Нийслэлийн түүхэн гэрэл зургаар явуулын үзэсгэлэн дэлгэлээ

Цэрэндоржийн гудамж, Битлзийн хөшөөний өмнө явуулын үзэсгэлэн гаргаад байна. Тус үзэсгэлэнг Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр Баянгол дүүрэгт буюу III, IҮ хороололд, бямба гаригт Нарантуул олон улсын худалдааны төвд, ням гаригт Сүхбаатарын талбайд тус тус дэлгэж олны хүртээл болгох ажээ. 1912 онд өнөөгийн Улаанбаатар ямар өнгө төрхтэй байсныг тус үзэсгэлэнгээс сонирхож болох аж.

Улаанбаатар хотын 373 жилийн ойн баярт иргэдийг өргөнөөр оролцуулах захирамж гаргасан тул хотынхоо түүхийг олон хүнд хүртээхийг зорьж явуулын үзэсгэлэн гаргаж буйгаа музейнхэн хэлж байлаа.

Үзэсгэлэнд анх нийслэл хот байгуулагдаж байсан үеийн хүн болоод нийслэл хотод сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд өрнөсөн бүтээн байгуулалт, өнгөрсөн үеийг өнөөдөртэй харьцуулсан үйл явдлын гэрэл зургуудыг дэлгэсэн байв. Мөн гэрэл зургаас гадна хотын анхных гэсэн тодотголтой түүхэн баримтуудыг тавьжээ. Нийслэлийн түүх соёлыг олон нийтэд таниулахад явуулын үзэсгэлэн чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолсон юм.

Б.Ганаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button