Серена Уильямсыг хэн ч зогсоож чадсангүй

болсон эмэгтэй шилдэг найман теннисчиний WTA Tour Championships-2012 буюу оны хаалтын тэмцээнд зовлон багатай түрүүлэв. Зовлон багатай хэмээн онцолсны учир Серена Стамбулд нэг ч сет алдаагүй юм.

Шилдэг найман тамирчин уламжлал ёсоор хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд үүнийг Турк улсын далбаанд ордог хоёр өнгөөр нэрлэсэн юм. Тэмцээний чансааны гуравдугаарт эрэмбэлэгдсэн Серена (Викториа Азаренка, Мариа Шарапова нарын ард) Улаан хэсэгт Германы Анжелик Керберийг 64, 61, БНХАУ-ын Ли Наг 76 (72), 63, Беларусийн Викториа Азаренкаг 64, 64-өөр буулган авч, нэгдүгээр байраар шалгарсан. Энэ хэсгээс шалгарах үлдсэн эрхийг дэлхийн тэргүүн теннисчин авсан бөгөөд беларусь бүсгүй Керберийг 67 (1113), 76 (72), 64, Ли Наг 76 (74), 63-аар сөхрүүлснээр хагас шигшээд шалгарсан. Харин Нэр төрийн гэж нэрлэж болох тоглолтод Ли На Керберийг 64, 63-аар илүүрхэж, 225 мянган ам.доллар халаасалсан. Харин нэг ч ялалт байгуулаагүй Кербер 110 мянган ногоон-той гэртээ харьсан.

Цагаан хэсгийг урьдчилан таамаглаж байсанчлан Мариа Шарапова тэргүүлэв. Орос бүсгүй Италийн Сара Эрраниг 63, 62, Польшийн Агнешка Радванскаг 57, 75, 75, Австралийн Саманта Стосур (Чехийн Петра Квитоваг хоёр дахь тоглолтоос орлосон)-ыг 60, 63-аар буулган авсан юм. Энэ хэсгээс Радванска хоёрдугаар байраар шалгарсан бөгөөд үүний тулд Квитотаг 63, 62, хамгийн чухал тоглолтод Эрраниг 67 (68), 75, 64-өөр хожсон юм. Хагас шигшээд оролцож чадаагүй Эрранигийн хувьд Стосурыг 63, 26, 60-ээр илүүрхсэн нь WTA Tour Championships-2012-ын эхний бөгөөд эцсийнх нь амжилт байв.

Оны хаалтын тэмцээний хагас шигшээ. тоглолтод Уильямс Радванскаг 62, 6.1-ээр хөнгөхөн гэгч нь, Шарапова эв таардаггүй Азаренкаг 64, 62-оор хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Хэдийгээр Азаренка хагас шигшээ хүрээд тэмцээнээ өндөрлүүлсэн ч энэ оныг дуустал дэлхийн тэргүүн теннисчиний чансаагаа хадгалж үлдэх болсон.

Харин шигшээ тоглолт тийм ч өрсөлдөөнтэй болсонгүй, америк бүсгүй 64, 63-аар илүүрхсэн. Маша энэ удаа Лондон- 2012 зуны олимпийн XXX наадмын шигшээ тоглолтод шүүрдүүлснээсээ арай сайн тоглосон юм. Ийнхүү Серена 2012 оны сүүлчийн хагасыг гайхалтай үдлээ. Тэрбээр энэ оны долдугаар сараас хойш Уимблдон, АНУ-ын нээлттэй тэмцээн гэсэн хоёр ч Их дуулга, зуны олимпийн наадам, WTA Tour Championships гэсэн дөрвөн том тэмцээнд түрүүлж чадлаа. Тэрбээр энэ эрчээ алдахгүй, басхүү гэмтэхгүй байх аваас дэлхийн чансааны тэргүүн байраа эргүүлэн авах бүрэн боломжтой. Сонирхуулахад, Серена оны хаалтын тэмцээнд 2001 онд Линдсей Дэвенпортыг, 2009 онд төрсөн эгч Винус Уильямсыгаа хожин түрүүлж байлаа.

WTA Tour Championships-2012-ийн хосын төрөлд ОХУ-ын Надежда Петрова, Мариа Кириленко нар Чехийн Андреа Хлаваскова, Луси Храдескаг 61, 64-өөр хожиж төрүүлсэн. Энэ нь орос бүсгүйчүүд хосын төрөлд аваргалсан анхны тохиолдол ажээ.

Д.Есүхэй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button