Газар нь нүүрсээр баян ч гал алддаг Монгол

Тэгээд ч өвөл гэдэг улирал өнөө маргаашгүй хаяанд ирлээ. Өчигдрийн (10 дугаар сарын 25) байдлаар хотод нэг шуудай (тор шиг) нүүрс 1800- 2000, өндөрлөгөөтэй нь 480.000, өндөрлөгөөгүй портертой нь 380.000-400.000 төгрөгийн үнэтэй байна. Автобусны буудал, нүүрсний цэгүүд дээр очиж нүүрс борлуулагч нартай уулзахад, Ойрдоо дулаараад тэр үү нүүрс авах нь багасчихлаа. Одоогоор нүүрс нэг их ирэхгүй байна. Бид чинь нүүрсийг портероор нь аваад, жижиглэнгээр зардаг юм. Манай энд Дамбад Налайхын нэг шуудай нүүрс 1700-2000, Багануурынх 1200-1500 төгрөгийн хооронд байна. Үнийн хувьд цаанаасаа ачигдаж ирж байгаа үнээсээ их шалтгаална. Хэрэв үнэтэй ирэх юм бол бид үнээ өсгөж нэг шуудай нүүрснээс 100-200 төгрөг унагахыг бодно. Ер нь хүмүүс биднийг нүүрс зараад их мөнгө унагадаг юм шиг боддог. Тийм биш. Нэг портер нүүрснээс сайндаа л 20 шуудай нүүрс унагадаг гэцгээв.

Мөн тус хорооны иргэн Пагма ярихдаа Нүүрсний үнэ их байна. Бид ажил тараад, орой гэртээ харихдаа ганц хоёр шуудай нүүрс тэврээд харьдаг. Авахгүй гээд яах юм бэ. Хөлдөж үхэлтэй биш. Галгүйгээс хоолгүй нь дээр гэж үг байдаг биз дээ. Одоогоор нүүрс дэндүү үнэтэй байна.

Нэг айл өдөрт гурван шуудай нүүрс авахад дор хаяж 5000-6000 төгрөг. Үүнийг сарын 30 хоногоор бодохоор 180.000 төгрөг болно. Би 250.000 төгрөгийн цалинтай хүн. Тэгэхээр цалин маань бүгд нүүрс рүү явчихаж байна.

Үүний цаана хүүхдийн хувцас, хоол, унд, сургалтын төлбөр гээд зөндөө л асуудал байна. шүү дээ. Ёстой л хүний төлөө амьдарч байгаа биш дээ гээд бүсээ чангалаад явж байна. Манай энд чинь нүүрсээ авч чадахгүй, энд тэндээс цаас, хог түүж шатаадаг айл зөндөө. Заримдаа тэднийг харахаар зүрх шимширдэг юм. Одоогоор ч гайгүй л байна. Өвлийн хүйтэн эхлээд тас няс хийгээд ирэхээр яана даа гэлээ. Байдал иймэрхүү л байна. Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд толгой цохидог цөөн орны нэг. Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Тавантолгой гээд энд тэндгүй л нүүрсний орд уурхай. Гэтэл хүмүүс хүрзээр хоёр хутгаад дүүрчих шуудай нүүрсийг 2000 төгрөгөөр авч л байдаг. Харин саяхнаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэдийн гар дээр очиж буй жижиглэнгийн нүүрсний үнийг эрс хямдруулах ажлыг барьж авав бололтой.

Тэрээр саяхан Багануур-ын уурхай дээр очиж ажиллахдаа Ийм их баялагтайн дээр уурхайн аманд хямд нүүрс байхад иргэд өндөр үнэтэй нүүрс худалдан авч байгаа нь зохион байгуулалт, хүмүүсийн төлөө гэсэн сэтгэл дутсаных. Багануурын уурхайн аманд жижиг хэрэглэгч буюу иргэдэд очих нэг тонн нүүрс ердөө л 27500 төгрөг. Нийслэл хотоос 100 гаруй км-ийн цаана байгаа нүүрс Улаанбаатарчуудын зууханд долоо дахин нэмэгдсэн үнээр очиж байгаа нь иргэдэд дарамт болж байна. Иймд нүүрсний үнийг хоёр дахин хямдруулах зорилготой ажиллаж байна гэлээ.

Хэрэв энэ амлалт үнэхээр ажил хэрэг болбол, үүнээс илүү сайн зүйл гэж юу байхав. Гэвч цаг хугацаа л харуулна.

Ш.Цогт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button