Урлагт хилийн дээс байдаггүй
зорилоо. ӨМӨЗО-нд 12 жил ажиллаж, амьдраад ирсэн тэрбээр Сүүн далай ээж тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзах гээд сэтгэл нь хөөрчихсөн явна лээ. Хөгжмийн зохиолч маань Билет дуусчихсан. Нэмэлтээр 100 билет захиалаад, дөнгөж сая хэвлүүллээ гэсээр биднийг угтсан юм.
-Өдрийн мэнд. Та Өвөрмонголд 12 жил амьдарчихаад, эх орондоо ирмэгцээ л бие даасан тоглолтдоо бэлтгэж эхэлсэн. Өнөө орой /өчигдөр/ бут авна биз дээ?
-Хичээж л байна. Ганцхан орой тоглох болохоор манай дуучид ч бут авна л гээд байгаа шүү дээ.
-Тоглолтын реклам сурталчилгаа телевиз, радиогоор бараг л цацагдаагүй. Гэтэл билет аль хэдийнэ дуусчээ?
-Тоглолтоо хийх санаа төрөөд удаагүй байтал хөдөөгийн нэгэн өвгөнтэй гудамжинд таарсан юм. Санаагаа хэлтэл тэр хүн түрийвчнээсээ 10 мянган төгрөг гаргаж, надад өгсөн. Тэр хүн Чи реклам сурталчилгаа гэж сүйд болоод яах вэ. Анонсоо тавьчихсан байхад л хүмүүс үзнэ шүү дээ гэсэн юм. Сая урилгаа хэвлүүлээд, тэр хүнд талархлаа илэрхийлж, хэдэн урилга өгсөн. Өнөө орой ирж үзэх байх.
Манай аймгийнхан ч дам дамандаа сонссон юм шиг байна. Тоглолтын тов зарлагдсанаас хойш би гурван ч удаа утсаа солилоо. Хүмүүс билетээ миний л гараас авмаар байна гэх юм. Сүүлийн хэд хоног хөгжмийн зохиолч биш кассын нярав шиг л ажиллалаа.
-Энэ таны хэд дэх тоглолт вэ?
-2000 онд багахан хэмжээний тоглолт хийснийг эс тооцвол бараг л анхны тоглолт.
-2000 онд хийсэн тоглолтынхоо дараахан Өвөрмонголыг зорьсон байх аа?
-Тэр тоглолтын дараа Өвөрмонголын алдарт морин хуурч Чибулаг гуай надтай ирж уулзаад Манай нутагт очиж, дууны урлагт хувь нэмрээ оруулж ажиллаач гэсэн санал тавьсан юм. Түүний хүсэлтийн дагуу хилийн чанадад 12 жил ажиллаж, амьдраад ирлээ. Өвөрмонголын Засгийн ордны дээд шагнал болох Нэгдүгээр дэсийн хөгжмийн зохиолч гэдэг цолыг хүртлээ. Манайхаар бол гавьяат юм даа.
-Монгол Улсын төрийн тэргүүн ч бас таныг эх орондоо ирмэгц Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яагаад надад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгөв гэхээр Гавьяатаа чанаржуулъя гэж бодсон байх.
Манайхан гавьяатын тэмдгэндээ сэтгэл ханаад, уран бүтээл хийхээ больчихдог. Хайран шагнал эзнээ олохгүй төөрөөд байна шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч маань эхлээд хөдөлмөрийг нь үнэлээд, дараа нь жаахан юм хийлгэе гэж бодсон байх. Би энэ одонгоо хамгаалж гарах ёстой. Тиймээс ч өөрийгөө их өртэй боллоо гэж бодож, өрнөөсөө жаахан ч атугай нимгэлэхийн тулд Сүүн далай ээж тоглолтоо хийж байгаа юм шүү дээ.
-Анхны дуугаараа тоглолтоо нэрлэжээ?
-Би энэ дуугаа 15 настайдаа зохиосон.
-Сүүн далай ээж дууны шүлгийг Монголын Маяковский гэгддэг Ц.Гайтав агсан зохиосон. Ямар хувь зохиолоор тэр хүнтэй учирсан юм бэ?
-Би тэр агуу хүний шүлгээр уран бүтээлийн гараагаа эхэлснээрээ бахархдаг. Би дунд сургуульд долоон настайдаа орсон болохоор наймдугаар ангиа 15-тай төгссөн юм. Тэгээд Боловсролын хэлтсийн урилгаар Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэн суралцсан. Нот заалгаж эхлээгүй байхад сэтгэлд ая орж ирээд болдоггүй. Х.Галхүү багшдаа хэлсэн чинь намайг Монголын зохиолчдын хороо руу явуулсан юм.
