Социализмын аж үйлдвэрээ технологийн аж үйлдвэрт шилжүүлсэн бол аж үйлдвэрийн капитализм байгуулах байлаа

Улс орон тэр чигээрээ намуудын утсан хүүхэлдэй болцгоож тэтгэвэрт гарсан хөгшид дуртай цагтаа цуглардаг барьцааны хүүхэлдэй, залуусыг намаар улс төржүүлэн тархийг нь угаасан хоосон толгойтой хүүхэлдэй, гурав дахь нь хөдөөнийхөн гэсэн хүүхэлдэй болцгоож. Намууд гадныхны утсан хүүхэлдэй болсноор гадныхан нэг хямралаас нөгөө хямрал руу төрийг дураараа залуурдах болсон. Төрөөс шалтгаалан хүмүүсийн амьдрал хүлээлтийн байдалд орсон. Хэзээ юу болох нь бүү мэд яаж ч магадгүй төрийн асуудал.Төр яаж хөдлөхийг ард олон хүлээнэ. Эрх чөлөөт нэртэй улстөр ард олны амьдралыг дураараа бужигнуулна Хэн хожив хэн хожигдов сүүлийн 20 жил ямар шалтгаанаар хэдэн хүн амиа алдав, хэдэн үйлдвэр хаашаа алга болов хэн ч үл мэднэ.

Гадны тусламжаас салан тусгаарлаж өөрсдийнхөөрөө амьдарч, хийж бүтээж тэр чаддаг зүйлсээ буцаагаад гартаа оруулмаар байна.

Тархай бутархай монголчуудыг БНМАУ нэрийн дор социализмд нэгдсэн бол 1990 оны өөрчлөн байгуулалтаар социализмыг устгасан. Энэ нь Монголчуудын нэгдлийн эсрэг үйл ажиллагаа байсан. Нэгдэл, хамт олон болон тэгш эрхийн эсрэг эрх чөлөө гэсэн ойлголтыг гаргаж тавьсан. Эрх чөлөөг уриалан хувьчлал явуулж социализмын бүтээн байгуулалтаа нураасан. Энэ нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд гэх мэт улс орны бүхийл бүтээн босгосон дэвшилтэт аж амьдралыг нураасан. Улстөр гэсэн ганцхан үг социализмын бүтээн босгосон нийгмийг нураасан. Улстөр бүгдийг айлгаж, бүгдийг зогсоож, нураасан. Зөвхөн бүтээн босголтыг биш сэтгэлийн бүтээн босголтыг нураасан. Хувьчлал үл хөдлөх хөрөнгийг цааш улам дэвшилтэт үйлдвэр болгоорой гэсэн зорилго дэвшүүлээгүй харин гэр бүл, хамаатан садангуудын компаниудыг үүсгэсэн.

