Үнэний хүч зэвсгийн хүчийг ялна
Түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Сүүлийн гурван жилийн дотор 50 гаруй төвөд хүн зулын гол болжээ. Тэд шашны эрх чөлөө, төрөлх хэлээрээ ярих боломжийг хүсч, амиа алдсан. Гэвч ямар ч өөрчлөлт гарсангүй. Хятад улс энэ тал дээр юу ч хийсэнгүй. Тэгэхээр тэд дэмий л амиа золиосолсон болж таарч байна уу?
-Тэдний хэрэглэсэн арга барилыг зөв, буруу хэмээн шүүн хэлэлцэхэд хүнд. Гэхдээ тэд Хятадын бодлогод хэрхэн ханддагаа илэрхийлэхдээ хүчирхийллийн бус замыг сонгосон.
-Төвөдийн залуу зохиолч саяхан зулын гол болохоосоо өмнө интернэтэд уриалга гаргасан байсан. Тэрхүү уриалгад Өнгөрсөн үеэ эргэн харахад бид зөвхөн ялагдал, уур хилэн, зовлон, нулимсыг л мэдэрч байна гэжээ. Ард түмэн тань энэ мэдрэмжээ яаж илэрхийлсэн нь дээр вэ. Та тэдний зулын гол болж буй үйлдлийг дэмждэг үү. Тэд өөрсдийгөө шатаахаа зогсоох ёстой гэж та үздэг үү?
-Би өөрийгөө үргэлж л Төвөдийн ард түмний санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэгч гэж боддог байсан, бодсоор ч байгаа. Би төвөдүүдийн дарга биш. Харин ч эсрэгээрээ, би зургаан сая төвөд түмний албат. Тэд бол миний дарга. Үүнээс гадна би эрх чөлөөт оронд, илүү тав тухтай амьдарч байна.
Харин Төвөдөд байгаа төвөд түмэн үнэхээр хүнд байдалд аж төрж байна. Тиймээс энэ тэдний шийдвэр. Амь насаа золиосолж байгаа тэдгээр хүмүүс Буддын сургаалын төлөө, бусдын сайн сайхны төлөө буянтай үйл хийж байгаа гэдэгт итгэдэг. Хэрвээ тэд уур хилэн, үзэн ядалтаараа ийм зүйл хийж байгаа бол буруу юм. Гэхдээ үүнийг шүүн хэлэлцэхэд хэцүү. Аль нь ч байсан үнэхээр харамсалтай, гунигтай.
-Хүн төрөлхтөн бүхий л үеийн турш хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхсээр ирсэн. Заримдаа эрх мэдэлгүй хүмүүс тэмцэх гэж оролддог?
-Бидний тэмцэл бол үнэний болон зэвсгийн хүчний тулаан юм. Богино хугацаанд бол зэвсгийн хүч илүү үр дүнтэй. Гэхдээ цаашдын ирээдүйд үнэний хүч зэвсгийн хүчийг ялах нь гарцаагүй. Би үүнд итгэдэг. Энэ бол миний гүн итгэл үнэмшил. Би АНУ-ын цэргийн хүч, ялангуяа цөмийн зэвсгийг сайшаадаггүй. Харин Америкийн ёс суртахууны зарчим, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг сайшаадаг. Энэ бүхэн миний гүн их хайр хүндэтгэлийг татдаг. Ер нь АНУ-ын хүчний эх үүсвэр нь үүнд л байна. Харин зэвсэг биш.
-Төвөдөд энэ байдал хэр удаан үргэлжлэх бол. Хүмүүс ингээд л зулын гол болоод байх хэрэг үү?
-Төвөдүүд зургаан саяулаа. Тэгэхээр тэд амьд байгаа цагт Төвөдөө гэх сэтгэл нь мөхөхгүй. Хэрвээ бид сүүлийн 60 жилд Хятадад үйл явдал хэрхэн өрнөснийг ажиглавал олон зүйл өөрчлөгдсөн байж таарна.
