Буйдантай жагсаал зөв байсныг Ерөнхийлөгч нотолчихсон
хүлээх нэрээр ажлаа өгсөн. Тэгвэл МАН-ын шинэ удирдлагууд хэр ажиллаж байна вэ?
-Аливаа улстөрийн нам, түүнийг удирдаж байгаа удирдлагын чадвар нь сонгуулийн үр дүнгээр илэрдэг. Энэ зарчмаар манай нам дээд шатны хурлуудаа хийж, удирдлагууд нь ч хариуцлагаа ухамсарлаад огцорсон. Дараагийн удирдлагуудаа ч баталгаажуулан томилсон.
МАН шинэ удирдлагаар бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж орон нутгийн сонгуульд орох гэж байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Улстөрийн энэхүү хоёр үйл явцаас өнөөгийн удирдлагуудын ажлын үр дүн болон УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд зөв дүгнэлт хийсэн эсэх нь харагдах байх. Ард түмэнд өөрсдийгөө ойлгуулж, дэмжлэгийг нь хүлээж авч чадвал тухайн намын удирдлагууд сайн ажиллаж байна гэсэн үг.
-Төрийн дээд алба хашиж байсан МАН-ын гишүүд буйдантай жагсаал хийснээс болж орон нутгийн сонгуулийн өмнө намынх нь нэр хүндэд сэв суучхаж байгаа юм биш үү?
-Би үүнд харин ч эерэг байр суурьтай байгаа. Монголын төрийг олон жил удирдсан, хууль тогтоох засаглалыг удирдаж байсан дарга нар энэ асуудалд оролцож, суулт хийсэн. Энэ чинь цаагуураа болохоо байлаа шүү гэдгийг хэлж байгаа хэрэг. Бид ардчилсан нийгмийг байгуулж яваа. Үүний гол илрэл нь парламентын засаглал.
Парламент буюу ардчилсан засаглалын гол хэмжүүр нь сонголтоор ажил үүргийн хуваарь бий болгох. Өөрөөр хэлбэл, олонх нь ажил явуулж, цөөнх нь хяналт тавина гэсэн үг. Гэтэл хяналт тавих үүрэг бүхий цөөнхийн ажил хийх орчин алга. Бүлгийн эрх зүйн орчноо бүрдүүлж чадахгүй, байнгын хороодын хуралдаанд оролцох боломжгүй, хуулийн төслүүдэд бидний саналыг авахгүйгээр хүч түрэн баталж байна. Ийм нөхцөлд ардчилсан нийгэм, парламентын ёс байхгүй болчхож байгаа юм. Аюул бий болж байгааг илэрхийлж олон жил УИХ-ыг удирдсан, тэр хугацаанд байнга парламтентын ардчилал, үнэт зүйлийг бий болгохын төлөө ажилласан, тэнцвэрийг барихыг хичээж ирсэн хүмүүс энэ асуудалд хандсан.
Тэгээд ч энэ үйл явц зөв байсан гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл нотолж байна. Ялангуяа Ерөнхийлөгч ардчилсан Үндсэн хуулийн асуудалд хатуу байр суурьтай байдаг. Гэтэл тэр хүн хүртэл Нөхөд өө, болохоо байсан байна. Бүлгийн ажиллах орчинг үгүй хийж, зөвшилцөх нөхцөл үүсгэчихлээ. Тиймээс би санаачилъя хэмээн санал оруулсанд баяртай байна. Үйл явдалд мэдрэмжтэй хандсанд талархаж байгаа.
-Таны хэлээд байгаа парламент болон намаа олон жил удирдсан дарга нар чинь үндсэндээ лидерүүд гэгдэж байсан. Гэтэл өнгөрсөн сонгуулиар намын жагсаалтаар орж ирүүтээ л нам, жим болсон. Хэдий бүлэггүй ч өөрсдийн үзэл бодлоо ч илэрхийлэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Цаг нь болоогүй байна. Улстөрийн соёлоо бодсон ч Засгийн газар нь ядаж 100 хоног дээ. Анхны төслөө л өргөн барьж байна. Засгийн газрын үйл ажиллагааны эхний алхмуудыг авч хэлэлцээд 100 хоногийн үр дүнг нь үзнэ. Бид маш сайн ажиглаж байгаа. Тэдний гаргасан бодлого, шийдвэр бүрт дүгнэлт хийдэг.
Яг Засгийн газрын бүтцийг судалсны үндсэн дээр сүүдрийн Засгийн газрын хэмжээнд ажилладаг. Ямар тушаал, шийдвэр гарч, хуулийн зөрчил бий болж байна бүгдийг нь хянаж, мэдэж байгаа. Тодорхой хэмжээнд хийсэн ажлынх нь үр дүн гараг. Бид хяналт тавих үүргээ гүйцэтгэж байна.
-Урьд нь их эвслийн, хамтарсан гэх зэргийн Засгийн газрууд байсан. Харин энэ удаагийнх эвслийн гэхээсээ илүү шинэчлэлийн гэж яриад байгаа. Батлуулсан мөрийн хөтөлбөр болон хэлэлцүүлж байгаа төсвөөс нь шинэчлэлийн үнэр гарч байна уу?