Ардчилал эрх чөлөөг тэгш эрх, ахан дүүсэг гэсэн үзүүлэлтэд хамааралтай байтал уламжлалт ёс, зан заншилд харш байдлаар хэрэгжүүлэн бүтэлгүйтсэн. Яагаад гэвэл эрх чөлөөг буруу тайлбарлаж буруу хэрэгжүүлсэн. Орчин үе ирэхгүй алдагдсаны гол эзэн нь үндсэн хууль болж байна. Шинэ төр, шинэ хүний гарц бол шинэ үндсэн хууль. Монголын парламент буюу Их хуралд гишүүн болчихвол бизнесээ унагаахгүй найдвартай болдог моралын зөрчилд УИХ орсон. Мөнгө хайсан хөрөнгөжсөн хүмүүс улстөрд гишгэх газаргүй шүү гэсэн идеолог, ёс суртахуунтай төрийг босгох нь юу юунаас чухал болж. Хууль нэг ёсондоо гэрээ.Энэ гэрээнд талууд нэг нэгнийхээ зөвийг баталгаажуулдаг. Хуулиас гадна моралын болон ёс зүйн асуудлыг хуулинд заагаагүй тул түүнийг Үндсэн хуулийн цэц гүйцэтгэх ёстой байсан. Социализмын нийгмийг хүчээр зогсоосон. Иргэнлэг ухамсартай хүмүүс иргэний зориг гаргалгүй бууж өгсөн. Улс орныхоо асуудлыг гадны хүмүүст даалгасан. Тэд эхлээд урд хил нээлгэж 1990 оноос түүхий эдээ дараа нь хаягдал нэрээр 70 жилийн бүтээн байгуулснаа, дараа нь нефть, нүүрс, зэс, цайр, төмрөө хэдэн мянга, хэдэн сая тонноор хяналтгүй зөөж эрх мэдлээр хөрөнгөжих боломж олгож баян ядуугийн ялгаа ихэссэн. Социализмын төлөвлөгөөт эдийн засгийг устгаж мөн нэг намын системийг олон намын систем болгосон. МАХН өөрөө зөвхөн улс төрийн байгууллага биш нийгмийн, олон нийтийн хүмүүжлийн байгууллага байсан бөгөөд бүтээн байгуулалтын зохион байгуулагч байсан. Намууд улстөр нэрийн дор жинхэнэ улс төрийн төөрөгдөл-д орж олон нийтийн замбараагүйтлийг зохион байгуулсан.

Чөлөөт зах зээлийн эдийн засаг бүгдийг удирдана гэсэн ойлголт сүүлдээ юуг ч төлөвлөхгүй гэхдээ хэзээ яаж эдийн засгийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх нь нам нэртэй бүлэглэлүүдийн хүсэл болж феодалын эдийн засгийг хэрэгжүүлсэн. Социализмын бүтээн байгуулсан хөрөнгийг хувааж эзэмшин барилга байгууламжийн эздүүд болцгоосон. Ийнхүү хуучин нийгэм үгүй болж эздүүдэд худалдагдсан хүмүүс гэх анги үүссэн. Бүгдээрээ хамтдаа хийж бүтээдэг зарчимтай социалист нийгэм устаж үгүй болсон. Хамтдаа байсан хүмүүс салцгаасан тэгвэл эдгээр хүмүүсийг хэрхэн хамтруулан, нэгтгэж дахин нийгэм болгохын тулд юу хийх вэ? гэсэн асуудал шийдлээ хүлээсээр. Чөлөөт улстөр хийх гэж байгаад жинхэнэ улстөрийн террор хийж. Хүчээр эрх чөлөөт улстөр байгуулсан нэр зүүх гэж бүдүүлэг улстөрийн хэлмэгдүүлэлт явуулж.Санаа нийлээгүй хүмүүс гадуурхагдан ажил амьдралгүй болж, хүчээр эсвэл мөнгөөр гишүүн болж, үг хэлж шүүмжилсэн хүмүүс бүгд орхигдож, даган баясаж хүлцсэн бялдуучид өнөөдрийн улстөрийн нүүр царай болцгоов. Тэд хэвлэл мэдээллийг хяналтандаа авснаар улстөрийн террор дээд цэгтээ хүрсэн. Ил тод биш далд нууц улс төрийн бүлэглэлүүд мафижсан шинж төрхтэй болсон. Хүчээр хувьчлал хийж ямар ч хамаагүй замаар чөлөөт зах зээлийг хэрэгжүүлэх гэсэн завхаралаас нийгмийн бүтэц эвдэрсэн. Улстөр, социалог, соёл болон шашины сэдвүүдийг хольж хутган даамжирсаар мэдлэг болон боловсролын салбарыг чадваргүй болгосон.