Ш.Сүрэнжав гуайтай Зохиолчдын хорооны үүдэн дээр таараад, учир явдлаа хэлтэл Тэр аялгуу хаанаас чинь гардаг байна аа гээд сүрхий инээж билээ. Тэгээд өөрөөсөө жаахан зайлуулж, Ц.Гайтав багшийн өрөөг зааж өгсөн. Би Ц.Гайтав багшийн өрөөнд ороод Би дөнгөж ээж, аавынхаа өврөөс гарч байгаа хүүхэд. Хүн хайрладаг нас маань болоогүй болохоор ээжийн тухай л дуу хиймээр байна гэсэн. Ц.Гайтав гуай ч газар дээр нь шүлэг бичиж өгсөн. Тэгээд Ахынх нь бие жаахан тааруу байгаа. Тиймээс чи 30 хоногоос хэтрэлгүй надад аяыг нь сонсгоорой гэж захисан юм.
Би түүний хэлсэн хугацаанд аяа бичиж дуусгасан боловч дуучин Ц.Өлзий-Оршихоор дуулуулах гэж хөөцөлдсөөр байгаад 31 хоночихсон. Гэтэл Ц.Гайтав багш урьд шөнө нь бурхан болчихсон байж билээ. Би тэр явдалд одоог хүртэл харамсдаг. Гэвч би шарил дээр нь очиж, цэцэг өргөөд, нотыг нь тавьсан.
-Одоо ч бас сэтгэлд тань аялгуу шууд орж ирдэг үү?
-Хүүхэд байхад их зоригтой байжээ. Одоо бол юм юмнаас айдаг болсон. Онолд баригдаад, өөр хүний дуутай адилхан болчих вий гэж аливаа юмнаас зайлсхийдэг болчихож. Жаахан хашир суусан юм болов уу даа. Гэхдээ онгод бол хэвээрээ.
Ээжийн эрх хүүхэд байсан болоод ч тэр үү, уран бүтээлийн маань 80-аад хувь нь ээжийн тухай дуу байдаг. Өнөөдрийн тоглолтод дуулагдах дууны 60 орчим хувь нь ээжийн тухай дуу байгаа.
-Таны нэлээд хэдэн дууны үгийг яруу найрагч М.Амгалан бичсэн. Та хоёр гар нийлдэг бололтой?
-1989 онд Хэнтий аймагт тоглолтоор явж байхад маань миний ижий бурхан болсон юм. Би ижийтэйгээ уулзаж чадаагүй л дээ. Нутаг руугаа явах гээд бэлтгэж байтал цэргийн хувцастай, хурандаа хүн зочид буудлын маань өрөөнд ирж, надтай уулзсан нь М.Амгалан байсан юм. Тэр үед М.Амгалан гуай Ах нь ч бас ийм амьдрал туулсан. Чиний тухай сонсоод, ийм шүлэг бичлээ гээд Насны намар дууны шүлгийг надад өгсөн. Тэр шүлгийг уншаад ээжтэйгээ уулзчихсан юм шиг санагдаж билээ. Тиймээс ч би Улаанбаатараас Увс руу онгоцонд гурван цаг нисэхдээ энэ дууныхаа аяыг бичсэн юм. Тэгээд нот, үгтэй нь ээжийнхээ дэрэн доор үлдээсэн дээ.
-Таны сэтгэл тэр л аялгуугаар уйлж дээ?
-Ямар ч хүн Энэ дууг сонсохоор л зүрх сонин болоод байна гэдэг юм. Би ч сэтгэл дотроо уйлж бичсэн. Дуучин Н.Төмөрхуяг ч ёстой л сэтгэл дотроо уйлж байгаад дуулсан. Энэ ч утгаараа ард түмэнд сайн хүрсэн байх. Одоо урд хөршид төдийгүй Солонгост хүртэл дуулж байна шүү дээ.
-Зохиосон дуунууд тань таны сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг байх нь?
-Хүмүүс Б.Магсаржав багшийн дуу их амархан тогтоогддог. Бас их удаан дуулагддаг гэж ярьдаг. Энэ нь дууны шүлэгтэй холбоотой байх. Би багадаа шүлэг их уншдаг байлаа. Энэ бүхэн дууны ая бичихэд минь их нөлөөлсөн. Тиймээс ч би Үгнээс ая ургана. Аянаас дуучин төрнө. Дуучин ард түмэнд хүргэнэ гэж хэлэх дуртай. Би энэ замыг л зөв сонгож аяа бичдэг юм.
