй лидерүүд намын жагсаалт гэх өөрсдөдөө зориулан гаргасан шийдвэрийнхээ ард нуугдан сууцгаасаар УИХ-д орж ирснийг ажигч гярхай солонгосчууд олж мэдчихээд мөрөөрөө хар бор ажил хийж яваа эх орон нэгтнүүдээс маань асууж шалгааж баахан онигоонд оруулсан гэнэ лээ.
Улстөрийн сонгууль бол бүх ард түмнийхээ сонгон шалгаруулалтад орж, ёстой л бүх талаараа шигшигдэж гарч ирсэн нэр цэвэр, цагаан зам мөртэй улстөрчдийн хийвэл зохих нэр төр, ёс суртахууны хэмжүүр байдаг. Улстөрийн ёс зүйтэй, халуухан тэмцэл дунд буцалж байдаг солонгосчуудад барааг нь харах байтугай сургийг нь сонсоогүй нөхөд сонгуулийн ялагч болоод гарч ирэх нь яагаад ч байж боломгүй шударга бус, хачин жигтэй явдал байх нь ойлгомжтой. Тиймдээ ч намын жагсаалт-ын ард нуугдсаар хууль тогтоох дээд байгууллагад шургаж амжсан Монголын улстөрчдийн увайгүй, ёс суртахуунгүй ааш аягийг гайхаж балмагдах нь аргагүй.
Будлиан луйвар нь эцэслэх яагаа ч үгүй байгаа энэ парламентад жагсаж Сү.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж Н.Энхболд, Я.Содбаатар Ж.Энхбаяр, Н.Алтанхуяг З.Энхболд, Х.Тэмүүжин Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат Ш.Түвдэндорж, Р.Бурмаа Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг, Ч.Улаан Н.Батцэрэг, М.Сономпил З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү Ц.Цолмон, С.Оюун, С.Дэмбэрэл нарын нөхөд намын жагсаалт гэгч хөөрхөн нэрийн ард нуугдан суусаар гэнэт цоорч, өнөөдөр хэл амтайхан шиг гэлдэрэлцэж явна. Өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн гэгдэж яваа эдгээр 27 нийт гишүүдийн 19.4 хувь нь болж байгаа юм. Тэд тойрогт нэр дэвшин өрсөлдсөн бол дор хаяж тал хувь нь яагаад ч УИХ-ын танхимд заларч чадахгүй байсан гэдгийг өөрсдөө ч мэдэж байгаа.
Намын жагсаалт- аар жаалагчдын олонх нь Монголын улстөрийн өвгөчүүл байгаа бол гудамжинд гүйж яваад эрхэм гишүүн болоотохсон азтай дамшгууд үлдэх хэсэгт нь хамаарна. Нам нь эргүүлээд татаж золигтохгүйгээс хойш жагсаалтын азтанууд хүссэн ч хүсээгүй ч УИХ-ын танхимд дөрвөн жил донхойж суух нь ойлгомжтой. Харин хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн тодорхойлж, улстөрчийнх нь намтарт цэг тавих эсэх хараахан болоогүй байна.
Намын жагсаалт-ынхны ноцтой мэдэгдлүүд ар араасаа цуврах нь дээ. Энэ бол зөвхөн эхлэл нь.
Ц.Шаравдорж дарга…
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, хуульч мэргэжилтэй нэгэн. 1979 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын их сургуулийг төгссөн. Харин тэрбээр гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн төрөлх намдаа төрийн төмөр нүүр гаргах болсноор нэгэн цагт шадарлан тэмцэж явсан нөхдийнхөө гайхал, бухимдлыг төрүүлэх болжээ. МАХН-аас 1992-2008 онд УИХ-д завсаргүй дөрвөн удаа суухдаа 2001-2004 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд зэрэг төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж, амьдрал ахуйгаа төвхнүүлж явсан төрийн хар хүн гэнэтхэн төрөл арилжиж эврээ ургахаар эхийгээ мөргөдөг ишигний зан гаргах болсон нь ордны хов жив дунд толгой цохиж байгаа ажээ.
МАХН мандан бадарч байсан 2006 онд Монгол Улсын гавьяат хуульч болохдоо Хаа ч явсан цуг гэж мэдээрэй хэмээн сөөнгөдүүхэн хоолойгоор хавь ойрыхноо уяраан дуулж байсан хашир хуульч өнөөдөр Цаг цагаараа байдаггүй юм аа хө хэмээн даналзах болсон сурагтай. УИХ-ын хуралдааны танхимын хаалгыг таглан суулт хийж суугаа МАН-ын гишүүдийг Төрийн ордны тухай хууль зөрчсөн гэж 60 мянган төгрөгөөр торгохоор Р.Бурмаа гишүүнтэй хамт бичиг цаас бариад ордны хонгилоор харайлгаж яваа аж.
Түүнийг харсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын хашир бурхинууд хүн суурин дээрээ гурав эргэхийг хардаг өдөр ирдэг л юм байна. Яасан жигтэйхэн хорвоо вэ хэмээн шогширч суусан гэнэ.
За тэгээд Төрөх үнэн, үхэх үнэн, бусад нь худлаа хорвоод Ц.Шаравдорж дарга хэд ч хувирч болох юм байх аа даа.
Д.Түвшин