Социализмын эринд эсгий гэрээс гарч ирсэн монголчуудад соёлын довтолгоон гэж маш том иргэншлийн хөдөлгөөн өрнүүлэн аж үйлдвэржүүлэх төрийн бодлого хамгийн их шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Монгол хүнийг анх удаа техникийн болон инженерийн мэргэжилтэй болгож мэдлэг гаднаас орж ирсэн. Мэдлэг улс орноо хөгжүүлэх цорын ганц зам гэдгийг монголчууд бие болон сэтгэлийн гэрч болцгоосон. Түүхий эдээ үйлдвэрлэн бүтээгдэхүүн гаргах чадвар нь машин техник бөгөөд тэдгээрийг ажиллуулж чадах чадвартай мэргэжилтнүүд хувьчиллаар ажилгүй болсон. Хөдөлмөр ерөөсөө эдийн засгийн анхдагч хүчин бөгөөд түүнийг төр хэрхэн зөв удирдаж чадсанаар улс орон хөгжинө. Үүний тулд улстөр хийх учиртай. Улстөрийг эдийн засаггүйгээр эдийн засгийг улс төргүйгээр хэзээ ч ойлгох ёсгүй.

Социализмын аж үйлдвэрээ технологийн аж үйлдвэрт шилжүүлсэн бол аж үйлдвэрийн капитализм байгуулах байлаа. Аж үйлдвэрийн хувьсгал бол түүхий эдийн орноос үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргах тэр чадварыг хэлдэг. Социализмын үед дэлхийн буурай орны хүмүүсээс илүү европын мэдлэг мэргэжилд ойртсон бүтээмж технологи болон шинжлэх ухааны мэдлэгийг хэрэгжүүлж тэдгээрийн ашгийг амссан. Тиймээс ардчиллын жилүүдэд гадаад орнуудад хөл алдалгүй ямар ч мэргэжлийн ажлыг хийдгээ харуулж хэнтэй ч хэл амаа олох чадвар бидэнд байгаа. Хөдөлмөр ерөөсөө эдийн засгийн анхдагч хүчин бөгөөд түүнийг төр хэрхэн зөв удирдаж чадсанаар улс орон хөгжих учиртай. Монголчууд капитализмыг хөгжүүлэхдээ буцаад социализмын аж үйлдвэрийг дахин давтахаас өөр замгүй. Ингэж байж л техник технологи үйлдвэрлэж өөрсдөө түүнийгээ хэрэглэх боломж гарна. Зах зээл гэж капитализмыг зөөлрүүлсэн нэр бөгөөд хөгжил болон иновацийг илүү их дэмжсэн онолын ойлголт. Ингэж зөөлрүүлэн нэрлэсэн зах зээлийн системийн зорилго эхлээд эфицент дараа нь шударга ёс. Зах зээлийн тухай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд ярихаас биш импортын бараагаар бие биенээ цохих эсвэл тендерт орж хахуульдах биш харин түүхий эдээр иргэдийн эрэлт хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай яриа юм. Нүүрсээ олборлоод борлуулах бус боловсруулаад кокс,хийн түлш үйлдвэрлээд борлуулах нь зэх зээлийн ойлголт. Зах зээлийн шударга ёс гэдэг бас л монополь том компаниуд бүтээгдэхүүнээ худалдаж чаддаг, жижиг компаниуд өрөнд орж дампуурдаг гэсэн ойлголт биш. Үүний эсрэг төр арга хэмжээ авч зохицуулахаас зах зээлийн хууль гэж хэрэглэгчийг хохироох биш юм. Монголчууд бид нэгэнт аж үйлдвэрээ устгаж, барааны үнээ зориуд хяналтгүй болгож, хилээ нээж Хятадын бараа орж ирснээр зөвхөн үнийн өрсөлдөөн явагдсан. Энэ үнийн замбараагүйтлийг нэг үгээр хэлэхэд монополчиллыг зах зээл гэж нэрлэж ямар ч эфицент үйлдвэрлэл болон шударга ёс үйлчилсэнгүй.