-2013 оны төсвөөс шинэчлэлийн гэх үнэр ч алга байна. Шинэчилнэ гээд хэт улстөржсөн, хийрхсэн үйл ажиллагаа явагдаад байгаад санаа зовж байна. Монгол төрийн залгамж бодлого гэдэг тасралтгүй байх ёстой. Нэг нь гараад нөгөөгийнхөө хийсэн ажлыг үгүйсгэдэг тохиолдолд улс орон урагшлахгүй. Доороо цовхчоод байна л гэсэн үг.
Бүхнийг шинэчлэнэ гэж байгаад нь би сэтгэл дундуур байгаа. 1990-ээд онд болох байсан, одоо бол таарах, тохирох ойлголт биш. Монгол Улсад хоосон хийрхсэн үг, лоозонгоос илүү улстөрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт л чухал.
-Монгол төрийн залгамж халаа гэж байдаг юм уу. Шинэчлэлийн Засгийн газрын чинь бүхнийг л шинээр эхлэх гэж байгаа мэт яриад байна шүү дээ. Эсвэл МАН-ынхан өмнө нь юу ч хийгээгүй юм уу?
-Аливаа зүйлийг үр дүнгээр л хэмжинэ. МАН-ын Засгийн газрын үед Монгол Улс дэлхийд эдийн засгаараа хамгийн эрчимтэй хөгжиж буй гурван орны нэг болсон. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт бодитой хөрөнгө оруулалт, томоохон алхмууд хийгдсэн. Гадаад дахь нэр хүнд ч өссөн.
Дэлхийд арилжаалагдаж байгаа Засгийн газрын бондуудаас хамгийн бага хүүтэй бас хамгийн бага эх үүсвэртэй бондыг зөвхөн МАН-ын Засгийн газрын үед гаргаж, арилжаалж чадсан. Би Н.Алтанхуягийн Засгийн газар ийм арилжаа хийж чадахгүй байх гэж бодож байна. Үнэхээр тийм бага хүүтэй эх үүсвэр татаж, эдийн засгаа өсгөж, цалин, тэтгэвэр нэмж, нийгмийн хамгааллын бодлогоо хэрэгжүүлж, нийгмийн баялгаа хуваарилж чадах уу гэдэг асуудлыг харах хэрэгтэй. Үүгээр л хэмжинэ.
МАН-ын Засгийн газар сүүлийн жилүүдэд эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийг урьд нь хүрч байгаагүй өндөр түвшинд хүргэж чадсан. Энэ бол юугаар ч, яаж баллуурдаж чадахааргүй үзүүлэлт. Одоо эдгээрийг дээш нь гаргах ёстой.
Ирэх оны төсвөөр цалин, тэтгэвэр нэмэхгүй, нийгмийн хамгааллын олон бодлого болон олгож байсан баялгийн хуваарилалтыг зогсоож байгаа. Эдийн засаг унаж байна. Валютын ханш, инфляци өсч байна. Цахилгаан тасардаг, хязгаарлалт хийдэг боллоо. Өөрөөр хэлбэл, МАН гарахаар эдийн засаг өсөөд, АН гарахаар хямрал болдог юм биш. Ердөө л энэ Засгийн газрын улстөрийн бодлогын үр дүн. Улстөрийн шийдэл ямар байх нь эдийн засагт нөлөөлдөг. Тэгэхээр улстөрийн гоё үгнээс илүү эдийн засгийн бодит байдал нь буюу амьдралд ирж буй нөлөөллөө харах хэрэгтэй.
-МАН хийсэн зүйлтэй л гээд байна аа даа?
-Дээрх нөлөөллөөр МАН-ын тогтоосон үзүүлэлт огцом унасан. Ялангуяа МАН-ын Засгийн газрын үед олон улсын зах зээлд гаргасан уул уурхайтай холбоотой бүх хувьцаа 200-300 хувь өссөн. Одоо бүгд унаж байна. Монгол Улсад итгэх итгэл багасч байгаа хэрэг. Хөрөнгө оруулалтуудаа татаж байна. Ямар нам Засгийн газраа байгуулах, хэн нь дарга сайд болох нь сонин биш. Бодит үзүүлэлтүүд нь чухал.
-Аль нам, хэн байх нь сонин биш ч улстөрчид эх орныхоо хөгжлийн төлөө хэмээв яг адилхан зүйл ярьдаг. Тэгсэн хэрнээ намууд яагаад өдөр, шөнө шиг байдаг юм бэ?
-Удирдлагын арга барил, менежметийн баг, асуудлыг авч явах хүмүүсийн ур чадвар хамгийн гол нөлөөтэй. Хоосон . улстөр хийгээд явахгүй. Засгийн газрууд хоорондоо үзүүлэлт, үр дүнгээр л өрсөлдөх ёстой. Түүнээс биш бие, биенээ доромжилж, үгүйсгэн, шүүмжлээд шинэчилнэ гэх мэтийн зүйл ярьж, хий хөөрч, хүний эрх, зах зээлийн нийгэм ярих сонин биш. Олон түмэн асуудалд бодитой ханддаг болсон.
-Та ч АН-ын удирдлага болон боловсон хүчнүүдийг голж байх шив?
-100 хоног гэсэн шүү дээ. Үр дүн гараг. Цаг хугацаа л харуулна. Эдийн засаг дахь эхний мессежүүд муу байна.
Ж.Нарангэрэл