Өлсөх цангах дохиог ялгаж сурах хэрэгтэй

Гран при шагналын эзэн болсон. Өөрийгөө ялж бусдад сургамж, жинхэнэ үлгэр дууриалж болсон энэ бүсгүйг Д.Мөнхзул гэдэг. Төрийн байгууллагад ажилладаг тэрбээр есөн сарын дотор биеийн жингээсээ 51 кг-ыг хасаж чадсан юм. Түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

-Жил хүрэхгүй хугацаанд хагас зуун кг хаясан үнэнч бүсгүйд мянга мянган уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Хэвийн хэмжээндээ орох гэж их мэрийсэн нь мэдээж. Өдгөө дурсамж болон үлдсэн тэр агшныг хоёулаа цухасхан эргэн санах уу?

-Одоогоос есөн сарын өмнө би бусдад нэг их анзаарагддаггүй, тарган, настай хүн шиг харагддаг тийм л байлаа. Харин өнөөдөр ийм амжилтад хүрсэндээ туйлын баяртай байна.

Би нэг л өдөр өөрөө өөрөөсөө ичсэн. Тэр өдөр бол нэгдүгээр сарын 27 байсан. Удирдлагын академи төгсөхдөө ангийхантайгаа авахуулсан зургаа хараад Мөнхзул аа, чи нэг л биш ээ. Чи чинь залуу хүн шүү дээ гэж бодсон. Ингээд л өлсөхөөр шийдсэн. Эхлээд дуртай болгоноосоо татгалзах хэцүү байлаа. Гэвч нөгөө л зураг минь нүдэнд харагдаад гар аяндаа л амттанаас холддог болсон. Ингээд сарын дараа гэхэд найман кг-ыг хаяж чадсан.Тэгээд явсаар 116-аас 51-ийг хассан. Одоо 65 кг болсон байгаа.

-Энэ хугацаанд ямар хоол хүнс зонхилон хэрэглэсэн бэ?

-Эхний 2-3 сард нь махнаас татгалзсан. Тэгээд аль болох жимс ногоо хар гурилан талх, хөх тарианы гурил, сүү, тараг хэрэглэсэн.

-Монгол хүн уг нь махнаас л уургаа авдаг гэдэг?

-Харин тийм. Монгол хүн махгүйгээр удаан байж чадахгүй л дээ. Гурав дахь сараасаа махан хоол идэж эхэлсэн. Гэхдээ махан хоолыг долоо хоногт 1-2 удаа л идэж байсан.

Яагаад гэхээр энэ хугацаанд би юу идэж болох, ямар хүнсийг хэрэглэж байж ичлэг, к/калороо нөхөж авах гэдгээ сайн мэддэг болчихсон байсан л даа.

-Есөн сарын өмнөх мяраалаг бүсгүй, өөрийгөө ялсан өнөөдрийн сайхан бүсгүй хоёрт ялгаа их бий дээ?

-Бий, бий. Тэр үед гадуур дотуур ажил хөөцөлдөөд явж байхад хүмүүсийн харах харц нь хүртэл их өөр санагддаг байсан. Харин одоо бүр эсрэгээрээ болсон нь анзаарагдсан. Ялангуяа залуучууд.

-Зөвхөн хоолоо зохицуулснаар тийм их хэмжээний жин хасаагүй байлгүй?

-Мэдээж, хөдөлгөөн нөлөөлсөн. Гэхдээ хөдөлгөөн гэхээр манайхан заавал спортоор хичээллэх, фитнес клубт явах тухай л боддог. Гэтэл бид гэрийнхээ ажлыг хийж байхдаа ч турах хөдөлгөөн хийж болдог.

-Жишээ нь?

-Шкафаа дээш доош нь арчих, шал угаахдаа шалны модоор бус явган сууж байгаад угаах жишээтэй. Ер нь жин хүний насыг дарж ахимаг харагдуулахаас гадна өндрийг нь хүртэл доош чангаадаг юм билээ. Би тарган байхдаа 169 см байсан бол одоо 172 болсон байна лээ.

-Ойр тойрныхон чинь таны энэ амжилтыг хэрхэн үнэлж байгаа вэ. Бас хэн хамгийн сайхан үгээр мялаав?

-Аав маань надад хамгийн их дэмжлэг үзүүлж байсан. Эцэг хүн болохоор охиныхоо гоо сайханд санаа нь зовдог байсан биз. Миний охин одоо тураад 80 кг л болчих тэгэхэд л болно гэдэг байсан. Би аав, ээжийнхээ ачийг хариулж амжаагүй ч баярлуулж чадсан гэж бодож байгаа. Бас манай дарга Баяр хүргэе. Чи өөрийгөө ялж чадаж гэсэн нь их л өвөрмөц, маш сайхан санагдсан.

-Д.Мөнхзулын нэг өдрийн хоолны дэглэмийг сонирхвол?

-Одоо би өглөөд нэг аяга буцалсан ус эсвэл зөгийн балтай, нэг ширхэг өндөг иддэг. Өдөр нь байцаа, юмуу луувангийн салат, давсгүй, жигнэсэн жаахан бараан мах иддэг, тэгээд цэвэр ус, тослоггүй сүү, ногоон цай уудаг. Харин 1700 цагаас хойш юу ч иддэггүй.

-Турах гэж байгаа хүн тархинд ирэх өлсөх цангах хоёр дохиог ялгаж сурах хэрэгтэй гэдэг. Үүнийг яаж ялгах вэ?

-Маш сайхан асуулт байна. Өлсөж, цангаж байгаа хоёрыг сайн ялгах хэрэгтэй. Ходоодоо биш тархиа сонсох хэрэгтэй. Үүнийг ялгахын тулд юм идэх цагаасаа 30 минутын өмнө ус уугаад үз. Тэгээд цангаа чинь тайлагдаж байна уу, ходоод чинь өлсөж байна уу гэдгийг мэдэх болно. Чи өлсөж байвал ходоод чинь хонхолзоод л унана.

-Таргалах өвчин чихрийн шижин, хорт хавдрын дараа орж, дэлхий нийтээрээ зөв зохистой хооллолтыг эрхэмлэж байгаа энэ үед өөрөө бусдад маш их сэтгэлийн хат, эр зориг өглөө. Мэдээж турах нь таны эрхэм зорилго байсан ч байж болно. Харин нууц биш бол дараагийн зорилгынхоо тухай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Тодорхой хэмжээний мэргэжил боловсрол эзэмшчихсэн, залуу хүний хувьд турах бол миний том зорилго байсан.

Харин дараагийн зорилго нь /тэрбээр инээж/

Бүсгүй хүн болгон л гоё сайхан харагдахыг хүсдэг. Бас өөрийгөө ямар хэмжээнд хаана яваагаа мэдэхийг хүсдэг шүү дээ. Биелэхгүй ч байж магадгүй л дээ. Гэхдээ би одоо Монголд гарч байгаа сайхан сэтгүүлүүдийн нэгэнд зургаа авахуулчих юмсан гэж боддог.

-Олон кг жин хассан гэхэд таны арьс ер үрчийгээгүй, толигор сайхан байна. Манайханд жингээ их хасвал арьс үрчийж унжина гэх айдас байдаг?

-Фитнесийнхээ багштай таралдаад асуухад Санаа зоволтгүй. Тэгээд ч залуу байхдаа жингээ хасах нь илүү үр дүнтэй. Тэр тусмаа зөв хооллолтыг хөдөлгөөнтэй хамтатгахад арьс унжина, муухай болно гэж айлтгүй гэсэн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button