Ерөнхий сайдаас гэмт хэрэгтэн

хэргээр дөрвөн жилийн ял авав. Гэхдээ шүүх хурлын дараа Өршөөл үзүүлэх хуулиар энэ ял нь нэг жил болж багасчээ.

С.Берлусконийн урт удаан бөгөөд үйл явдлаар дүүрэн өнгөрсөн улс төрийн карьер нийгэмд эсрэг тэсрэг үнэлэлт дүгнэлт зөрөлдүүлж, хууль хяналтын байгууллагын онцгой анхаарлыг татсаар ирсэн билээ. Нийгмийн цөөнхөд хүндэтгэлгүй хандсан, эмэгтэйчүүдийг хэрэглэгчийн байр сууринаас үнэлсэн, бүдүүлэг харилцаа гаргасан гэхчлэн Италийн нэрийг баастсан олон үйлдэлд нь түүнийг буруутгасаар ирсэн ч илүү ноцтой зарим явдлынх нь хажууд эдгээр нь үнэндээ юу ч биш юм. Сүүлийн жилүүдэд Италийн прокурорын байгууллага татвараас зайлсхийсэн, бага насны охидыг уруу татсан болон авлигын хэргээр түүний хойноос уйгагүй хөөцөлдсөн билээ. Италийн ерөнхий сайд төдийгүй тус улсын хамгийн аварга хэвлэл мэдээллийн вант улсын эзэн тэрбээр нойтон хамуу шиг прокуроруудыг үнэг нохой хуурч байгаа юм шиг хамраар нь газар хатгуулах бүртээ тэднийг олон нийтэд мангардуу амьтад шиг харуулан өөрөө алга ташин шоолсоор олон оныг авсан билээ. Овжин сэргэлэн зан, харилцааны ур чадвар, мөнхийн инээж ханиасан царай төрхөөрөө тэрбээр сэтгэлийн хөдлөл ихтэй италичуудын хайрыг татсаар ирсэн нь төдийгүй заримынх нь хувьд нэг ёсны үлгэр дуурайлал болсоор ирсэн нь үнэн. Ер нь эртний түүхт их Ромд засгийн жолоо атгаж байсан хүмүүсээс хамгийн сүүлийн шударга, нигүүлсэнгүй удирдагч нь аль манай эриний өмнөх үеийн Цинцинатт л байх. Тийм ч учраас италичууд дээдсийн авлигыг зайлшгүй байх л ёстой нэг нүгэл, татвараас зайлсхийхийг бараг үндэсний нэг спортын төрөл, балчир охидтой зугаалахыг гэмт хэрэг гэх нь байтугай эр хүний ид хав гэж үздэг болсоор уджээ. Чухам ийм л учраас С.Берлусконид айж ичээд байх юм байгаагүй биз. Гэхдээ л юм гэдэг хугацаатай ажээ.

Санхүүгийн хямрал нүүрлэж ирэх тэр үед италичууд мөнхийн хөгжилтэй ерөнхий сайдаа тэс өөрөөр үзэх болсон юм. Иргэдийн ихэнхийн бүсийг чангалсан эдийн засгийн хөл толгойгүй будлианы дундуур С.Берлусконигийн инээд ханиад, адал паян ядаж л цагаа олоогүй гэмээр харагдах болов. Ингээд инээдэм ханиадам болон хувирч 2011 оны намрын сонгуулиар италичууд ерөнхий сайдаа ширээнээс нь сэгсэрч орхисон билээ. Тэгсэн даруйд нь ард түмэн ч, улс төрийн өрсөлдөгчид нь ч, прокурорууд ч түүний хувьд аранга болж хувирсан юм.

2012 оны хоёрдугаар сар гэхэд С.Берлускони татвар нуусан, авлига өгсөн, насанд хүрээгүйчүүдтэй бэлгийн харьцаанд орсон гэх даруй гурван эрүүгийн хэрэгт шалгагдаж байлаа. Мөн удалгүй өрсөлдөгчдийнхөө утасны яриаг хууль бусаар чагнаж хэвлэлд нийтэлсэн хэрэг дээр нь нэмэгджээ. Тэрбээр өөрийгөө буруугүй хэмээн мэлзэж, улс төрийн дайснууд нь прокуроруудтай нийлж өшөө авах гэж байна хэмээн мэтгэсэн нь мэдээж.

Гандан буурдаггүй Сильвиог азын тэнгэр дахин ивээж мөн сарын 25-нд авлигын хэргийг нь хэрэгсэхгүй болгов. Долдугаар сард татварын хэрэг нь мөн цагааджээ. Ингээд нэг уужуухан амьсгаа авах нь уу гэтэл арай ч үгүй байжээ. Хуулийнхан түүний 1994-99 онд татвараас зайлсхийсэн үйлдлийг нь ухаж төнхөж гаргаж ирэхээр барахгүй хөдөлгөөнгүй нотлоод өнгөрсөн 16-ны өдөр дөрвөн жилийн ял оноочих нь тэр. Мөн гурван жил төрийн алба хаших эрхийг нь хасч, 10 сая еврогоор торгов. Гэхдээ шүүх Өршөөлийн хуульд түүнийг хамруулан ялыг нь нэг жил болгон бууруулжээ.

Хэргийн эзэн өөрөө шүүх хуралд суугаагүй юм. Давж заалдах эрхтэй хүнийг шүүхийн танхимаас баривчилж болдоггүй тул Сильвио тэртэй тэргүй шууд хоригдохгүй байв. Давж заалдахаа тэр даруй мэдэгдсэн өмгөөлөгч нар нь, шүүгчдийг хэргийн нарийн учир начрыг бүрэн гүйцэд ойлгоогүй хэмээн үзсэн бөгөөд дараагийн шатны шүүх хар цагааныг ялгаад өгнө хэмээн бүрэн итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Гэхдээ давж заалдах шатанд шийдвэр өөрчлөгдөөгүй ч байсан С.Берлускони дээлээ нөмрөх нь эргэлзээтэй аж. Италийн хуулиар 75 нас гарсан хэрэгтнүүдийг заавал шоронд суулгахгүй, гэрт нь ял эдлүүлж болдог. Тэрбээр өнгөрсөн сарын 29-ний өдөр 76 нас хүрсэн билээ. Гэхдээ түүний шүүхийн аялал давж заалдах шатаар дуусахгүй, насанд хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд орсон хэрэг нь хянагдаж байгаа юм. Хоёр хэрэг нь яаж ч шийдэгдсэн, Италийн шүүх хуучин ерөнхий сайдаа ял зэм үүрэх ёстой гэмт хэрэгтэн мөн гэдгийг нотлон харуулсан нь хамгийн чухал юм.

Дашрамд дурьдахад Миланд болсон шүүх хурал дуусахтай зэрэгцээд Ромд хүчтэй аадар бороо оржээ. Италичуудын өвөг дээдэс болох эртний ромчууд үүнийг сайны ёр хэмээн бэлэгшээдэг байсан гэнэ.

Б.Амгалан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button