Сүүлийн үед аяыг нь биччихээд, үг тааруулдаг болж. Тэр нь яг зохиогүй хувцас шиг харагддаг. Сүүлийн үеийн дуунууд богино настай байгаагийн гол шалтгаан нь энэ. Залуу уран бүтээлчдэд Урлаг гэдэг мөнгөөр хэмжигддэг зүйл биш. Өөрийгөө маш их бэлд. Дотроо мэгшиж байгаад бич гэж хэлмээр санагддаг юм.
-Таныг гавьяат гэж боддог байлаа. Гэтэл Соёлын тэргүүний ажилтан цолтойгоороо л яваа юм байна шүү дээ?
-Ганцхан би биш л дээ. Энэ цолыг авч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн сайн уран бүтээлчид олон шүү дээ. Төр засаг үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Хятадын хөгжмийн зохиолчид хамгийн өндөр шагналыг хүртдэг. Нэгдүгээр дэсийн хөгжмийн зохиолчоос дуу авсан дуучин сайн дуулж байж тэр цолонд хүрдэг. Гэтэл манайд дуучин нь түрүүлж, гавьяа шагнал авч байна. Гэхдээ ард түмэн намайг гавьяатын хэмжээнд хүндэлдэг болохоор хүсэлт гаргаж, өргөдөл бичиж, шагнал горьдох нь утгагүй.
Манайхан хоёр, гурван дуу хийчихээд, шагнал горьдож, өөрийгөө гутраагаад, архинд ордгоо болимоор байна. Хангалттай ууж идлээ шүү дээ. Би Өвөрмонголд амьдарч байхдаа Ар Монголчууд эр, эмгүй архичин гэж ярихыг олон удаа сонссон. Ар Монголд согтуу хүн байдаггүй юм байна лээ гэж хэлүүлмээр байна шүү дээ. Бүр дур хүрээд болохгүй бол гэртээ нуугдаад уу л даа. Би ч уух дуртай. Нэг хэсэг сайн ч уусан. Гэхдээ гудамжинд гараагүй. Өвөрмонголд байхдаа Б.Магсаржав багш архичин юм байна гэж нэг ч удаа хэлүүлээгүй. Хүн намайг хоолонд уриад, ганц хундага архи өгвөл амсчихдаг. Харин дахиад нэг гэж нэхдэггүй. Өвөрмонголын хямдхан архин дотор живчихэлгүй, амьд л хүрээд ирлээ шүү дээ.
-Та Өвөрмонголд амьдрах хугацаандаа санхүүгийн асуудлаа бүрэн шийдэж чадсан уу?
-Уран бүтээл гэж шамдсанаас биш мөнгө хөрөнгө цуглуулъя гэж бодсонгүй. Ёстой л хоёр идэж, хоосон хонохгүй явсаар ирлээ. Хамгийн гол нь хүүхдүүддээ хятад хэл сургасан. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Би Бээжингийн хөгжмийн их сургууль төгссөн болохоор хятад хэлтэй.
Уран бүтээлч нөхөд, ард түмэн маань намайг ирэх бүрт Нутагтаа ирээч гэсэн санал тавьж байсан. Зарим нь бүр Энэ агуу урлагийг яахаараа Өвөрмонголд өвлүүлэх гэж зүтгээд байгаа юм бэ гэж уурлаж ч үзсэн. Би ар, өвөрмонгол гэж ялгамааргүй байна. Хилийн хоёр талд л амьдарч байгаа болохоос биш адилхан л Чингис хааны үр сад шүү дээ. Би Урлагт хилийн дээс байдаггүй гэж үздэг юм.
-Одоо эх орондоо суурьшина биз дээ?
-Зөвхөн Монголдоо л амьдарна даа. Монголчуудын амьдрал, урлагийг үнэлэх үнэлэмж өөр болсон байна. Ямар ч дуучин боломжоороо дуугаа худалдаад авчихдаг болж. Энд амьдрал байна.
-Ингэхэд та одоо баян хуураа тоглож байгаа юу?
-Би багадаа баян хуураар таван ч алтан медаль авсан хүн шүү дээ. Өнөө оройн тоглолтод ч бас баян хуураа тоглоно. Миний багш, Монгол Улсын гавьяат багш Ж.Найдан Увсаас ирж байгаа. Багштайгаа хоршиж тоглоно. Тухайн үеийн сэтгэлийн хөдлөлөөрөө л дуугаа сонгоод тоглоно доо.
-Сүүн далай ээж тоглолт ганцхан орой болно. Үзэгчид дахин тоглуулахыг хүсэх л байх даа?
-Хүсвэл би дахиад ч тоглоно. Программаа өөрчлөөд, энэ тоглолтод багтаагүй дуунуудаа дуулуулна шүү дээ.