Ч.Гансүх Манайханд Ардын жүжигчин авахаар хүн нэг биш байна
үзүүлж харуулах зүйл их бий. Тиймээс энэ бүхнийх нь зах зухаас хуваалцахаар тус чуулгын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхтэй уулзлаа.
-Танайхан 80 жилийн ой, үзвэрийн жилийн нээлт гээд ажил ихтэй байгаа бололтой. Ямар бүтээлээр нээлтээ хийж хөшгөө татах гэж байгаа вэ?
-Манайх өвөл цагийн нээлтээ арваннэгдүгээр сарын 1-нээс Хүннү дуурь, Чингис хаан рок дуурь, Нэр төр бүжгэн жүжгээр хийнэ. Мөн Буриадын Алтаргана жүжиг, Нарны охид гээд хүүхдийн дуулалт жүжгийг ч тоглох юм. БНСУ-аас ирсэн мундаг удирдаач энэ бүтээлүүд дээр ажиллаж байгаа.
-Ойгоо хэдийд тэмдэглэх вэ?
-Арванхоёрдугаар сарын 12-нд ойдоо зориулсан гала тоглолтыг Соёлын төв өргөөнд хийх гэж байгаа. Цэргийн соёл урлагийн байгууллагын хувьд хүмүүст цэрэг эх оронч хүмүүжил төлөвшихэд ямар хувь нэмэр оруулснаа эл тоглолтоор харуулах юм. Мөн арванхоёрдугаар сарын 1-2-нд UB palace-т тоглох Ромео, Жульетта-г бүтээхэд манайхан оролцож байгаа. Түүхийн цадиг болсон үүх түүхийн номоо хийгээд дуусч байна. Дээрээс нь манай чуулгын урын санд байдаг дуунуудаар түүвэр гаргаж байгаа. Нийтдээ 200 гаруй дуу багтсан. Тэгээд ч манай уран бүтээлийн 80-90 хувь нь цэрэг, эх орны сэдэвтэй байдаг учраас энэ түүвэр ч тэр тал руугаа байна. Ойдоо зориулж хүндэтгэлийн тэмдэг хийлгэх гээд олон ажил төлөвлөсөн дийлэнх нь гараас гарч байна даа.
-Танайхыг мэргэжлийн урлагийн байгууллагуудын анхдагч гэдэг. Түүнээс гадна армиас олон авьяастан төрүүлж, алдартан гавьяатнуудыг ч бойжуулсан гавьяатай. Төрийн хишиг хүртсэн хэчнээн хүн байдаг вэ?
-Яах аргагүй анхдагч байгууллагын нэг. Алдартан гавьяат гэвэл 60-аад хүн байна. Манайхаас төрсөн урлагийн гавьяат зүтгэлтэн, гавьяат жүжигчин, соёлын тэргүүний ажилтан олон ч ардын жүжигчин цол олгохдоо төр засаг жаахан харам юм шиг санагддаг. Д.Мяасүрэн багш гэхэд манайхаас биш Соёлын яаманд очоод ардын жүжигчин болсон. Дараа нь П.Хаянхярваа, Ө.Баярмагнай багш хоёрт ардын жүжигчин цол өгсөн. Тиймээс энэ ойгоороо нэг ардын жүжигчинтэй болчих юмсан гэж манайхан их хүлээж байгаа. Манайд ардын цол авахаар хүн нэг биш нэлээд хэд байна. Ё.Цэрэндолгор гавьяатыг монголчууд сайн мэднэ. Одоо ч тайзнаас буугаагүй. 90 гарсан настай хүн бүжиглэж, дуулж байгааг харахаар урлагт ямар үнэнч юм бэ гэсэн бодол төрж, өөрийн эрхгүй огшиж бас тэр хэрээр төр яагаад үүнийг нь үнэлэхгүй байна вэ гэж хямардаг. Д.Лхамжав гуай гэхэд 80 хүрчихсэн хэрнээ мундаг бүжиглэж байна. ЦДБЭЧ-ын үүх түүх арвин. 100 хувь мэргэжлийн уран бүтээлчидтэй болсны дийлэнх нь залуучууд. Тэднийг уран бүтээлчийн хувьд өсгөх, дэмжих, хөгжүүлэхэд анхаарч ажилладаг.
