Махмуд Ахмадинежад Эртний уламжлалт хоёр орны харилцаа улам өргөжнө гэдэгт итгэл төгс байна
болгон өөрчлөхөд Азийн улс орнууд маш чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд нэгдсэн арга хэмжээ авч явуулах хэрэгтэй хэмээн ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад саяхан Кувейт улсад болсон Азийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр хэлсэн юм. Тэрбээр цааш нь Азийн улс орнууд улс төр, эдийн засаг, соёлын салбарт явуулж буй олон улсын ялгавартай харилцааны золиос болж байна. Энэхүү харалган бодлогын үр дүнд алан хядах ажиллагаа улам зохион байгуулалттай болж, хар тамхи, мансууруулах бодисын үйлдвэрлэл идэвхжиж буй нь тус бүс нутагт нөлөөлж байна гээд Азийн улс орнуудыг дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Чуулга уулзалтын үеэр дэлхийд нэртэй энэ эрхмээс ярилцлага авахыг зорьж байв. Олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хаан, султан зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчид чуулсан болохоор харуул хамгаалалт чанга завсарлагааны үеэр албан ёсны хуралд оролцогсод ба хэвлэл мэдээллийнхнийг тус тусад нь байрлуулж, бүр томчууд нийтийн тэр танхимд орж ирэх ч үгүй. Гэвч хурлын төгсгөлд олдсон завшааныг ашиглан Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмаденижадаас тун товч боловч ярилцлага авч амжсан юм.
Тэрбээр хурлын үр дүнг хэрхэн үнэлж буй асуултад Азийн орнууд дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд оролцоход бүс нутгийн хамтын ажиллагааны энэхүү дээд хэмжээний чуулга уулзалт чухал ач холбогдолтойг онцолсон. Мөн Монгол-Ираны харилцааны тухайд олон зуунаар хэмжигдэх найрсаг сайхан уламжлалтай гээд цаашид хоёр биенээ дэмжих, эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг ч хэлсэн юм.
Ил хаадын үеийн хэмээн түүхэнд үлдсэн Монгол-Ираны харилцаа зуун зуунаар хэмжигдэх юм. Дэлхийд томд орох Өлзийт хааны бунхныг бүтээж, Рашид-Ад-Диний алдарт Судрын чуулган-ыг тэд хадгалж байв. Монголын түүх, соёлын асар их нандин өв бүтээл энэ улсад байгаа бөгөөд цаашид хамтран судлах төв байгуулах, мэргэжилтэн сургах, бэлтгэх талаар хийх зүйл их байгааг хаа хаанаа ярьж буй юм билээ. Анх 1971 онд дипломат харилцаа тогтоож, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал эхнэрийн хамт 1973 онд айлчлах үеэр хамтын ажиллагааны зарчмуудыг тусгасан Тунхаглал-ыг баталж байжээ. Харин энэ үед Шахийн хатан Фарахын толгойлдог Хүүхдийн фондын туршлагыг Цэдэнбал-Филатова сайн судалж, тусламж дэмжлэгийг авсны нөлөө нь социализмын үед түүний хийсэн, өдгөө бидний ганц сайшаадаг хүүхдийн төлөөх ажлууд юм байна.
Хоёр орны харилцаа үеийн үед тасалдаагүй ч 1990-ээд оноос илүү идэвхжиж, шинэ салбар агуулгаар баяжиж байна Ираны бөхөөр нь мэддэг байсан монголчуудын төсөөлөл өнөө цагт тэс өөр болсон. Нефтийн нөөц, цөмийн энергийн хүч чадлаараа дэлхийд зиндаархаж байгаа энэ улс манайхаас мах, ноолуур, зэс авах сонирхолтой байдаг бол газрын тос, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломжтой юм.
Б.Оюун-Эрдэнэ