Хүүхэд харах үйлчилгээ-ний хөлсөнд төрөөс 12100 төгрөг олгоно
Үүний нэг нь сургуулийн өмнөх боловсролын барилга байгууламжийн хүртээмж муу байдал. Энэ байдлаас болж улсын хэмжээнд 2-5 настай 228 мянган хүүхдийн 56 мянга нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Цэцэрлэг хүрэхгүй байгаагаас эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, хүүхдэд даатгаж орхих, тэднийг хараа хяналтгүйгээр орхих зэрэг явдал байсаар байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар дээрх байдлаар хүүхдээ орхидог байдал тав хүртэлх насны нийт хүүхдийн найман хувийг эзэлж байгаа аж. Уг шалтгааны улмаас өвлийн улиралд гэртээ үлдсэн хүүхдүүд гал алдаж, амь насаа алдах тохиолдол нэмэгдэж байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлдэг.
Намар цэцэрлэгт хүүхдийн элсэлтэд авах үеэр хандив нэрийдлээр хахууль өгсөн мөнгөтэй хүмүүс л хүүхдээ оруулдаг. Мөнгөгүй, танилгүй хүмүүс хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамрагдуулж чадахгүй байдал жил бүр яригддаг.
Энэ байдлаас болж хүүхэд нь төрөөс үзүүлж буй дэмжлэг туслалцааг авч чадахгүй хоцрох, эцэг эхийнх нь аль нэг нь ажилгүй, орлогогүй байх нөхцөл газар авч, нийгэмд тэгш бус байдал бий болоод байгаа билээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хүүхэд харах үйлчилгээ-г нэвтрүүлэх хуулийн төслийг нэр бүхий УИХ-ын гишүүд санаачлан, БШУЯ-ны мэргэжилтнүүд боловсруулж байгаа аж. Үүнтэй холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа.
Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг төрөөс үзүүлэх дэмжлэг нь цэцэрлэгийн хүүхдэд олгодог хувьсах болон хоолны зардал сард 12100 төгрөг байхаар тооцоод байгаа аж. Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагчийн сайн дурын үндсэн дээр нэмэлт төлбөр байж болох юм байна.
Хүүхдийн хувьсах зардал, багшийн цалинг төрөөс даана
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхэд харах үйлчилгээ-г хуульчлах талаар яригдаж байна. Тэгэхээр энэ арга хэрэгжиж эхлээд хэр удаав үргэлжлэх бол гэдэг нь олон хүний сонирхлыг татаж байна?
-Гал унтраах арга гэхээсээ илүү олон жил үргэлжлэх болов уу гэж бодож байна. Мэдээж сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг нэмэгдүүлэх бодлогыг төрөөс хэрэгжүүлээд явна. Бүрэн хамруулах хэмжээний барилга байгууламжийг бий болгоход хамгийн ойрдоо таван жилийн хугацаа хэрэгтэй байна. Энэ хугацаанд Хүүхэд харах үйлчилгээ-г яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай.
-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдэд ямар шаардлага тавих вэ?
-Мэдээж нэгдүгээрт тухайн хүн ямар боловсрол эзэмшсэн байна вэ гэдгийг харна. Улаанбаатар хотод багшийн мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ажил хийх боломжтой 5000 багш байна. Мөн сургуулиа төгсөөд ажилгүй байгаа залуу боловсон хүчнүүд ч бий. Хүүхэд харах үйлчилгээ-нд хамрагдсан багш нарыг хэрхэн ямар программаар хичээллэх, хөгжүүлэх талын сургалтад хамруулна. Хүүхдийг харах, тоглуулах, хөгжүүлэх зэрэг үндсэн шалгууруудыг яамны зүгээс тавина. Шаардлага биелүүлж байгаа эсэх дээр эцэг, эхчүүд анхаарлаа төвлөрүүлэн ажиллах байх.
-Багшийн цалин, хүүхдийн хоол зэрэг санхүүгийн асуудлыг төрөөс дэмжинэ гэж байгаа. Хэмжээний хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн түвшинд чадах уу?
-Хүүхдийн хувьсах зардал, багшийн цалинг төрөөс өгөх талаар яригдаж байгаа. Хэмжээ нь чухам яаж тогтох нь УИХ-аар хууль батлагдсаны дараа тодорхой болно
-Хүүхэд харах үйлчилгээ хэзээнээс хэрэгжих боломжтой вэ?
-Тодорхой цаг хугацаа шаардлагатай. УИХ-ын хэлэлцүүлэгт оруулахын тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-аас хууль болон батлагдсаны дараа л хэрэгжих боломжтой.