Д.Нинж Ажилгүй байгаа ч, баяртай байна
-Нинж хаагуур яваад сураггүй байна?
-Нийслэлдээ байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажилласан уясан морьд маань өнгөлсөн.
-Ямар ажил хийж байна?
-Одоохондоо ажилгүй байгаа. Гэхдээ 23 жилийн дараа бид өөрсдийн зорьж, ярьж байсан зүйлээ хэрэгжүүлэх боломжтой болсонд баяртай байгаа.
-Баярлаад байх юу болов?
-Анх удаа ардчилсан хүчин Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай боллоо. Монголд улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэн. Хэлж, ярьж байсан зүйл маань зөв, бурууг нотлох боломж үүссэн.
-1996 онд та нарт ард түмэн боломж олгосон шүү дээ?
-Ардчилсан хүчин олонх болсон нь үнэн. Тоогоор олонх болсон боловч, хуулиар шийдвэр гаргах эрхгүй байсан.
-Яагаад?
-Одоо бол УИХ 38 гишүүнээр шийдвэр гаргана. Тухайн үед УИХ-ын шийдвэр 51 гишүүнтэй байж шийдвэр гаргах хуультай байсан. Ардчилсан холбоо 50 гишүүнтэй байсан. Ерөнхий сайдаа ч томилох эрхгүй байсан. Ерөнхийлөгч нь хориг тавиад л… Одоо Э.Бат-Үүлийг харахад Ерөнхий сайд хийж чадна гэдэг нь харагдаж байгаа биз дээ.
-Анх МоАХ байгуулсан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нартайгаа уулзаж байна уу?
-Их ажилтай улсуудын цагийг бараад яахав гэж боддог. Хийсэн ажил ард түмний дэмжлэг аваад байгаа нь сайхан санагддаг.
-Та судалгаа хийсэн юм уу?
-Судалгаа хийгээгүй. Гэхдээ надад олон түмэн дэмжиж байгаа эсэхийг мэддэг туршлага бий. Анх МоАХ, МоАН-ыг байгуулахад мэдээллийн хэрэгсэл хэн ч дэмжихгүй байна гэдэг байсан. Харин хөдөө салбар зөвлөл байгуулахад хэдэн зуугаар тогтохгүй, хэдэн мянгаараа гишүүд элсдэг байсан. Манай хөдөөгийнхөн чинь хэзээнээс нууж хаалгүй шулуухан саналаа хэлж сурсан улс. Би саяхан Дорноговь, Ховдоор яваад ирсэн.
-Таныг таних хүн байна уу?
-Байна. Дунд насныхан ардчиллын түүхийг мартаагүй байна. Хөдөөгийн иргэд хэдэн жилийн өмнө шинэ сонголт хийсэн бол ихийг хожих байснаа ойлгож байна. Төрийн өндөрлөгүүдээс гадна нийслэлийн Засаг даргыг их дэмжиж байна.
-Хөдөөгийнхөнд нийслэлийн Засаг дарга хэн байх нь бас хамаатай юу?
– Би тэгж боддог байсан. Гэтэл хөдөөгийнхөн аймгийн Зараг даргаасаа илүү нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг сонирхдог болчихож. Гэр бүлийн нэг гишүүн нь нийслэлд байхгүй нэг айл орон нутагт байхгүй болсон байна. Түүнээс гадна хөдөөгийн ажил хэрэгч хүмүүс үйлдвэрлэл, орлого нэмэгдэхийн хэрээр нийслэлд явуулж байгаа бодлогыг сонирхдог юм байна. Нэгэн малчин надад маш сонин санал тавьж байсан. Бат-Үүл бид хоёрыг МоАХ байгуулж байсныг мэддэг юм байна. Тэгээд би Үүлтэй хаалгадаад нэг жижиг мах боловсруулах үйлдвэр тэр малчинд олж өгнө. Тэгвэл тэр малчин ойр хавийнхаа их хэмжээний махыг хямдхан боловсруулаад нийслэлийн захын үнээс хоёр дахин мах нийлүүлж чадна гэсэн.
-Тийм их малтай хүн үү?
-Өөрөө их малтай биш. Харин сум маш их малтай юм гэсэн. Тэгээд олон хүн хоршоод махаа боловсруулбал хэн хэндээ ашигтай гэдгийг ойлгосон байна.
-Нийслэлд ирээд боловсруулж болохгүй юу?
-Газар дээрээ боловсруулалт хийвэл зардал бага гарна. Малчдад чирэгдэл багатай болоХоор бага зардлаар их мах цуглуулах боломжтой гэсэн.
-Яагаад заавал Э.Бат-Үүлтэй холбогдох гээд байгаа юм?
-Зах зээл нь нийслэл шүү дээ. Тэгээд нэг Сэлэнгийн ногоочин Ховдод газар хайж очихдоо Үүл Скай худалдааны төв дээр ногооны зах байгуулаад баахан ногоочдыг баяжуулсан тухай ярьсан гэсэн.
-Засаг дарга ногооны захтай юм уу?
-Үгүй ээ. Анх зохион байгуулж өгөөд өөрөө алга болчихсон гэсэн. Ногоочид нь их ашиг олдог тухай тэр нөхөр ярьсан юм билээ.
-Та тэгээд Бат-Үүлд энэ тухай хэлсэн үү?
-Би энэ ажлыг хөөцөлдөхгүй. Харин Нийслэлийн удирдлагатай холбогдох амархан болсон. Нийслэлд ирээд уулзаарай гэж хэлсэн.
– Намын гишүүнчлэлээ сэргээсэн гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Би намын шинэчилсэн бүртгэлд ороогүй байсан юм. Тэгээд 1990 оны дөрөвдүгээр сарын 9-нд авч байсан өдрөөрөө намын батлахаа авсан.
-Ямар нэгэн ажил хийх үү?
-Нам боловсон хүчнээ байршуулах эрхтэй болсон болохоор ажилтай болно гэж бодож байгаа.
-Засгийн газар багагүй шүүмжлэлд өртөж байна?
-Ард түмэн шүүмжлээд байна уу, гэдгийг ялгах хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй ард түмний саналаар зайлуулагдсан цөөн бүлэг хүмүүс энэ ажиллагааг зохион байгуулж байгаа. Анх МоАХ байгуулж байхад одоогоос дор зүхэж байсан үе бий. Гэхдээ ард түмэн биш албан тушаалдаа үлдэх гэсэн хэсэг бүлэг.
-Засгийн газрыг магтах зүйл байгаа юм уу?
-Энэ богино хугацаанд нүүрсний үнийг гурав дахин буулгалаа. Авто замын түгжрээг арилгалаа. Эрх баригчдын 22 жил хийгээгүй ажлыг хоёр, гуравхан сард хийчихлээ. Орон нутагт үйлдвэр байгуулж, ажлын байр нэмэх баталгаатай хөтөлбөр АН-д байна. Ганц хоёр жилийн дараа ямар их өөрчлөлт гарахыг өнгөрсөн гурван сарын түүхээс харж болно.
-Манай уншигчдад хандаж хэлэх үг байна уу?
-22 Жилийн өмнө мянгат малчин, хувийн машинтай иргэн гэж байгаагүй. Өнөөдөр хувийн мал 50 сая толгой болсон. Нийслэлд хувийн машин хязгаарлах хүртлээ олширсон. Ирэх дөрвөн жил энэ бүхнээс илүү нийтээрээ хөрөнгөжинө шүү гэж хэлмээр байна.
Х.ТӨГС