АТГ битгий давар, тэднээс бүү ай

Салбарын дэд сайдаа хүртэл байцааж, гэрчийн мэдүүлэг авах гэж байгаа нь АТГ-ынхан дэндүү шударга ажиллаж байна уу гэж бодогдмоор. Гэхдээ ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дэд сайдын өрөө рүү мэдүүлэг авахаар дайрч орж ирсэн балмад үйлдлийг нь зөвтгөж боломгүй юм. Энэ бүхэн яахав, хамгийн гол нь Хууль зүйн дэд сайд Д.Эрдэнэжамьянаас ямар учраас гэрчийн мэдүүлэг авах болов, тэр тусмаа Н.Энхбаяртай холбогдуулан мэдүүлэг авах болсон нь анхаарал татахгүй байхын аргагүй ажээ. Д.Эрдэнэжамьяангийн тайлбарласнаар түүнээс МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн талаар мэдүүлэг авахаар очжээ.

Н.Энхбаярын хэргийн тухайд ярихад хоёр жилийн өмнөөс шалгагдаж эхэлсэн төдийгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээр ороод гарчихсан яваа хэрэг. Өөрөөр хэлбэл одоо АТГ, мөрдөн шалгах байгууллагад падлий ч байхгүй болсон гэсэн үг юм. Хууль зүйн үүднээс тайлбарлахад Н.Энхбаярын хэргийг одоо мөрдөн шалгах тухай асуудал сөхөгдөх ёсгүй, шүүх, прокурорын байгууллагын эрх мэдэлд энэ хэрэг яваа. Харин шүүхээс энэ хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан тохиолдолд АТГ дахин шалгана гэсэн үг. Байдал ийм атал АТГ-ынхан Н.Энхбаяртай холбогдуулан Хууль зүйн яам хавиар юунд доншуучлах болов оо.

Энэ талаар хэд хэдэн таамгийг дэвшүүлж болох. Н.Энхбаярын хэргийг Монгол Улсын Дээд шүүх хянаж байгаа ба шүүх дээр шүүгдэгчийн буруутгах баримт тайлбар хангалтгүй, нотлогдож батлагдахааргүй байж мэдэхээр байгаа тул АТГ-ынхан мөрдөн байцаалт явуулах, нэмж буруутгах, нотлох баримт цуглуулах шаардлага гарсан байх гэсэн таамаг дэвшүүлж болох юм. Гэхдээ энэ таамаглал бол үнэнд ойртоход хэцүү таамаг гэдгийг ойлгоорой.

Харин Хууль зүйн дэд сайдаар оролдож эхэлсэн нь цаанаа улс төрийн өөр ашиг сонирхол байхыг үгүйсгэмгүй. Д.Эрдэнэжамьян даа ч биш Хууль зүйн дэд сайд гэдэг утгаар нь оролдож байж мэдэх юм. АН Засгийн газарт хамтарч ажиллахаар Шударга ёс эвслийнхэнийг урьж, гуйж оруулахдаа хариуд нь Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамны дэд сайдын албаа тавиад туучихсан нь Н.Энхбаярыг эргүүлэн алдчих аюултай гэдгийг ажиглагчид хэлдэг.

Энэ утгаар нь Хуул зүйн дэд сайдыг Н.Энхбаярын хэрэгт нөлөөлөх, хууль зүйн салбарт хушуу дүрж мэднэ гэдэг болгоомжлолоос үүдэн АН-ын бодлого баригчид захиалга өгсөн байж болохгүй гэж үү. Н.Энхбаярын хүн Хуулийн салбарыг толгойлох нь АН-ын эрх ашигт нөлөөлөх, Н.Энхбаярт асуудлыг сайнаар эргүүлчихэж мэдэх. Энэ үүднээсээ түүнийг Хууль зүйн дэд сайдын албанаас нь delete хийх сонирхол эрх баригч намд байж мэдэх талтай.

Ер нь АТГ-ынхан энэ мэт улс төрийн захиалга хэрэгжүүлэхдээ сайн. АН-ынхнаас нэг ч хүн авлигын хэргээр баригдсангүй, энхийн цагаан тагтаанууд юм байна гэж ойлгогдож ирлээ. Харин МАН, МАХН-ынхныг бол хэд гурваар шалгаж л байна. МАН-ын угшилтай аймгийн засаг дарга нар аавынд очих нь жирийн үзэгдэл болсон гэж байгаа. Харин АН-ынханаас бол байдаггүй ээ, авлига авдаггүй сайхан улсууд. АТГ-ынхан ах нарынхаа даалгаврыг сайн хийж байна гэж дүгнэхээс өөр аргагүй. Тэд асуудалд хэт нэг талыг барьсан, хүч хэрэглэн шийдчих гээд байдаг муу талтай. АТГ-ын дэд дарга Б.Хурц, Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат, Тамгын хэлтэсийн дарга Б.Наранбаатар гээд хэцүү гарууд энэ газрыг удирдаж байгаа нь нэг өдөр амаар нь шороо үмхүүлчихэж мэдэх аюултайг олонтой нотлоод л байна. Дэндүү даварсан дээрэнгүй үйлдлүүд.

Н.Энхбаярыг баривчлахдаа сонирхолтой кино зураг авалтыг хийгээд авсан. Өчигдөр бас Хууль зүйн дэд сайдын өрөө рүү Тамгын газрын дарга Б.Наранбаатар бүдүүлгээр дайрч орсон нь энэ газрын үйл ажиллагаа дарангуйллын шинжтэй явагдаад байгаа юм уу даа гэж бодогдохоор байна. Б.Наранбаатар гэдэг энэ эрхэм ер нь кино зураг авалт хийх дуртай нөхөр юм шиг байгаа юм. Н.Энхбаярыг хорихын камерт байцааж, хүчээр тогтоолыг нь уншиж танилцуулж, түүнийгээ бичлэг хийлгээд олон нийтэд цацсан удаатай. АТГ гэж дарга нь даруухан ч цэргүүд нь хэцүү нэртүүдюм байна. Хүн хулгайлсан Б.Хурц, хүүхэн хүчирхийлсэн Э.Амарбат, кино зураг хийх дуртай Б.Наранбаатар гээд халагламаар хүмүүс л хуулийн нэр бариад дайраад байх юм даа. Үүнийхээ хариуд албан тушаал харамгүй авчихдаг болохоор арга ч гүй юм уу. Н.Энхбаярыг камерт нь байцааж, бичлэг хийж байх даа Б.Наранбаатар жирийн байцаагч байлаа, Н.Энхбаяр аавынд явсан тэр Тамгын газрын дарга болсон. Өмнөх Тамгын газрын дарга байсан Ч.Өнөрбаяр нь экс ерөнхийлөгчийн хэрэгт сайн ажилласнаараа Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр очсон.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button