Улаанбаатар хот дэлхийн хамгийн олон удаа нүүсэн нийслэл

эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр­тай ярилцсан юм.

-Улс орон бүрийн нийс­лэл өөрийн түүхтэй бай­даг. Монгол Улсын нийс­лэлийн бай­гуу­лагдсан түүхээс сонир­хуулаач?

-Бид нийслэл хот бай­гуу­лагд­сан түүхт ойн өдрийг нийслэлийн өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. Одоогоос 373 жилийн өмнө буюу 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг таван настай байхад нь их Мон­голын шарын шашны тэргүүнд өргөмжилж, өргөө бос­госон байдаг. Үүнийг суд­лаа­чид Улаанбаатар хотын суурь тавигдсан гэж тооцдог юм.

-Улаанбаатар гэдэг нэрийг нэлээд сүүлд өгсөн гэдэг. Нийс­лэлийг анх ямар нэртэйгээр хаана байгуулж байсан юм бол?

-Нийслэл хот анх Өвөр­хангай аймгийн Бүрд сумын нутаг Их Монгол, Бага Монгол уулын дунд орших Ширээт цагаан нуур гэдэг газар байгуулагдсан гэдэг баримт бий. Харамсалтай нь, 1691 онд Манжид эзлэгдсэн. Тэд монголчуудыг нэгтгэх бодлого баримтлан, долоон хошууны даншиг наадам зохион байгуулах болсон. Эхэндээ гурван жилд нэг удаа хийж байснаа сүүлд хоёр жил тутамд хийдэг болжээ.

Харин 1920-иод оноос эхлэн долоодугаар сарын 11-ийг Үндэсний их баяр наадам болгон тэмдэглэж ирсэн.

Манжийн дарлалд байх хуга­цаанд Халх Монголын шаш­ны тэргүүн Занабазар өргөөгөө томсгох, өөр газар дахин байгуулж, монгол­чуудаа нэгтгэх үйл ажиллагааг хийж байсан гэдэг. Тиймээс 1706 онд одоогийн Архангай аймгийн нутаг Эрдэнэтолгой хэмээх газар Батцагаан дуганыг байгуулсан. Ингэснээр Өргөө нь Их хүрээ болсон гэж ойлгож болно.

Энэ ч утгаараа манай улсын нийслэл дэлхийн түүхэнд хамгийн олон удаа нүүсэн хот гэж тэмдэглэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн өнгө төрхийг олтлоо нийт 20 гаруй удаа нүүсэн байна. Нүүдлээ дагаад нийслэлийг Номын өргөө, Өргөө, Хүрээ, Нийслэл хүрээ, Богдын хүрээ, Хутагтын хүрээ, Да хүрээ, Улаанбаатар гэх мэтчилэн олон янзаар нэрлэж байжээ.

-Одоогийн Улаан­баатар хотын байрш­лын талаар тодруулаач?

-Бидний байгаа энэ газрыг Алтан тэвшийн хөн­дий гэж нэрлэдэг. 1778 онд Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхор буюу дөрвөн уулын дундах хөндийд нүүж ирсэн. Ирэхдээ хүн чулуун хөшөөгөөр шав тавьж байсан гэдэг. Хүн чулууны хонхор гэдэг нь одоогийн Гадаад харилцааны яамны арын хэсэг юм.

-Хэдийнээс Монгол Улсын нийс­лэл гэж албан ёсоор нэрлэх болсон бол?

-1911 онд Халх мон­гол­чууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан. Улмаар олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг байгуулсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингээд ҮIII Богд Жавзандамбын лүндэнгээр Их хүрээг Монгол Улсын нийс­лэл болгосон. Гэхдээ нэрийг нь өөрчлөн Нийслэл хүрээ болгосон.

-Улсын нийслэл бай­гуу­лагдана гэдэг Засаг захиргаатай болж, хотын бүтээн байгуулалт, төлөв­лөлт зэрэгт олон өөрч­лөлт орсон байх. Энэ талаарх түүхийг сонирхвол?

-Нийслэл хүрээ болсон ч тусгайлсан засаг захиргааны нэгж байгаагүй. Харин бүтэц зохион байгуулалтын хувьд Богдын зүүн хүрээ гучин аймаг буюу лам нарын амьдардаг хэсэг, хятадууд суурьшсан буюу Зүүн, Баруун дамнуурчин гэх мэт то­моохон хороолол байсан байна.

Түүнчлэн худалдааны захууд дэлгэрч, хамгийн том нь Маймаа хотод байв. Энэ нь одоогийн Амгаланбаатар юм.

Богд өөрийн эзэмшлийн дөрвөн ордонтой байж. Эдгээр нь ямар үйл хэрэг хийхээс шалтгаалан онцлогтой байв. Улсын хэмжээнд зохиогдох даншиг наадам, шашны зан үйлийн их ёслол цам харайх, ард иргэддээ өглөг өгөх өдөр зэргийг дээрх дөрвөн ордонд хийж байжээ. Одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэд хамгийн томд тооцогдох Шар ордон нь байсан байна.

Бас нэг сонирхолтой зүйл нь тэр үеийн монголчууд Дунд голоос Туул гол хүртэлх нутагт суурьшдаггүй байж. Учир нь энэ хэсэг Богдын Өндгөн сүрэг-ийн бэлчээр байжээ. Мөн Манжийн хааны зар­лигаар Богд уулыг дархан цаазат болгосон байна. Энэ үйл явдал нь дэлхийд мөн л анхны гэж тооцогддог. Харин 1924 онд төр захиргааны байгууллагатай болж, нийслэлийн нэрийг Улаан­баатар болгон өөр­чил­сөн. Төр захиргааны нэгж­тэй болсноор тэр үеийн нийслэл бүрэн өөрчлөгдөж, өнөөдрийн дүрх, төрхийн үндсийг тавьсан гэж ойлгох хэрэгтэй.

-Нийслэл хот бай­гуу­лагд­сан ойн баяраар баяраар Мэлхий хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэсэн?

-Энэ нь нийслэл хотыг Алтан тэвшийн хөндийд нүүлгэн авч ирж, хүн чулуун хөшөөгөөр шав тавьж байсан түүхтэй холбоотой. Энэхүү үйл явдлыг хойч үедээ сануулах, мөнхжүүлэх зорилгоор нийслэлийн 355 жилийн ойгоор Мэлхий хөшөөг босгосон. Эртний дорно дахины хотуудын түүхэнд мэлхийг энх тайван, аливаа муу бүхэн хал­дахгүйгээр урт удаан оршин тогтнохын бэлгэдэл гэж үздэг юм.

О.Номин-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button