Хангарьд-ын бэлгэдэлтэй нийслэлийн тугийг анх удаа мандуулав

Энэ дуу өчигдөр нийслэл даяар цуурайтан эгшиглэж, их хотоо гэсэн хүн бүр даган дууллаа. Учир нь Улаанбаатар хотын төрсөн өдөр өчигдөр тохиож, нийслэлчүүд 373 настай, 1.2 сая хүнтэй, олон улсын метрополис хотынхоо төрсөн өдрийг дуу хууртай тэмдэглэсэн юм. Ойн өдрөөрөө нийслэлчүүд нийслэлийн анхны шавыг тавьсан Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ, нийслэлийн сүлдэт хуурыг анх удаа цэнгүүлсэн гээд содон сонирхолтой үйл явдлаар дүүрэн байв.

Нийслэлчүүд 1778 онд Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхор буюу дөрвөн уулын дундах хөндийд нүүж ирсэн түүхтэй. Нүүж ирэхдээ хүн чулууны хөшөөгөөр шавь тавьсан аж. Хүн чулууны хонхор гэдэг нь одоогийн Гадаад харилцааны яамны арын хэсэг. Энэхүү үйл явдлыг хойч үедээ сануулан үлдээх зорилгоор нийслэлийн 355 жилийн ойн өдөр Мэлхийт хөшөөг ГХЯ-ны ард босгосон билээ. Энэ цагаас хойш нийслэлийн өдрөөр уг хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд НИТХ- ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн үе үеийн дарга нар ирсэн байлаа. Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол Улаанбаатар чуулгын дуучин Б.Батболд Эртний сайхан дууг эгшиглүүлснээр эхэлсэн бөгөөд үүний дараа Төрийн хан хуурч Д.Цэрэндорж Улаанбаатар хотын магтаал- ыг хайлж нийслэлийн сүлдэт хуурыг хөглөсөн.

Түүнчлэн Түмэн эх чуулгынхан Хүрээ цам бүжгийн хэсгээс толилуулж, олны мэлмийг баясгасан гээд ер нь бол нийслэлчүүд хотынхоо төрсөн өдөрт тун их бэлэгтэй байв. Нийслэлийн 373 жилийн ойд зориулж Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр Дөрвөн уулын дунд буддын шашны ёсоор зан үйл үйлдэхэд улаан сахиус залсан байдаг. Тиймээс нийслэл хотыг Улаанбаатар гэж нэрлэсэн. Би Улаанбаатар гэдэг нэрэнд дуртай хэмээн сонирхуулсан.

Мөн энэ өдрийн нэг онцлог үйл явдал нь Нийслэлийн тугийг мандуулах ёслол байлаа. Монгол төрийн алтай соёмбот далбааны хамт хангарьд шувуугаар бэлгэдсэн хөх өнгийн тугийг анх удаа Монголынхоо тэнгэрт мандуулсан юм. Энэхүү тугийг жил бүр мандуулж байх гэнэ. Туг мандуулах ёслолд нийслэлийн удирдлагуудаас гадна Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчид оролцож, сонирхолтой үзүүлбэрийг үзүүлсэн. Энэ үеэр 1978-1990 онд Нийслэлийн Засаг даргын алба хашиж явсан С.Мөнхжаргалтай уулзахад Анх Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуурын хөвөөн дээр таван настай Занабазарыг залж, Өргөө хот байгуулснаар нийслэлийн түүх эхэлдэг. Нийслэл энэ хугацаанд 28 удаа буурь сэлгэсэн. Өнөөдрийн Улаанбаатар хотын нүүр царай нийслэлчүүдийн нөр их хөдөлмөрөөр бий болсон. Ялангуяа ОХУ-ын зээл тусламж, тэдний барилгачдын хүчээр орон сууцны хороолол, соёл үйлчилгээний томоохон төвүүд баригдсан юм хэмээж байлаа.

Мөн Баянгол дүүргийн иргэн Н.Доржтой уулзахад, Миний залуу үеийг бодвол нийслэл маань хөгжиж байна. Гэхдээ зарим нэг дутагдалтай зүйл бий. Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн дүүрэн модтой байсан. Гэтэл одоо цөөхөн хэд нь л үлдсэн байна хэмээв.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлчүүдээ 373 жилийн ойн баярын мэндийг хүргээд, Нийслэлийн хөгжилтэй, хөгжлийн бодлого нь уялдахгүй бол ирээдүйд бэрхшээл тулгарна. Бид Японы Засгийн газартай хамтарч нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийсэн. Энэ тодотголоо удахгүй нийслэлчүүдээ танилцуулна. Тиймээс энэ үйл ажиллагаанд нийслэлчүүдээ идэвхтэй оролцохыг уриалж байна гэж байв. Ойн аяын бас нэг чухал хэсэг нь 1300 хүүхдийн найрал дууны тоглолт байлаа. Есөн дүүргийн ЕБС-ийн дуу хөгжмийн багш нар, 80 гаруй сургуулийн найрал дууны 1300 гаруй хүүхэд болон Улаан бүч чуулга, Хүүхдийн ордон, Дархан-Уул аймгийн хүүхдийн найрал дууны Хүслийн шувуухай хамтлаг, нийслэлийн 42 дугаар цэцэрлэгийн багачууд, Лоолойгийн найзууд, Монгол эгшиглэн зэрэг хамтлаг оролцож найрал дууны гайхамшгийг мэдрүүлсэн юм.

Б.Азаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button