Монголчууд газрынхаа эзэн биш болсон. Тэр ч бүү хэл газрын эзэд нь гадаадын иргэд болсон. Хоёрдугаар шинж бол цөөн хүмүүс улстөрийн шийдлүүдийг гаргадаг болсон. Тиймээс төр тэр чигээрээ цөөн хүмүүсийн мэдэлд орсон. Монголын ард түмэн төр улсын ямар ч шийдвэрт нөлөөлж чадахгүй болсон. Ийм хоёр шинжээрээ Монголыг феодалжсан гэж дүгнэж болно. Феодалууд албан тушаалаа өвлүүлдэг. Төрийн албан тушаалаа дамжуулан гэр бүл хамаатан садангаараа эзэмшиж буй нь монгол төрийн нийтлэг төрх болсон. Тэд их дээд сургуулиуд болон шинжлэх ухааныг хэзээ ч дэмжихгүй. Феодалууд баялаг бүтээхгүй зөвхөн төрд наалдаж өнгөтэй өөдтэй бүхнийг сорж шимнэ. Соён гэгээрэх үйлдэл бүрийг эсэргүүцнэ. Монголчуудыг мухар сүсгээр төөрөгдүүлж бие даан бодох чадваргүй, бие даан амьдрах боловсролгүй, улстөрийн алдаатай үйл ажиллагаануудыг шүүмжлэх чадваргүй болгох оролдлогууд газар авсаар.

Капитализмын дараа социализм ирнэ гэж онолчид үздэг.Улстөрийн социалист болон капиталист урсгал хоёулаа зэрэгцэн орших шаардлага шинээр урган гарлаа. Яагаад гэвэл өнөөгийн капитализм банк санхүүгийн мэдэлд бүрэн орж төр компаниудийг санхүүгийн болон хөрөнгө оруулалтаас аврах хэрэгтэй болсон. Маркс капиталист үйлдвэрлэлийг магтсан ч түүний эцсийн цэгийг дэлхийн газар нутгийг цөлмөнө, ажилчин ангийг боолчилно гэж анхааруулсан. Энэ аюул дэлхийн олон улс оронд тулгарсан. Олон орон байгаль орчны сүйрэлд автсан хоёрдугаарт ядуу буурай орны хүн ам шинэ үеийн пролетарууд болцгоож баян орнуудын боолын ажлыг хийж амьдрах төдий хэмжээний цалин хөлс авдаг болсон. 2008 онд дэлхийд явагдсан эдийн засаг санхүүгийн хямралыг улстөр эдийн засгийн хямрал гэж үздэг. Энэ хямрал нийгмийг хэрхэн хямралд оруулав, үнэтүүдийн болон моралын ямар хямралд оров гэсэн улстөрийн асуултууд чухал болсон. Мөн хүн төрөлхтөний хамгийн чухал ойлголт болох итгэл үнэмшлийг хямралд оруулсан гэж үздэг. Шинийг сэдэж бас шинийг бүтээж чадсаныг шинэчлэл хийлээ гэдэг. Харин шинийг сэдээд ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй бол түүнийг инновац гэхгүй инвэнц буюу шинэ бүтээл оновчтой санал гэнэ. Инновац бол нийгмийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болж чадсан хэрэглэгчийн тусын тулд шинэ бараа бөгөөд хуучин бараанаас олон талаар давуу гэсэн ойлголт. Инновац шинэ үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэх төдийгүй бас соёл, урлаг, шинжлэх ухаан мөн нийгэмд хэрэглэдэг.

