Ким Чен Ун Батлан хамгаалахын сайдаа миномётоор буудан хөнөөжээ
дугаартаа мэдээлэв. Өнгөрсөн жил Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийг нас барсны дараа орон даяар гашуудал зарласан үеэр, эмгэнэхийн оронд зугаа цэнгэл хөөж явсан хэмээн түүнийг буруутгасан аж. Орлогч сайд Ким Чхолийг энэ оны эхээр баривчилсан бөгөөд тус улсын өнөөгийн удирдагч Ким Чен Уны шууд тушаалаар цаазлан хороосон гэнэ. Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн бичсэн бас нэг зүйл анхаарал татаж байгаа нь, сайдыг миномётоор буудаж хороосон аж. Ким Чен Уны тушаалаар хийсэн энэ үйлдэл нь урвагч сайдаас юу ч үлдээхгүй байх зорилготой байжээ.
Цэргийн өндөр дээд албан тушаалтныг цаазалсан явдал нь, Засгийн газрын хуучин гишүүдийг өөрийн дэглэмийн урагшлах замд саад болно хэмээн болгоомжилж буй Ким Чен Уны нам болон армид хийж буй цэвэрлэгээний ээлжит үе шат хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлд бичсэн байна. Тагнуулын байгууллагын олж авсан зарим баримтыг Өмнөд Солонгосын парламентын Гадаад харилцаа, худалдааны байнгын хорооны гишүүн Юн Сан Хен хэвлэлийнхэнд танилцуулсныг үзвэл энэ жилийн хувьд БНАСАУ-д, нас дээр гарсан өндөр зэрэглэлийн 14 албан тушаалтныг хэлмэгдүүлжээ. Тэдний ихэнхийг Ким Чен Уны заавраар албан тушаалаас нь зайлуулсан гэнэ. Өөрийн эсрэг ирэх аливаа шүүмжлэл, ордны хуйвалдааныг үндсээр нь таслахын тулд Ким Чен Ун урьтаж хөдлөхөөр шийдсэн тул нам засгийн удирдлага дахь найдваргүй этгээдүүдийг ийнхүү цэвэрлэж байгаа аж.
Ким Чен Уныг эцгийгээ залгамжлан засгийн эрхэнд гарч ирснээс хойш армийн дээд тушаалын офицерууд үе үе сураггүй алга болох болсон хэмээн Чосон Ильбо сонинд бичжээ. Харин баривчлагдсан, цаазлагдсан офицеруудын тоо хэдэн арав болсон гэнэ. Түүнээс гадна дайснуудаа зайлуулахын тулд тэднийг их удирдагчийн нас барснаар зарласан гашуудлын үеэр биеэ зохисгүй авч явсан, хангалттай хүндэтгэл үзүүлээгүй хэмээн шалтаглахыг Ким Чен Ун өөрийн талынхандаа даалгасан хэмээн зарим эх сурвалж мэдээлсэн байна. 2010 оны есдүгээр сард их удирдагчаар өргөмжлөгдсөнөөсөө хойш Ким Чен Ун наад зах нь 31 дарга, сайдыг албан тушаалаас нь зайлуулсан гэнэ.
Б.Амгалан