Багш, ажилчдад олгох нэг удаагийн тэтгэмж хэвээр батлагдлаа
багш, ажилчдын дунд хүлээлт үүсгээд байсан хуулийн зарим заалтыг хэвээр батлуулсан байна. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан багш захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, аргазүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид тэтгэвэр тогтоолгоход нь 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай заалт хэвээр батлагдаж, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болов.
Өмнө нь батлагдсан заалтаасаа ялгаатай тал нь гэвэл зөвхөн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн дээр дурьдсан ажилтнууд мөнгөн тэтгэмж авна. Дээр нь төрийн болон хувийн их, дээд сургуулиудын багш, ажилчдад эл тэтгэмж хамааралгүй болж байна. Яагаад ганц төрийн болон орон нутгийн өмчийн гэж ангилж байгааг учир мэдэх хүнээс лавлахад Монгол улсад хүүхдэд боловсрол олгох үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, цэцэрлэг, МСҮТ-үүдийн дийлэнх хувь нь төрийн өмчийн буюу бидний хэлж заншсанаар улсынх байгаа юм. Хувийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын хувьд цалингаас өгсүүлээд ажиллах нөхцөл, хангамж нь улсынхаас хамаагүй өндөр байдаг. Багш нарт олгох энэхүү тэтгэмжийг хуулиар зохицуулсан нь багш нарын нийгмийн асуудлыг шийдэх гол зорилготой. Тэгэхээр нэн түрүүнд тусламж, тэтгэмж шаардлагатай байгаа хүмүүс рүүгээ л чиглэж байгаа гэж ойлгох хэрэгтэй гэсэн юм. Мөн хуучин байсан хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан боловсролын туслах ажилтнууд буюу нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтнууд өндөр настны тэтгэвэр тогтоолгоход 12 ба18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох заалт хэвээр үлдсэн ч 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтлоо.
Харин сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жилд нэг удаа олгох 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг хэвээр үлдээж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр болсон юм.
Эдгээр мөнгөн тэтгэмжүүдийг олгоход зориулж улсын төсөвт 36,2 тэрбум төгрөг суулгаж өгсөн байна. Үүний 22,5 тэрбум нь тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж.Үлдсэн 13,7 тэрбум төгрөг нь хөдөө орон нутагт ажилласны тэтгэмж юм байна.