Социализм болон ардчилал хоёрын ялгаа юунд вэ гэхээр социализм тэгш эрхийг эрх чөлөөний өмнө тавьдаг бол ардчилал эрх чөлөөг тэгш эрхийн өмнө тавьдаг. Ердөө ийм л улстөрийн үнэтүүдийг дээр, дор тавьсан асуудал. Социализм гайхамшигтай онол хэдий ч практикт бүрэн дүүрэн хэрэглэж чадсангүй. Ардчилал үүнтэй адил бүрэн гүйцэд хэрэглэх чадалгүй боллоо.Демократ гэсэн энэ үг хүн төрлөхтний хувь тавилангийн асуудал болжээ.Ардчилал өөрөө юу ч хийхгүй бас юу ч бүтээхгүй. Монголын төр өөрийгөө хэн гэдгээ батлан харуулах ёстой. Үүний тулд улстөр хийх шалтгаантай. Улстөр ил тод байж ямар ч нууцгүй бүхий л шийдвэрүүдийнхээ тайлбарыг хийж чаддаг болсон тэр үед ардчилал боломжтой болно. Улстөр нууц байна гэдэг сонирхлоо хуйвалдаанаар шийдэж бас хууль бусаар нөлөөлөхийг хэлнэ. Ард түмэн төрийн эзэн гэсэн улстөрийн ойлголт нь хамтдаа амьдарч буй хүмүүс нийлэн ямар төрийг байгуулж түүгээрээ өөрсдийнхөө хувь заяаг шийдэх гэсэн ойлголт. Хүмүүс ганц нэгээрээ хувиа хичээх биш харин ард түмэн нэгдэн нийлж тохиролцож, итгэлцсэний дараа ард түмэн том үйл хэргийг бүтээх чадвартай болно. Социализмын үед эрх чөлөөнөөс илүү тэгш эрх, шударга ёсыг дээгүүр тавьсан. Сонгодог эрх чөлөөний тухай онол хоёр зүйлийг чухалчилсан. Нэгдүгээрт эдийн засаг гэж буй зах зээлд чөлөөтэй оролцох, хоёрдугаарт сонгуулиас эхэлдэг улстөрийн үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох. Тиймээс чөлөөт зах зээл биш зах зээлд чөлөөтэй оролцох гэсэн ойлголт гарна.

Монгол хүн социалист нийгмийн үед бусадтай нэг үгээр хэлэхэд огт танихгүй хүмүүстэй хамтарч хамтын амьдралын суурийг тавьсан. Эндээс хамтдаа гэсэн ухагдахуун гарсан. Нам байгуулагдсан шалтгааны зорилго бол улстөр биш бүтээн байгуулалт байсан. Ардчилал эхлэхэд энэ байдал устгагдсан. Улстөр хийнэ гэж олон нам байгуулагдсан ч сүүлдээ цөөн хүмүүсийн тансаг амьдралын хэрэгсэл болж хувирсан.

Сая болж өнгөрсөн сонгуулиар намууд хөгжлийн бодлогоор өрсөлдөж ажилгүйдэл ядуурлаас хэрхэн гарахаа, баруун зүүнээ тодорхойлсонгүй, нам төлөөлсөн бие даагч 48 суудлын төлөө улайрч, эрх мэдэлтнүүд 28 суудалд санал авснаар аль нам ямар хөгжлийн бодлоготой, ямар үзэл баримтлалтайг тогтоосонгүй. АН-31, МАН-25, Шударга ёс эвсэл 11, ИЗНН-2, бие даагчид 3 суудлыг олон түмэн өгсөн. Энэ дагуу АН эвсэж төр барих болсон. АН-н дарга Алтанхуяг Засгийн газраа байгуулахдаа ард олонд амьдралын баталгааг гаргаж өгөх тэр бүтэц бий болгох байсан .

Хэн хэнийхээ өмнө хариуцах ямар ч гэрээ, үүрэггүй төр болон иргэд өөр өөрийнхөө замаар явцгаана. Нэгэнт нийгмийн гэрээгүй төр эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэх нь мэдээж бөгөөд нийгмийн өмнө ажилгүйдлийг багасгах асуудал тэдний зорилго биш болжээ. Ажилгүйдлийг багасгах арга нь үйлдвэржилт, ажлын байр бөгөөд үүний тулд хөрөнгийн эх үүсвэрээ яаж нэмэх тухай хариу гаргах байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөр яаж нь тодорхойгүй байна. Уг нь асар их баялагтай, өргөн уудам нутагтай, 50 сая малтай Монгол гадны хөрөнгө оруулалтаар биш мэдлэгтэй, мэргэжилтэй хүмүүсээ ажилд уриад тэдний хийж чадах техник технологид хөрөнгө оруулах, мал аж ахуйгаас гарах түүхий эдээ боловсруулах, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрээ хөгжүүлэх асуудал байсан. Мөн үндсэн хуульд заасан нийтийн өмчөө нэг бүрчлэн тодорхойлж төрийн мэдэлд 51 -ээс илүү хувийг байлгаж орлогыг нь төвлөрүүлэх. үйлдвэр уурхай эзэмшдэг хэн ч байсан ч, сайн дураараа алт олборлодог нинжа байсан ч 51 хувийг төр төвлөрүүлдэг, хайгуул, ТЭЗ Үндэслэлээ өөрсдөө хийдэг болсноор баялагтаа эзэн болох юм.