-Ахмад уран бүтээлчдийнхээ тоглолтыг хийнэ гэсэн үү?
-Зөвхөн ахмадууд биш ээ, манай чуулгын дөрвөн үеийн тоглолт болно. Манайд өнөөдөр 96 настай Ё.Цэрэндолгор гуай бүжиглэж, 87 настай урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дугарсүрэн, 80 хол гарсан П.Хаянхярваа, Ш.Гун-Аажав багш нар удирдаж байна. Амрагийн дуу-г анх дуулсан Б.Төмөр гуай дуулж байгаа гээд бодохоор агуу байгаа биз. Өнөөдөр манай чуулгын уран бүтээлч болоод орж ирж байгаа хүүхдүүд 19 настай гэхээр яах аргагүй дөрвөн үеийн тоглолт болно. Өнөөдөр Монголын урлагийн байгууллагуудаас хамгийн өндөр настай уран бүтээлч манайд л байна.
-Гавьяа байгуулсан ахмадуудаараа гайхуулна биз дээ?
-Манайхаас олон гавьяат жүжигчин төрсөн. Бүжгийн урлагт онцгой гавьяа оруулсан П.Александр гэж бүжигчний 100 насных нь ойг тэмдэглэнэ. П.Лувсан гээд 90 гарсан хөгжмийн зохиолч байна. Эд та бидний сайн мэдэх нийтийн бүжгийн Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн-г зохиосон улс шүү дээ. Дээрээс нь зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуай ч манайхаас төрсөн алдартан. Сонгодог бүжгийн хаан гэж нэрлэгддэг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамьяндагва гуай ч манай хүн шүү дээ. Ийм хүмүүсээрээ бид гайхуулахгүй гээд яах вэ.
-Ийм мундагчуудыг төрүүлсэн чуулгын ойдоо зориулсан гала тоглолтод нийтдээ хэчнээн хүн оролцох бол гэдэг сонин санагдаад явчихлаа?
-Бид ойн тоглолтоо зөвхөн өөрсдийн уран бүтээлчдийн хүчээр хийнэ. Ахмадуудтайгаа нийлээд 340 гаруй хүн болж байгаа. 80 жилийн түүхэнд манайд ажилласан уран бүтээлч гэвэл 780 хүн байдаг.
-Танайх хэр босго өндөртэй газар вэ. Залууст ямар нэг шалгуур тавьж авдаг байх?
-Манайх өөрийн гэсэн стандарттай. Энэ байгууллагыг сайн авч явахын тулд сайн стандарт байх шаардлагатай. Бүжигчин гэхэд тийм байх ёстой, тийм болзол хангах ч гэх юм уу. Дуучин, хөгжимчинд ч тавигдах шаардлага өндөр. Хүнд урлагийг үзүүлэх гэж байгаа бол эхлээд гадаад үзэмж болоод дотоод сэтгэл, мөн чанар нь ямар байх вэ гэдгийг олж харна. Ер нь босго өндөртэйд орно шүү.
-Таны хувьд энэ чуулгыг удирдсан хугацаандаа хийсэн шинэчлэл гэвэл юуг онцлон нэрлэх вэ?
-Миний хувьд чуулгаа дэлхийн түвшинд хүргэх том зорилготой. Хувь хүн болгоныг мэргэжлийн түвшинд бэлтгэх хэрэгтэй. Түүнийг бэлтгэдэг, шахаж шаарддаг багш нар мөн байх ёстой. Манай найрал дуу 50 хүнтэй. Тоог нь 60 болгомоор байна. Армийн чуулгын алдартай жаран хар гэж байлаа шүү дээ. Төрд данстай байгууллага учраас урлагийг бодитоор нь харж, дуучдыг дэмжих тал дээр ажиллаж байна.
-Уран бүтээлчдийн чанар дээр яаж анхаарч байгаа вэ. Хаа сайгүй дуучид болсон өнөө цагт хэн нь жинхэнэ дуучин бэ гэдгийг ялгахад ч хэцүү санагддаг?
