Д.Цэрэнсамбуу Манай театр Шекспирт ээлжит шалгалтаа өгч байна

хоймор уянга яруу, уран гуа Янжинлхам бурхан залардаг биз ээ. Ингэж хэлэхийн учир нь сонгодог урлагийн ноён оргилуудын нэг Гамлет жүжиг ирэх сарын есөнд УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Дэлхийн жүжгийн хаан Уильям Шекспирийн бүтээл Гамлет жүжиг ийнхүү УДЭТ-ын алтан тайзнаа залрах гэж буй энэ үед тус театрын захирал Д.Цэрэнсамбууг амралтын өдрийн ҮIP ярилцлагын буландаа урилаа. Ингээд уран бүтээлийн халуун яриа хөөрөлдсөнөө мэргэн уншигч танд хүргэе.

– Дэлхийд алдартай Гамлет сонгодог жүжгийг монголын үзэгчид тун удахгүй үзэх гэж байна. Уг жүжгээс ямар зүйлийг олж хараасай гэж бодож байна вэ?

– Сэргэн мандалтын үеийн нэрт төлөөлөгч, Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн бүтээлүүд Монголын драмын урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Тэдний нэг болох дэлхийн утга зохиолын ноён оргил болсон бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Гамлет сонгодог жүжгийг театрын тайзнаа дахин найруулан тавьж өвөл цагийн нээлтээ хийхээр үзэгч, уншигч та бүхэнтэйгээ мэндчилж буйдаа талархалтай байна.

Энэхүү жүжгийг манай театрын ахмад уран бүтээлчид 1979 онд анх УГЗ, найруулагч С.Галсанжавын найруулгаар тавьж байсан түүхтэй. Дэлхийн соёлт хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдөж үе үеийн уран бүтээлчдээс шалгалт авч удах тусмаа өнгө орж байдаг онцлогтой энэхүү агуу бүтээлийг 33 жилийн дараа манай театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар шинээр найруулан үзэгч олондоо ийнхүү хүргэх гэж байна. Энэхүү бүтээл нь академик театрын ур чадварыг харуулсан орчин үеийн театрын урлагийн өнгө төрхийг шингээж найруулагч, уран бүтээлчдийн маань авьяас, сэтгэлгээний цар хүрээг таниулсан ийм нэгэн цоо шинэ бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.

Театр бол нийгмийн амьдралын толь байдаг. Өнөөгийн нийгмийн өнгө төрхийг энэ удаа агуу Гамлет жүжгээс тольдон харах боломжтой юм.

-Дэлхийн сонгодог уран бүтээл монголын театрын тайзнаа хоёр дах удаагаа тавигдаж байна. Ер нь драмын театрын хувьд хичнээн сонгодог бүтээл тавьсан бэ?

-1936 онд Гоголийн Байцаагч түшмэл жүжгээр Монголын театр сонгодог уран бүтээлийг анхлан тавьж байсан түүхтэй. Театр маань 81 жил үйл ажиллагаа явуулахдаа нийт 40 орчим дэлхийн сонгодог уран бүтээл найруулан тавьсан байдаг. Үүнээс цөөхөн бүтээл нь 2 дах удаагаа тавигдсан байдаг юм. Тухайлбал, Н.В.Гоголийн Байцаагч түшмэл, К.Гольдоны Хоёр эзний ганц зарц, У.Шекспирийн Отелло, Ф.Шиллерийн Хар санаа хайр сэтгэл, А.П.Чеховын Интоорын цэцэрлэг, Софоклийн Эдип хаан зэрэг бүтээлүүд болно.

-Сонгодог уран бүтээлүүдээс Гамлет жүжгийг сонгон тоглох болсон учир?

-Шекспир Орших уу, эс орших уу гэх мөнхийн асуултыг нийт хүн төрөлхтөнд тавьсан байдаг. Энэхүү гүн утга санааг бид театрын хэлээр амилуулан хүргэж буй нь театрын нэр төр мөнхүү оршин буйн үнэ цэнэ бол энэхүү бүтээлээр дамжуулан үзэгч та бүхнийхээ сэрэл, сэтгэхүйг хурцалж байгаа хэрэг билээ. Өөрөөр хэлбэл манай театр Шекспирт ээлжит шалгалтаа өгч байна гэж болно.

-Уг жүжигт хичнээн уран бүтээлчид оролцож байна?

