Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-Үүл танаа

хийгдэж байгаа ардчилсан өөрчлөлтүүдийг хүний эрх, ардчиллын тулгуур зарчим, үнэт зүйлд нийцүүлэн амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.

Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг. Түүнчлэн хүний эрхийн үзэл хандлага, тулгуур зарчмын дагуу аливаа ХЯЗГААРЛАЛТ, ХОРИГ арга хэмжээ бол хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг гэж үздэг.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор та нарын авч байгаа байгаа арга хэмжээг NEWS.MN цахим сонингоор санал өгч байгаа нийт иргэдийн 31 хувь нь дэмжихгүй хэмээн санал өгсөн байна.

Нийтлэг эрх ашиг болон хувийн эрх ашгийг эрэмбэлэхэд нийтлэг эрх ашгийг дээгүүрт тавьдаг хэдий ч Үндсэн хуульд заасан хүн бүрийн эрх, эрх чөлөөнд захиргаадалтын аргаар халдахгүйгээр хувь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж, бодлого, үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй гэдгийг тань хүний эрх, ардчиллын үйл хэрэгт 22 жил ажилласан мэдлэг, туршлага дээрээ үндэслэн хандаж байгааг маань онцгойлон анхаарч, энэхүү зүй бус арга хэмжээгээ зогсоохыг шаардах нь миний үүрэг гэж үзлээ.

Аливаа хориг, хязгаарласан арга хэмжээ бол өдөр дутмын амьдралаа аргацааж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид, хүүхэд, өндөр настан, эмэгтэйчүүдийн амьдралын өртөгийг хэд дахин нэмэгдүүлж, хувь хүнийг эдийн засаг, бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд оруулдаг. Тухайлбал бага насны хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, эмнэлэг үйлчилгээний газарт очихдоо өөрийн унаагаар зорчих эрхээ хасуулсаны улмаас нийтийн тээврийг хүйтэн, нойтон, шороо, утаатай орчинд удаан хүлээх, эсвэл такси хэмээх үйлчилгээний соёлгүй, бохир, шаардлагад нийцэхгүй унааны чанарт нь тохирохгүй, шударга бус төлбөрийг аргагүй эрхэнд төлж, ялихгүй зүйлд ямааны гарз гэгч болж байна. Мөн бохир, тоос шороо, утаа тортогтой, явган хүн явах боломжгүй орчиноос үүдэн харшил болон амьсгалын замын өвчтэй хүний тоо олширч байна. Нийтийн тээврийн үйлчилгээ, зорчигчдын соёлгүй байдлаас болж бага насны охид, хүүхэд сэтгэл санааны дарамт, доромжлолд өртөж байгаа жишээ ч байна.

Энэхүү хориг арга хэмжээ нь хэд хэдэн машинтай, эрх мэдэлтэй чинээлэг давхаргад огт мэдрэгдэхгүй, тэдний эрх, эрх чөлөө ямагт хамгаалагдсан хэвээр байх ба харин ардчилсан нийгэмд заавал хамгаалагдаж байх учиртай давхаргад хүндрэлтэй тусдаг, сөрөг үр дагавартай, аргаа ядсан, дарамттай байдгаараа онцлог бөгөөд бас нэг сөрөг тал нь жирийн иргэнийг аргагүйн эрхэнд хууль, журам зөрчих асуудал руу түлхэн оруулдаг гэмтэй. Тиймээс иймэрхүү төрлийн зохицуулалт бол хүсээгүй зөрчлүүдийн гинжин холбоог бий болгодог.

Харин түүний оронд зам, дэд бүтцээ сайжруулах, мөн нийтийн тээврийн үйлчилгээний соёл, чанар, хариуцлага, шуурхай, ил тод байдал, мэдээллийг эрс сайжруулах, тухайлбал нийтийн унааны маршруут, цаг хугацааны мэдээлэлтэй газрын зургийг бий болгох, бүх зогсоол дээр цагийн хуваарь, нийтийн тээврийн дугаартай самбаруудыг бий болгох зэрэг эерэг арга хэмжээг авах нь зүйтэй. Мөн хотын төвийн замуудын дэргэдэх зогсоолуудыг төлбөртэй болгох, моторын багтаамж ихтэй, овор хэмжээ томтой, тансаг зэрэглэлийн машины замын татварыг нэмэх, орон сууцны хороолол дундах замуудын нэвтрэх чадварыг сайжруулах, хэрэггүй хашаа, саадыг буулгах, ингэхдээ аюулгүй байдал болон ажиллагааг хангах, нийтийн тээвэрт мөрдөх үйлчилгээний стандартыг олон нийтийн оролцоо, хяналттайгаар чанд мөрдүүлэх, хувийн таксийг бүртгэлжүүлэх, үнэ тариф, найдвартай байдлыг нь хангуулах зэрэг нааштай арга хэмжээг даруй авах хэрэгтэй байна.

Эцэст нь сануулахад нийслэл хотын асуудлаар аливаа арга хэмжээ авахдаа хүний эрхийн асуудлаар олон жил ажиллаж байгаа, мэдлэг, туршлагатай иргэний нийгмийн байгууллагуудтай санал солилцож байх нь ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд зохих хувь нэмрээ өгнө гэж үзэж байгаагаа илэрхийлье.

Та бүхний ажилд амжилт хүсье.

Хүндэтгэсэн

Жүрмэдийн Занаа

Хан уул дүүрэг, 15 дугаар хороо.

Утас 328823, 99031777

Хувийг Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Д. Баттулга болон гишүүдэд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button