-Уран бүтээлч хүн ард түмнийг хуурдаггүй байх ёстой. Би ч уран бүтээлчдэдээ ийм шаардлага тавьдаг. Бичлэг тавьчихаад ам барьдаг дуучид зөндөө бий. Би бүр нэр устай нь хэлчихмээр санагдах үе байдаг. Гэхдээ би өөрийнхөө чуулгынхныг ийм замаар явуулахгүйг илүү хичээдэг. Тэгээд ч урлаг өөрөө уран бүтээлчийг голдог хатуу цензуртай. Түүнийг нь давсан хүнийг уран бүтээлч гэнэ шүү. Чадан ядан дуугарч байгаа хоолойгоо мэргэжлийн дуу бичлэгийн аппаратаар янзын гэгч засуулчихаад Би дуулдаг хүн гээд өөрийгөө зарлаад бүхэл бүтэн оркестрыг балладаг хүмүүс ч байна. Хамгийн гол нь тэр хүн ичдэггүй нь харамсалтай. Тийм хүмүүс удахгүй л дээ.
-Танайд ам барьдаг дуучин байхгүй гэх гээд байна уу, та?
-Манайд байхгүй. Бид бүр ам барьж чаддаггүй юм билээ. Ам барина гэдэг авьяас юм биш үү. Миний хүүхдүүд хоолойгоо гүрдийтэл дуулдаг. Гэтэл нэг ч удаа амьдаараа дуулж үзээгүй хэрнээ сүртэй нэртэй сүрхий хамтлаг, дуучид байна. Тэд манай хүүхдүүдээс илүү нэртэй болчихоод байдагт л сэтгэл дундуур явдаг даа. Одоо нэгэнт яамтай болсон учир яг энэ тал дээр онцгой бодлого барьж ажиллаасай гэж боддог.
-Цэргийн байгууллага гэдгээрээ бусад театр, чуулгыг бодвол илүү диктатуртай байна биз?
-Ямар ч байгууллага өөрийн гэсэн диктатуртай, тэр дотроо манай чуулга илүү онцлог. Бид цэргийн хүмүүс шүү дээ. Тэр утгаараа цэргийн дүрмээр явна.
-Танай чуулгын нэрийн хуудас болсон уран бүтээлд Амрагийн дуу-г нэрлэж болно биз дээ?
-Бололгүй яах вэ. Б.Төмөр гавьяатаас гадна гавьяат жүжигчин Л.Цэрэнпил гуай хоёр охинтойгоо дуулсан. Ч.Баярмаа нь манайд дуулж, албаа хааж байна. Ч.Туул гавьяат харин тэтгэвэртээ гараад ХБК-д багшилж байгаа. Л.Цэрэнпил гуай 80 нас сүүдэр хүрч байна. Түүний багш нь Б.Төмөр гуай. Манай чуулгын нэрийн хуудас нь болсон бүтээлүүд Амрагийн дуу-наас гадна Хаврын шөнийн бодол, Дайчин нөхрийн дуу, Тариан талбай гээд олон бий. Гавьяат жүжигчин Н.Отгон, Б.Төмөр, Г.Жанчив, Д.Дашням гээд алтан үеийн мундаг дуучид бий. Цаг нь болохоор цахиур хагалаад л гарч ирэх залуу дуучин нэг биш байгаа. Одоохондоо тэднийгээ гэрэл цохиулчихалгүй бэлтгэж байна даа.
-Та ингэхэд яаж яваад энэ чуулгатай холбогдчихсон хүн бэ?
-Миний амьдрал тэр чигээрээ цэргийн түүхтэй холбоотой. Би12 настайгаасаа мөрдөс зүүсэн. Цэргийн хөгжимд орж аав ээждээ эрхэлж үзээгүй, бага нас гэж мэдэхгүй өнгөрсөн ч надаар хүн хийсэн газар бол арми. Өндөр боловсрол ч олгосон. Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Цэргийн хөгжмийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Удирдлагын академи төгссөн. Энэ чуулгыг 2001 оноос удирдаж байна. Хамгийн олон жил болж байгаа дарга нарын тоонд орохоор болж байна даа.
О.Сайханцэцэг