Харийнханд дэндүү нээлттэй, өөрийн бизнес эрхлэгчдэдээ төмөр нүүрээ харуулахаа зогсоож баялгаа эргэлтэд оруулах, хөгжлөө тодорхойлох,үйлдвэрлэлээ дэмжих үүрэг төрд байгаа. Ялангуяа нефть, төмөр, нүүрсээ, малын гаралтай түүхий эд, мах сүүгээ боловсруулдаг аж үйлдвэртэй, цомхон чадварлаг төртэй байж хөрөнгө оруулалтаа нэмж чадвал монгол хөгжинө. Энэ л асуудал ядуурлаа бууруулах арга хэмжээ бөгөөд энэ засгийн газар хүнс, хөнгөн, хүнд үйлдвэрт шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэхээр зохион байгуулах байсан. Хүнс, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнд үйлдвэр, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн яам, Шинжлэх ухаан технологи, боловсролын яам гэсэн эдийн засгийн гурван яамыг шинжлэх ухаан, техник технологи, боловсролын гэсэн бодлогоор хөгжих бүтцээ байгуулах байсан.

1. ХХҮ Яам

Хүнсний үйлдвэрийн газар- Бэлчээрийн мал аж ахуй

-Эрчимжсэн мал аж ахуй

-Газар тариалан, хүнсний ногооны аж ахуйн хэлтэс

– Хүнс боловсруулах үйлдвэрийн хэлтэс

-Тэжээлийн үйлдвэрийн хэлтэс

Хөнгөн үйлдвэрийн газар -Түүхий эд боловсруулах үйлдвэрийн хэлтэс

– Хөнгөн үйлдвэрийн хэлтэс

2.Хүнд үйлдвэр, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын Яам

Хүнд үйлдвэрийн агентлаг – Нүүрс олборлох боловсруулах газар

– Нефть олборлох боловсруулах үйлдвэрийн газар

– Төмөр олборлох, боловсруулах үйлдвэрийн газар

– Зэс, цайр, алт, жонш үйлдвэрлэлийн газар

– Ашигт малтмал хайгуулын газар

Дэд бүтцийн агентлаг – Эрчим хүчний газар

– Авто замын газар

– Автотээврийн газар

– Агаарын тээврийн газар

– Төмөр замын газар

– Харилцаа холбооны газар

3. Шинжлэх ухаан,боловсрол, технологи шинэтгэлийн яам

– Хүнсний үйлдвэрийн хүрээлэн, сургууль

– Хөнгөн үйлдвэрийн хүрээлэн, сургууль

– Хүнд үйлдвэрийн хүрээлэн, сургууль

– Эрчим хүчний хүрээлэн, сургууль

– Төмөр замын хүрээлэн, сургууль

– Байгаль орчин ашигт малтмал үнэлгээний хүрээлэн, сургууль

– Боловсролын хүрээлэн, сургууль гэсэн бодлогын гурван яам хөгжлийн бодлого, боловсрол, стратег, хөрөнгө оруулалтаа төвлөрүүлснээр хөгжлийн олон ажил эзэнтэй болно.

