Багануурын нүүрсийг ядаж 50 мянган төгрөг болгочихгүй
худалдан авах боломж олгож байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн. Гэвч иргэд үүнийг Арай үнэтэй байна хэмээн үзэсэн буй юм.
Учир нь Засгийн газраас гэр хорооллын айл өрхөд хямдралтай үнээр нүүрс борлуулах ажлыг зохион байгуулахаас өмнө Эрчим хүчний сайд М.Сономпил Багануурын уурхайд ажиллах үеэрээ Багануурын уурхайгаас нэг тонн нүүрс 27 600 төгрөгөөр гардаг. Тиймээс нийслэлчүүдэд 47 мянган төгрөгөөр хүргэх боломж байна гэж байсан. Одоо яагаад 80 мянган төгрөгөөр борлуулах гээд байгаа нь сонин юм аа гэсэн иргэд олон байна. Энэ талаар зарим иргэдийн үзэл бодлыг сонссон юм.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Чилхаасүрэн
Алаг толгойн нүүрс тонн нь 70 мянган төгрөгийн үнэтэй байна
-Засгийн газраас 40 кг нүүрсийг 3200 төгрөгөөр олгохоор болсон. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Манайх хямд нүүрс худалдаалах сургаар нүүрсээ аваагүй. Боломжтой хүмүүс нь аль хэдийнэ түлээ, нүүрснийнхээ асуудлыг шийдчихсэн байх. Өдөр хоногийнхоо хоолонд таарсан мөнгө олдог хүмүүс нь л хоолныхоо мөнгөнөөс хугасалж, жижиг ууттай нүүрсээр авдаг.
-Нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөг байх нь хэр боломжтой үнэ гэж бодож байна?
-Засгийн газраас зохицуулж байгаа үнийг арай өндөр гэж бодож байна. Яагаад гэвэл Багануурын нүүрснээс хавьгүй чанартай Алаг толгойн нүүрс Амгалан өртөөн дээр нэг тонн нь 70 мянган төгрөгийн үнэтэй байна. Бас Багануураас вагоноор ачиж ирсэн нүүрсийг нэг тонныг нь 40 мянган төгрөгөөр худалдаалж байгаа сураг байна лээ.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн н.Мөнхжаргал
Багануурын нүүрс нэг тонн нь 50 мянган төгрөг байх боломжтой
-Засгийн газраас нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдаалахаар болсон. Энэ нь бодит байдал дээр үнэтэй гэж зарим иргэн үзэж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Бодит байдлыг сайн судлаагүй байж ийм ажил өрнүүлээд байгаа юм уу, аль эсвэл дунд нь хэн нэгний бизнесийг дэмжээд байна уу.
Багануурын нүүрс газар дээрээ нэг тонн нь 27 600 төгрөг байна. Тээврийн зардлыг нь нэмээд 40 гаруй мянган төгрөгөөр гэр хорооллын хэрэглэгчдэд хүргэх боломжтой гэдгийг Эрчим хүчний сайд М.Сономпил хэлж байсан. Гэтэл одоо 80 мянган төгрөг болчихсон байна. Нэгэнт төрөөс зохицуулалт хийж байгаа юм бол бодитой судалгаа хийж, аль болох нийгмийн эмзэг хэсэгтээ хүрч үйлчилмээр байна. Тонн нүүрсийг 40 мянгаар байг гэхэд 50 мянган төгрөгөөр хорооны цэг дээр хүргэж яагаад болохгүй гэж.
-Та өвлийн түлшээ бэлдсэн үү?
-Бэлдсэн. Өнөөдөр өндөрлөгөөгүй портер нүүрс 270 мянган төгрөгнөөс дээш үнээр худалдаалагдаж байна. Би энэ жишгээр л бэлдсэн.
Бидний санаа бодлыг сонсдог хүн ер нь байдаг юм уу, сонсоод шийдвэрлэх ёстой асуудлын төлөө явдаг хүн гэж байдаг юм уу.
-Гэр хорооллын иргэдэд өвлийн улиралд эрчим хүчний хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хөнгөлөлтөд хамрагдсан уу?
-Энэ ч яах вэ, их олон жил яригдаж байгаа зүйл. Эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах гэж бүх бичиг баримтаа бүрдүүлээд дүүргийнхээ Эрчим хүчний газартай гэрээ хийсэн. Тэд таны эрчим хүчийг 50 хувиар хөнгөлөхөөр боллоо гэдэг. Гэтэл 30 мянган төгрөг гарсан байлаа гэхэд дээд тал нь 10 мянган төгрөг л хасдаг.