Цагдаа ирлээ, чимээгүй бай, ундааны саванд бие засчих гэдэг

энэ орчинд хаа сайгүй бэлэн гоймонгийн сав, хийжүүлсэн ундааны лааз, тамхины иш хөглөрнө. Хүүхдүүдийг хонуулж, өнжүүлэн халаасан дахь хэд гурван төгрөгийг нь саадаг газруудын нэг нь Чингэлтэй дүүргийн III хорооны 6-1 дүгээр байрны подвальд байрлах Game arena байлаа. Биднийг өнгөрсөн пүрэв гаригийн 23 цагийн үед тус газарт очиход хөл хөдөлгөөн ихтэй байв. Цүнхээ үүрсэн оюутан, сурагчид энд тэнд бөөгнөрч хэн нэгнийг хаалга онгойлгож өгөхийг тэсч ядан хүлээх зуураа тамхилцгааж харагдана. Удалгүй хаалгаа нээлээ. Дотогшоо орвол 80 гаруй компьютер эгнүүлэн тавьжээ. Үүнээс найман ширээ л сул харагдав.

Энд нэг хоноход дунджаар гурван мянган төгрөг төлдөг аж. Хоногоор тоглосон хүүхдүүд өглөө эндээс хичээлдээ явж, зарим нь үргэлжлүүлэн тоглодог байна. Уг нь хуулиар бол энэ газар өвлийн нөхцөлд 1900, зун 2000 цаг хүртэл ажиллах ёстой бөгөөд насанд хүрээгүй хүүхдийг 30 минутаас илүү цагаар тоглуулахыг хориглодог аж. Гэвч энэ газарт лав хууль хамаагүй бололтой. Game arena-д хэсэг саатаж тоглож буй хүүхдүүдийг харж байхад олонх нь эндхийн байнгын үйлчлүүлэгчид нь анзаарагдсан. Гадна орчинд нь юу болж буйг ч анзаарах сөхөөгүй компьютерийн дэлгэц рүү орчихсон энэ жаалуудын чухам хэд нь тоглоомонд донтох гэж сэтгэцийн өвчтэйг гаднаас нь хараад таашгүй.

ТОГЛОХОО БОЛИХООР АМЬДРАЛ УТГАГҮЙ САНАГДАНА

Бид компьютер тоглоомонд донтсон гэсэн оноштойгоор СЭМҮТ-д эмчлүүлж байсан 18 настай хүүтэй ярилцсан юм.

-Компьютер тоглоом тоглоод хэр удаж байна вэ?

-Таван жил гаруй болж байна. Хичээлээ тараад орой болтол, заримдаа шөнөжин тоглодог. Надад хичээл сонин биш байдаг. Тоглох л гоё. Шөнөжин нойргүй хонохоороо хичээл дээр ядраад унтчихдаг. Хоёр цаг нүдний хор гаргаад гурав хоног тоглож байсан тохиолдол ч бий. Яагаад ч юм сонирхол татаад байдаг болохоор ядарснаа анзаардаггүй байсан.

-Тоглох мөнгөө хаанаас олдог байв, гэртээ тоглож болдоггүй юм уу?

-Гэртээ ганцаараа тоглох уйтгартай шүү дээ. Найзуудтайгаа нийлж сүлжээ үүсгэн, хоорондоо бооцоо тавих нь сонирхолтой. Хожигдсон нь хожсон багийнхаа цагийн мөнгийг төлөх зэргээр мөрийцдөг. Тоглох мөнгөө янз бүрээр л олдог. Ээж, ааваас худлаа хэлж авна, бүр болохгүй бол найзуудтайгаа нийлж жижиглэнгийн бараа зардаг. Шил, лааз түүж тушаана. Бас өөрт байгаа эд зүйлсээ барьцаанд тавина.

-Тоглоомонд донтоод эмчлүүлсэн гэхээр чухам ямар шинж тэмдэг илэрч байсан гэсэн үг вэ?

-Ганцаардмал болж хажууд байгаа хүнээ цохиод авмаар санагдана. Кибер ертөнцөөс салж чадахгүй бодит байдлыг ялгаж ойлгохоо больдог. Гудамжаар явж байхад ч тоглоом л толгойд эргэлдээд. Тоглоомоо орхихоор амьдрал утгагүй санагдаад ямар нэг бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээгүй болдог юм билээ. Шөнө унтах бүрт тоглоомоо зүүдэлж цочиж сэрнэ.

-Чухам ямар тоглоом тийм хүчтэй мэдрэмж төрүүлж байв?

-Чита гэдэг тоглоом бий. Хууль, дүрэмд захирагдахгүй хүний амь хөнөөж, эд хөрөнгө дээрэмдэх зэрэг хэт эрх чөлөөг олгодог. Манай нэг найз донтоод гудамжинд байсан машины цонхыг хагалж хулгай хийхийг завдсан. Тоглоомонд хэт улайрчихаар өөрийгөө хянах чадваргүй болж гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг. Олон цагаар компьютерийн ард суухаар гар чилж өвдөх, шөрмөс татах, нуруу, үе мөч янгинах, нүд улайх, дотор муухайрч бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг юм билээ.

-Очиж тоглодог газрынхаа талаар яриач. Орчин нь ямар вэ?