Үүнээс гадна ХХҮЯ, ХҮДБХОЯ-ны бүтэцтэй уялдсан боловсруулах техник технологи, төсөл хөтөлбөр боловсруулдаг, мэдлэгт суурилсан эрдэм шинжилгээний хүрээлэн инженерийн дээд дунд сургуулиуд хамтын ажиллагааг үндэслэн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж монголоо үйлдвэржүүлж ажилгүйдлээс гарах алхмууд хийх энэ бүтцийг хэлэлцээд засгийн газраа шинээр зохион байгуулах. Энэ бүтэц нь инженер, технологи, химичид бодлого боловсруулдаг, хуульч, эдийн засаг, аялал жуулчлал, гэх мэт хүмүүнлэгийн мэргэжлээр сургах биш математик, физик, химид тулгуурласан академик сургалттай, инженерийн дээд, дунд боловсролыг залуучууддаа эзэмшүүлэх, сургалтын зардлыг улс хариуцаж онц сайн сурлагатай оюутанд тэтгэлэг өгдөг бүр ард иргэдэд идэх хоол, өмсөх хувцас, орон байраар хангах үүргийг төр хүлээх эцсийн зорилготой. Улстөрийн Социал Демократ зарчмаар нэгч монгол хүнийг ардчиллын гадна орхихгүй байх хүн амынхаа социал хэрэгцээг улсаас хангах боломжийг нээж өгөх бүгдийг төр хариуцах, эцсийн эцэст ард түмний төлөө төр ажиллах учиртай. Энэ үзэл дээр тулгуурласан нийгмийн бодлого явуулснаар илүү хүмүүнлэг,илүү хамтын, сайн сайхан амьдралд хүрч ажилгүйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд ахмадуудад тусгайлан бодлого явуулах.

Чөлөөт зах зээлийн эдийн засаг Монгол орныг хөгжүүлж чадахгүй нь батлагдаж Хамтын зах зээлийн эдийн засгийг сонгох нь Монголын хөгжлийн гарц гэдгийг намууд төдийгүй ард иргэд хүлээн зөвшөөрөх. Байдал ийм байхад нэгч нам энэ асуудлыг дэвшүүлсэнгүй.Энэ эдийн засаг хувийн сонирхол болон төрийн зохицуулалтыг хослуулдаг, шударга өрсөлдөөнийг шаарддаг, эдийн засгийн өсөлт, бага инфляци, ажил эрхлэлтийн түвшин, ажлын байрны хангамж нийгмийн үйлчилгээ зэргийг хангах зорилготой. Гэхдээ бүхнийг хувийн хэвшилд даатгадаггүй учир нь төр эдийн засгаа тодорхой хэмжээгээр зохицуулж хүн амын үндсэн хэрэгцээг хангахгүй бол иргэдийн амьдрал хувийн хэдхэн компаний золиос болсоор байх болно.

Хамтын зах зээлийн эдийн засаг үндэсний корпорациуд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг болох ёстой.Учир нь жижиг дунд үйлдвэрийн компаниуд улс үндэсний эдийн засгийг хөгжүүлдэггүй. Харин үндэсний корпорациуд ажлын байр, эдийн засгийн өсөлтийг улс орны хэмжээнд хангаж өгдөг.Монголчууд эдийн засгаа дэлхийн эдийн засагтай интеграцлах замаар Үндэсний бүтээгдэхүүнээ Дэлхийн эдийн засагт монголын эзлэх хувийг нэмэгдүүлэх мөн Засгийн газар хөрөнгө оруулалтаа, аж үйлдвэрээ хөгжүүлэх сангаа байгуулах эдгээр сангууд үндэсний болон дэлхийн нийт бүтээгдэхүүнийг өсгөх тэр өсөлтөөс олсон орлого хөрөнгөө улсынхаа ирээдүйд зориулахад засгийн газрын бүтэц тохирсон байх учиртай. Энэ саналыг хүлээн авч олон түмнээр хэлэлцүүлэн мөрийн хөтөлбөрөө болгоно гэдэгт итгэж байна.

С.Найдан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button