Ирэх 60 жилд ч илүү эерэг өөрчлөлт гарна гэж би боддог. Харж байгаа биз дээ. Дэлхий даяар ардчилал, нээлттэй байдал, эрх чөлөөний чиг хандлага ажиглагдаж байна шүү дээ. Хятадын удирдлагууд хэчнээн нөлөөтэй байлаа ч аливаа зүйлээс ухрахгүй, дэлхийн урсгалыг дагахаас өөр аргагүй болно.
Эрх чөлөөнд тэмүүлнэ гэдэг хүн төрөлхтний энгийн хүсэл. Хүн бүр эхээс мэндэлсэн цагаасаа эхлэн эрх чөлөөтэй байх эрхтэй. Энэ үйл явцыг ямар ч хүч зогсоож дөнгөхгүй. Эцсийн дүндээ БНХАУ-ын нийгэм илүү нээлттэй болж, тус улсад ардчиллын институтууд бий болгож, цээж дүүрэн амьсгаа авах боломжтой болно. 1.3 тэрбум хятад хүн бодит байдлыг мэдэх бүрэн эрхтэй хэмээн би үргэлж ярьдаг. Тэд мэдээллийг өөрийн мэдэлд байлгаснаар аль нь зөв, буруу болохыг шүүн тунгаана. Тэгээд ч харилцаанд цензур байх нь ард түмэнд нийцэхгүй.
-Та дэлхийн тэргүүнүүдтэй шууд харилцах боломжтой, тэдний нөлөөг ашигладаг хүн. Тиймээс ард түмэндээ нэг л зүйл хүс гэвэл юу гэж хэлэх байсан бэ?
-Би нэг л үгийг хэлэх байсан. Тэр бол эрх чөлөө. Эрх чөлөө, бүрэн дүүрэн ардчилал. Шашин, соёл, боловсролын асуудлаар бүрэн эрх чөлөөг хүснэ. Харин батлан хамгаалах, олон улсын харилцааны асуудал төвийн засаг захиргааны мэдэлд үлдэг.
-Ирэх сард Хятадын удирдлагууд өөрчлөгдөж, засгийн эрхэнд Си Цзиньпин гарч ирнэ. Энэ өөрчлөлтөд та ямар найдлага тавьж байна вэ?
-Хэлэхэд хүнд байна. Би үндэслэлгүй таамаглал дэвшүүлэхийг хүсэхгүй. Хагас жил, жил, эсвэл хоёр жил хүлээе л дээ, тэгэх үү.
-Твиттер-ийн залуучуудаас танд ямар асуулт тавих талаар санал авсан л даа. Гэтэл тэд бүгдээрээ нэг л зүйлийг мэдэхийг хүсч байсан. Үзэн ядалтын шалтгаан нь юу вэ, яаж стресс, уур хилэнгээсээ салах вэ гэдгийг асуусан. Залуу хүмүүс сөрөг бүхнээсээ салж, шинэ боломж бүхэнд нээлттэй байхыг хүсдэг. Та тэдний асуултад юу гэж хариулахсан бол?
-Манай орчин үеийн боловсролын систем ертөнцийг материаллаг талаас нь авч үзэхэд чиглэгдсэн байдаг. Хүмүүс хүүхдүүдээ хар багаас нь материаллаг шинэ баялаг, өрсөлдөөнд тэмүүлдэг болгож, хүмүүжүүлж байна. Бид боловсролыг ганц материаллаг үнэт зүйлсэд бус, оюун санааны үнэт зүйлс рүү ханддаг болгож өөрчлөх хэрэгтэй. Ухаан санаа минь ямархуу бүтэц зохион байгуулалттай, хэрхэн ажилладаг талаар мэдэх нь чухал. Эрүүл бие, саруул ухаантай болохын тулд яах хэрэгтэй, хэрхэн эрүүл гэр бүл, эрүүл нийгмийг төлөвшүүлэх вэ гээд л. Мөнгө, эсвэл эрх мэдлээр энэ бүхэнд хүрч болдоггүй юм.
Э.Мөнхзаяа