-Энэхүү жүжигт уран бүтээлчид, арын албаныхан нийт 200 гаруй хүн ажиллаж байна.

– Том хэмжээний сонгодог зохиол тайзнаа амилуулахад хөрөнгө мөнгө ихээхэн шаардаж байгаа байх. Санхүүжилтээ хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Гамлет жүжиг нийт 100-аад сая төгрөгөөр бүтэж байна. Энэ мөнгийг хэлэхэд амархан ч олоход хэцүү шүү дээ. Өнгөрсөн жил С.Баярцогт сангийн сайд байх үедээ энэ бүтээлийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Дээр нь Сонгодог урлаг 2 хөтөлбөрөөс 40 сая төгрөгийн санхүүжилт үзүүлсэн. Үндсэндээ Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэй уг уран бүтээл хийгдэж байгаад театрын хамт олон маш их талархалтай байгаа. Хөрөнгө мөнгө олдоод байвал манай хамт олон тайзны ямар ч бүтээлийг хийх бүрэн боломжтой.

-Өнгөрсөн жил Тэнгэрийн хүү жүжиг маш олон үзэгчтэй байсны зэрэгцээ олны талархлыг их хүлээсэн. Түүхэн жүжиг хийхэд хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ?

-Театрын амин сүнс нь жүжгийн зохиол байдаг. Гэвч өнөө үед жүжгийн зохиол гачигдалтай байна. Ер нь тайзны томоохон бүтээл хийхэд хоёр л хүндрэл байна. Эхнийх нь зохиолын хомсдол харин хоёр дох нь санхүүжилтийн хүндрэл юм. Тиймээс 2010 онд түүхэн жүжгийн зохиол шалгаруулах уралдаан зарласан. Уралдаанаас шалгарсан 30 гаруй бүтээлээс сэтгүүлч Цогнэмэхийн Тэнгэрийн хүү зохиол шалгарч энэхүү уран бүтээл хийгдсэн.

-Танай уран бүтээлчдийн мэргэжлийн түвшинг гадны бүтээлчидтэй харьцуулвал хэрхэн үнэлэгдэх вэ?

-Манай уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар өндөр шүү дээ. Драмын урлагийн чиглэлээр ямар ч уран бүтээлийг дэлхийн хэмжээнд хийж чадна. Энэ нь олон улсын урлагийн наадмуудад оролцох үеэр харагдаж мэдрэгдэж байдаг. Театрын урлаг олон жил хөгжиж ирсэн бусад улсын уран бүтээлчдээс дутахгүй. Тухайлбал 2011 онд Буриадад болсон Монгол туургатны олон улсын фестивальд Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн Тамгагүй төр жүжгээр оролцсон юм. Тэгэхэд Москвагаас ирсэн театр судлаачид хэлэлцүүлгийн үеэр Монголын Тамгагүй төр жүжиг бол жинхэнэ дорнын үнэр ханхлуулсан уран бүтээл байлаа хэмээн сайшаагдаж байсан удаатай.

-Театр шинэ залуу уран бүтээлчдээр цусаа сэлбэж байгаа.Үүний хирээр уран бүтээлийн чанар чансаа өмнөх бүтээлүүдтэй харьцуулбал ямар байна. Та үүнийг хэрхэн харж байна?

-Театрт бүх насны уран бүтээлч байхыг шаарддаг. Гэхдээ мэргэжлийн уран бүтээлч л бол тухайн дүрээ өмнөх уран бүтээлчдээсээ илүү эсвэл дутуу хийнэ гэсэн ойлголт байхгүй. Учир нь хэн чадаж байгаа нь л тоглодог. Ер нь сонгодог бүтээл хийхэд гарах зардлаас илүү хийгдэж буй бүтээл нь илүү үнэ цэнэтэй байдаг. Мөн тэрхүү бүтээлээ үзэгчдийн оюунд хүргэж байгаа нь хамгийн чухал юм.

– Театрын уран бүтээлчид нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн уран бүтээл хийх үүрэгтэй. Харин шинэ залуу театруудын хувьд сонгодог бүтээлээс хол хөндий хөнгөн хэлбэрийн шоунуудыг бизнесийн зорилгоор хийгээд байх шиг ажиглагддаг.Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

-Шинэ театруудын хувьд манай театраас даль жигүүр нь ургаж, бие даан гарсан залуу уран бүтээлчид байдаг. Хэдий шинэ залуу боловч өөрсдийн уран бүтээлээр театрын урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулаад явж байна. Гэхдээ тэднийг манай театртай шууд харьцуулж болохгүй. Эдгээр уран бүтээлчид эхлээд оршин тогтнолоо олж, хөгжихийн тулд одоогоор бизнесийн зорилготой шоу хийж байж болох юм. Одоогоор сонгодог болоод түүхэн жүжиг тавихгүй байж болох ч цаашид Гамлет-ийг тоглохыг үгүйсгэх аргагүй.

