Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх зардал төсвийн тодотголоос хасагдлаа
Төлөөлөгчдийн нэгдсэн хурлаар 2012 оны төсвийн тодотгол, замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний үр дүн, төрийн өмчит зарим байгууллагыг нийслэлийн өмчит болгох зэрэг асуудлыг хэлэлцлээ. Эдгээрээс төсвийн тодотголын асуудал төлөөлөгчдийн анхаарлыг татаж байсан.
Учир нь төсөвт тодотгол хийхдээ мөнгөн дүнг багц байдлаар оруулж ирсэн, юунд ашиглах задаргааг нарийвчлан хийгээгүй, зарим шаардлагагүй зүйлд төсөв тогтоосон гээд маргаантай асуудал олон байгаад шүүмжлэлтэй хандаж байв.
Тухайлбал, цаашид нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийх зураг төсөлд 10, хот тохижилтын үйл ажиллагаанд зориулж, 5.9 тэрбум төгрөг тусгасан нь ихээхэн шүүмжлэл дагуулав. Түүнчлэн дээрх мөнгө ямар ажилд зарцуулагдах задар- гааны тайлбарыг ажлын хэсгийнхнээс сонирхож байв.
Хот тохижилтын 5.9 тэрбум төгрөгийн 800 сая нь Улаанбаатар зам, ашиглалт арчлалт компанийн үйл ажиллагаанд шилжих аж. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд ариутгах бодис цацах төхөөрөмж худалдан авах, замын шороог соруулж, угаах авто машиныг дүүрэг бүрт олгох, цас цэвэрлэгч машин ашиглах зэрэг ажилд зарцуулагдах аж.
Төлөөлөгчид төсвийн тодотголтой холбоотой асуудлыг тодруулж, ажлын хэсэгт нэмэлтээр тусгах, төсөвт суулгах шаардлагагүй, илүү зардал гэж үзсэн зарим ажлыг энэ оны тодотголоос хассан юм.
Тодруулбал, Улаан- баатар таймс сонины өр төлбөр барагдуулах 978, хогийн менежменттэй холбоотой 578 сая, Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх зорилго бүхий 5.5 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгахыг дэмжсэнгүй.
Энэ оны төсвийн тодотгол хийх ажлын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Өмнө нь нийслэлийн төсөв ямар ажилд зарцуулагдаж, хэнд зориулагддаг байсан нь тодорхойгүй байжээ. Харин тодотгол хийснээр бид иргэдэд чиглэсэн ажилд хөрөнгө орууллаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдэд ая тухтай байх орчин бий болгох ажлуудын төсвийг шийдвэрлэж байна хэмээн онцлов.
О.Номин-Эрдэнэ