Эвслийн Засгийн газрын имиж Байгаль орчин ногоон хөгжлийн яамны гурвал

Өмнө нь БОАЖЯ гэж байсан ч байгаль орчны асуудлыг аялал жуулчлалтай биш, ногоон хөгжилтэй холбох цаг үеийн шаардлага бий болсон ч байж магадгүй. Мөн эвслийн Засгийн газрыг бүрдүүлэгч намуудын нэг нь ногоон үзлийг тунхаглагч. Тиймээс ногоон үзэлтэй нам нь тус салбараа толгойлох нь зөв гэж үзээд ИЗНН Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг авахаар болсон. Угаасаа эвслийн Засгийн газраас ИЗНН-д ногдох бялуунаас хамгийн том нь аль нэг салбарын сайдын ганц суудал л байсан. Харин намын нэр, үзэл бодлоос эхлээд аль аль талаа бодсон Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамыг тус нам тэргүүлбэл нийгэмд илүү эрүүл харагдана гэдгийг тооцоолсон байх.

Гэхдээ ИЗНН ногоон гэхээсээ илүү тогтвортой хөгжил гэсэн нэртэй яам байгуулах бодолтой байсан ч бүтээгүй. Энэ талаар тус намын гурван даргын нэг С.Дэмбэрэл ИЗНН-ын мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа болох ногоон эдийн засгийн тухай асуудлаас гадна бүх намын мөрийн хөтөлбөрт үзэл санаа нь шингэсэн тогтвортой хөгжлийг онцолж байна хэмээн мэдэгдсэн ч тогтвортой хөгжил гэдэг үгийг оруулчихвал ИЗНН-ын бялуу томорчих гээд байсныг ах нар тооцоо биз, ямар ч л байсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хэмээн нэрлэхээр болсон юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны бас нэг онцлог нь эвслийн Засгийн газрын имижийг илэрхийлэхүйц удирдлагын багтай. Тус яамны сайд нь ИЗНН-ын дарга С.Оюун бол дэд сайдаар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулга томилогдсон. Харин төрийн нарийн бичгийн дарга нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн зөвлөх Ж.Батболд болсон юм. ИЗНН-ын хувьд өөрсдөдөө оногдсон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар хэнийг тавихаа Улс төрийн зөвлөлөөрөө шийдсэн. Гэхдээ засагт хамтраач гэсэн Ардчилсан намын саналыг хүлээж авсны дараа тус салбарын сайд хэн болох тухай гурван хувилбар нам дотор яригдаж байв. Сонгуулийн өмнө шахуу ИЗНН-д элсч, листээр УИХ-ын гишүүн болсон С.Дэмбэрэлийг АН-ынхан ихээхэн сонирхож, сайд бол гэж ятгасан сураг байсан. Харин нөгөөх нь С.Оюун даргадаа хэлэлгүй зөвшөөрч асуудлыг нэлээн хүндрүүлсэн гэдэг. Гэвч тэрбээр ингэх нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг гэнэт ойлгосон уу Би сайд болохгүй гэдэг мэдэгдлийг хэвлэлээр хийн, хурцадмал байдлыг намжаасан юм билээ. Үүнээс гадна намынх нь зарим нөхөр УИХ-ын гишүүн асан Д.Энхбатыг сайд болгоё гэж санал болгосон ч ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүдийн олонхи нь дэмжээгүй. Ингээд л сонголтгүй үлдсэн ганц хүн нь намын дарга С.Оюун.

Улс төрийн зөвлөлийн гишүүдийн 75 хувийн дэмжлэгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болох тасалбар өвөртөлсөн тэрбээр өмнө нь Гадаад харилцааны яамыг толгойлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байх үед уг албыг хашиж байсан юм. Энэ үед одоо өөрийнх нь дэдээр томилогдоод буй Б.Тулга Н.Энхбаярын баруун гар нь байв. Энэ талаараа Б.Тулга С.Оюун сайд бид хоёр өмнө нь хамтарч ажиллаж байсан учраас санал зөрөх зүйл гарахгүй байх хэмээн мэдэгдэж байна. Гэхдээ урьдын хамтын ажиллагаа нь гадаад, дотоод дахь төрийн айлчлал руу хамт явахаас хэтрээгүй. Бүхэл бүтэн яамыг удирдаж, бодлого тодорхойлох нь гадаад, дотоодын төрийн айлчлалд хамт явахаас ондоо зүйл гэдгийг Б.Тулга эрх биш мэдмээр. Б.Тулгын хувьд цэвэр Н.Энхбаярын хүн. Энэ хүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах байсан гэдгээр нь хүмүүс мэдэх болсон. Нэг ёсондоо МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэг сөхөгдөх үед хам хэрэгтэн болох шахаж байлаа. Түүнийг Өргөө зочид буудлыг хууль бусаар авахад гар бие оролцсон хэмээн хэд хоног аав-ынд суулгаад сулласан. Тэр цагаас хойш МАХН-аас зохион байгуулсан элдэв жагсаал цуглаанд оройлон оролцох болсноор Б.Тулга гэдэг хүн туслах гэсэн автораа гол дүр болгон өөрчилсөн юм.

Харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Ж.Батболдын хувьд УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар 28-д эрэмбэлэгдэн өрсөлдсөн. Энэ нь түүнийг Төрийн нарийн бичгийн даргын албанд зүтгүүлэхэд нөлөөлсөн биз. Нам дотроо Н.Алтанхуягийн Алтангадас фракцид харьяалагддаг тэрбээр АН-ын Монгол хүн 2020 хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан юм. Мөн Селена Трэвел группийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бийлэгжүү бизнесмэн.

Б.Энхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button