-Улсын нүүр царай болсон ууган театрын хувьд шинэ театруудын нийгэмд үзүүлэх нөлөө, бодлогын хувьд заавар зөвлөмж өгдөг үү?

-Бодлогын хувьд зөвлөмж өгөх эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин уран бүтээлийн заавар зөвлөгөө өгч, хамтран ажиллах тохиолдол цөөнгүй бий.

-Төрөөс театрын урлагт дэмжлэг хангалттай өгч чадаж байна уу. Таны санааг зовоож буй ямар зүйлс байна?

-Төрөөс байрны зардал, Цалин хөлс олгодог. Төр огт дэмжихгүй байна гэж хэлэхгүй. Хамгийн гол нь театрын үндсэн үйлдвэрлэл болсон шинэ уран бүтээл туурвихад төрөөс зайлшгүй санхүүгийн дэмжлэг авах шаардлага бидэнд тулгардаг. Бүх зүйл зах зээлийн голдирлоор өөрөөр хэлбэл эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаж хөгжиж болдоггүйг өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид үзлээ. Бид алийн болгон урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдрах вэ дээ. Социализмийн үед төрийн харьяалалтай театрын уран бүтээлийг, мэргэжлийн урлагийг төрөөс санхүүжүүлдэг байсан нь зөв алхам байсан. Төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг хангалтгүйгээс шалтгаалаад мэргэжлийн урлаг хөгжлийн хүрсэн түвшингөөсөө ухарсанд харамсаж байдаг. Тэр ч бүү хэл мэргэжлийн урлагийн зарим байгууллага зах зээлд шилжиж байгаа нэрийдлээр алга болсон жишээ ч олон байна. Жишээ нь Хүүхэд залуучуудын театр гэж сайхан хамт олон байлаа. Аливаа улсын ирээдүй хүүхэд залуучууд байдаг байхад тэдний оюунд соёлын үрийг түгээх асуудал манайд дутмаг байна. Дээр дурьдсан санхүүгийн асуудлаас гадна манай театрын байранд мэргэжлийн урлагийн гурван байгууллага нэг дор үйл ажиллагаа явуулж, ҮДБЭЧуулга манай театр хоёр нэг тайзыг хуваан ашиглаж байгаа нь хүндрэлтэй асуудлыг нэг байдаг. Энэ мэтчилэн төр засгаас хариу шийдлээ хүлээсэн олон асуудлууд манай соёл урлагийн салбарт байгаа.

-Танай театрын хувьд бусад театруудтай харьцуулахад маркетингийн тал дээр сул байдаг юм шиг санагддаг?

-Үүнтэй би санал нийлэхгүй. Харин ч мэргэжлийн урлагийн байгууллагуудын манлайд нь яваа гэж боддог шүү. Энэ нь манай хамт олны үйл ажиллагаа, ажлын үр дүнгээс харагдаж байдаг. Манай театр 2001 онд мэргэжлийн урлагийн байгууллагуудаас хамгийн анх маркетинг, олон нийттэй харилцах албыг байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд одоо 2007-2017 оныг хүртэлх урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Бид Удирдлагын академи, Менежментийн холбоо, Маркетингийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллага хүмүүстэй нягт хамтран энэ шинжлэх ухаанаас суралцсаар байгаа. Тэгээд ч манай театрын урын сангийн бодлого, үйл ажиллагаа, уран бүтээлчдийн үнэ цэнийг урлагаар бизнес хийж байгаа хүмүүстэй харьцуулах хэрэггүй биз ээ.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Ирэх онд хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна?

– Ирэх онд хүүхдийн жүжиг, үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлээс аль нэгийг шинээр тайзны бүтээл болгохоор төлөвлөж байна. Орчин үеийн сэдэвтэй жүжгийн зохиол шалгаруулах төсөл боловсруулаад байгаа бөгөөд шалгарсныг нь ирэх жил тоглоно.

-Ярилцсанд баярлалаа.

Ч.ГАНТУЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button