-Би нэрийг нь хэлмээргүй байна. Компьютер тоглоомын газрууд гэрэл гадагш нэвтрүүлэх­гүй зузаан хөшигтэй. Шөнө хонох хүүхдүүдийг үлдээгээд хаалгаа цоожилно. Гадаа цагдаа ирвэл хаалгаа онгойлгохгүй, биднийг чимээгүй байхыг шаардана. Зарим газар бие засах өрөөгүй болохоор шөнө дунд нэг удаа хаалгаа онгойлгож гаргадаг. Гарах боломжгүй бол ундааны саванд бие засна. Нэг ёсондоо оройн цагаар хорионд байна гэсэн үг. Хүү ингэж ярьсан юм.

Интернэт кафенууд нойтон цэвэрлэгээ бараг хийдэггүйгээс амьсгалын замын болон бусад төрлийн халдварт өвчин авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Шарх шалбархай болон ямар нэг өвчтэй хүний гар хүрсэн газар халдвар тээгч нян үржиж, ам хамар, нүдний болон элдэв халдварт өвчин үүсгэдэг аж.

ХҮЧИРХИЙЛЭЛ, ЗОДООНТОЙ ТОГЛООМ ХҮҮХДҮҮДИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд энэ оны байдлаар интернэт кафегаар үйлчилгээ явуулж байгаа 311 газар байдаг аж. Эдгээрээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар 167 нь чанарын шаардлага хангаагүй байна. Дээрх газрууд голдуу орц, подвальд үйлчилгээ явуулж, ширээ сандал, ариун цэврийн өрөө, агааржуулалтын системгүй, цагийн хуваарьгүй ажилладаг байжээ. Ийм орчинд хүүхдүүд эрүүл мэнд, унтах нойроо умартаж тоглоомонд донтож сууна. Нөгөөтэйгүүр тоглоомонд донтсон хүүхдүүд гэмт хэрэгт орооцолдох нь элбэг гэдгийг цагдаагийн байгууллага мэдээлдэг.

Энэ тухай лавлахаар бид Нийслэлийн цагдаагийн газрын хэв журам хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Жаргалмаатай уулзсан юм. Тэрбээр Хүүхдүүд олон цагаар тоглохын тулд мөнгө олох гэж дээрэм хийх, зарим нь нэгнийхээ ном, дэвтэр, гар утас хулгайлах зэргээр гэмт хэрэг үйлддэг. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд нойр, хоолоо умартан аллага, хүчирхийлэл, зодоонтой тоглоомонд улайрах үзэгдэл газар авсаар байна. Түүнчлэн бооцоо тавьж тоглоод хоорондоо маргах, зодолдох нь ч бий. Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар цөөн байдгаас ийн тоглоомонд донтогч болж байгаа гэв.

КОМПЬЮТЕР ТОГЛООМОНД ДОНТОЖ СЭМҮТ-ИЙГ ЗОРИХ ХҮҮХДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд өмнөх онд тоглоомонд донтсон гэсэн оноштойгоор 20 гаруй хүүхэд эмчлүүлсэн бол энэ оны байдлаар 30 гаруй болж нэмэгджээ. Ихэвчлэн 8-18 насны хүүхэд хэвтэж эмчлүүлдэг байна.

Энэ талаар тус төвийн хүүхэд өсвөр үеийн тасгийн их эмч Т.Саранцэцэг Компьютерийн ард хэт удаан сууснаас үүдэн толгой өвдөх, ядарч сульдан гар хөлрөх, нуугдаж тоглож байгаа мэтээр төсөөлөн бодож гар хөлөө хөдөлгөдөг зуршилтай болдог. Мөн бие махбодь нь сул дорой, өвчинд өртөмтгий, үеийнхээ хүүхдээс намхан, туранхай, жижигхэн биетэй болдог. Түүнчлэн зан араншин нь тогтворгүй болж амархан гомдож баярлах, уцаарлах, хурдан мартах зэрэг байдал ажиглагддаг гэв.

Бид тус эмнэлэгт хэвтэж буй хүүгээ эргэхээр ирсэн эмэгтэйтэй уулзлаа. Тэрбээр Манай хүүхэд их ууртай болж бухимдсан үедээ хаалга салж унатал өшиглөөд гараад явчихдаг болсон. Хэд хоногоор алга болно. Хайж байж компьютер тоглоомын газраас олдог. Унтаж байгаад зүүдэндээ хараалын үг урсгадаг болсон. Тэгээд эмчид үзүүлсэн чинь тоглоомонд донтсон байсан. Эмнэлгээс гаргаад тоглоомноос хол байлгах бодолтой байгаа. Дийлэх эсэхийг мэдэхгүй юм хэмээн халагласан.

Агааргүй бүгчим орчинд олон цаг сууснаас болж хүүхдүүд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэх нь энүүхэнд гэнэ. Тоглоомонд донтох шалтгааны нэг нь гэр бүлийн хүчирхийлэл. Хойд эцэг, эхийн дарамт, хэрүүл, маргаан зэрэг ямар нэгэн асуудлаас үүдэн гэрээсээ дайжихад хүргэдэг бөгөөд хоног төөрүүлэх газар нь интернэт кафе болдог байна.

Компьютер тоглоомын үйлчилгээний болон хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хор нөлөөг нь хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй юм. Ерөнхий боловсролын сургуульд энэ талаар хичээл оруулсан ч буруудахгүй мэт.

П.Дариймаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button