Н.Удвал Эм хангамжийн байгууллагуудын зөвлөгөөнд оролцов
зөвлөгөөнд оролцож эм хангамж, эмийн эмчилгээний асуудал бол эрүүл мэндийн салбарын амин чухал асуудал байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын тоо эрс нэмэгдэж, эмийн хүрэлцээ сайжирч, эмийн чанар аюулгүй байдлын талаар анхаарлаа хандуулах болсныг сайшаасны зэрэгцээ эм, эм хангамжийн тогтолцооны хяналт зохицуулалт, мэдээ, бүртгэл сулаас болж эм ханган нийлүүлэх байгууллагууд төрөөс олгосон баталгаажилт, итгэлийг хэрхэн биелүүлж, үйл ажиллагаагаа иргэд, үйлчлүүлэгчид ээлтэй, аюулгүй явуулж байгаа тухай мэдээлэл одоогоор хангалттай биш байгааг хэллээ.
Сайд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа энэ үед, Эрүүл мэндийн сайд эм, био бэлдмэл, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцүүлэхийн өмнө болж байгаа нь ач холбогдолтой гэдгийг онцлоод Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн үндсэн зорилтуудыг танилцуулав. Үүнд
1. Монгол хүн эх орондоо чанартай эмнэлгийн тусламж авах нөхцөл бололцоог бүрдүүлнэ
2. Эм болон хүнсний аюулгүй байдлыг хангана
3. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган нэг худалдан авагчийн зарчимд шилжүүлнэ
4. Хүн амынхаа эрүүл мэндийн эрсдэлийг бууруулна
5. Бага дунд орлоготой иргэдийнхээ эрүүл мэндийн эрхийг хамгаална зэрэг багтаж байгаа юм.
Эрүүл мэндийн шинэчлэлийн талаар тавигдаж байгаа дээрх үндсэн зорилтууд нь шууд ба шууд бус утгаараа эмийн чанар, аюулгүй байдалтай холбогдож байгааг сайд дурдав.
Түүнчлэн эм, эм ханган нийлүүлэх байгууллагуудын тухай тайлан мэдээ, зарим судалгааны үр дүн, иргэдээс ирж байгаа гомдол, санал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс үзэхэд эм, эмийн чанар, аюулгүй байдлын талаар багц асуудлууд шийдлээ хүлээж байгааг сайд цохон хэлсэн байна.
Тус холбооныхон аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бэрхшээл гэж харахаасаа илүү яаж даван туулах вэ гэдэг арга замыг хайж, олж ирснээрээ үр дүнтэй ажиллаж чаддаг гэдгийг тус холбооны ерөнхийлөгч доктор, профессор Л.Хүрэлбаатар нээлтийн үеэр онцлоод Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм Холбооны гол зорилгуудын нэг болох гишүүдийнхээ эрхийг хамгаалахын тулд саяхнаас хуулийн зөвлөхтэй болж ажиллаж байгаагаа хэллээ. Мөн тэрбээр эмийн салбарын 1000 гаруй хүн төрөөс шагнал, урамшуулал хүртээд байгааг дурдаад Нэгдсэн Эм Холбооны зүгээс өмнө нь Эмийн санчдын зөвлөгөөн, Эм хангагчдын зөвлөгөөн-ийг тус тус зохион байгуулснаа ярьсан байна.