Олгойгоо тогоон дотроо хагалцгаая, улстөрчид өө
Мэдэж өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд алдаа ч бий, оноо ч бий л байх. Үгүйсгэхийн өвчин шүглэсэн аятай бүгдийг хараар будаж, гоочилсоор адагтаа залхаж ч байх шиг байна. Уг нь дөрвөн жил тутам нэг удаа болдог сонгуулийг дориун сайхан хэл амгүй шударга журамтай хийчихвэл наанадаж улс төрийн нам хүчнийхэнд, цаанадаж иргэдэд тун чиг хэрэгтэй ажил. Энэ тухай бүгд л ам уралдан ярьдаг атлаа цагаа болохоор шог шог юм их хийнээ. Ямартай л хууль бус хулгайгаар хийдэг үйлдлүүдээ хачин гоёор нэршээд хэвшчихсэн байхав, бид. Царцааны нүүдэл, сургуулийн үдэшлэг ч гэх шиг… Гэхдээ энэ удаа тийм элий балай юм хийхгүйгээр сонгуульдацгаая гэх гээд л… Өнгөрсөн зургаан сард болсон УИХ-ын сонгуулийн хэрүүл намжиж амжаагүй байхад л Орон нутгийн сонгууль хаяанд ирчихлээ.
Хаяа ч юу байхав, өнөө маргаашгүй болно. Тодруулбал, ирэх 11 дүгээр сарын 21-нд болно. Тэр ч байтугай бага сунгаанд / УИХ-ынхыг их сунгаа гэдэг гэсэн/ өрсөлдөх нэр дэвшигчдийн тоо тодорсон талаар СЕХ-ноос мэдээлж байна лээ. Энэ удаагийн аймаг, дүүргийн ИТХ-ын сонгууль холимог хувилбараар явахаараа өмнөх сонгуулиудаас онцлог. Дашрамд сануулахад нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулсан учраас орон нутгийн сонгууль харьцангуй цомхон болно гэж ойлгож болно. СЕХ-ноос мэдээлснээр энэ удаагийн аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 985 суудлын төлөө 2765 хүн өрсөлдөхөөр болсон гэсэн. Дунджаар нэг суудлын төлөө гурван хүн өрсөлдөнө гэсэн үг.
Түүнчлэн уг 985 суудлын 689-ийг мажоритар, 336-г пропорциональ буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгох учиртай. Өнөөдрийн байдлаар аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд зургаан нам, хоёр эвсэл оролцохоо илэрхийлээд байгаа бөгөөд МАН, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам дангаараа нэр дэвшүүлсэн бол МАХН зарим газарт ИЗНН-тай, зарим газарт МҮАН-тай эвсэж мөн цөөнгүй тойрогт дангаараа нэр дэвшүүлэхээр мэдүүлгээ өгсөн байна лээ.
Бас зарим хэсэгт МҮАН дангаараа нэр дэвшүүлсэн харагдсан. Задалбал,
МАН 1029, Ардчилсан нам 1019, Иргэний Зориг- Ногоон нам 115, МАХН-ИЗНН-ын Иргэний шударга ёс эвсэл 28, МҮАН 46, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл 69, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам зургаа, МАХН дангаараа 332 хүнийг нэр дэвшүүлээд байгаа юм. Мэдээж орон нутгийн сонгуульд бие даагч өрсөлдөнө. Эх сурвалжийн мэдээлснээр 134 хүн аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн гэсэн. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуульд Буян Жагаа буюу БНН нам өрсөлдөхгүй.
УИХ-ын сонгуулийг надгүйгээр төсөөл дөө, уйтгартай биз дээ хэмээн хаахалздаг тэрбээр бага сунгааг балчир хүүхдийн тоглоом гэж үзсэн бололтой юм билээ. Уг нь УИХ-аас ч чухал сонгууль л даа. Гэхдээ хэн юуг илүү чухал гэж үздэгээс их шалтгаалах нь хэр. Эгэл түмэн, энгийн амьдралыг дээдлэгсдийн хувьд орон нутгийн удирдах алба шиг чухал алба гэж үгүй.
Чухам л тогоон дотор нь пур пур хийдэг гэдэгтэй зүйрлэж болох. Харин бүрэн эрх, зөөлөн дулаан
сэнтий, орд харшийг чухалчилдаг улсын хувьд бол тамын ажил гээд хэлчихэд нэг их буруудахгүй л байх. Ямартай ч УИХ-д өвдөг шороодогсод орон нутгийг сонирхоогүй нь нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас ив илхэн харагдаж байгаа. Албан ёсны мэдээллээс харахад сумын ИТХ-ын сонгуульд нийт 6828 суудлын төлөө 16369 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон. Сумын Засаг дарга гэхээр л хар малгай духдуулж, мотоцикль пижигнүүлсэн нөхөр гэж андууруузай.
УАЗ-469 ч гологдоод их удаж байгаа, зарим сумдад. Одоо бүр өөр болно. Орон нутгийн эрх мэдлийг бага багаар сумдад шилжүүлж буй нь сумын Засаг даргын суудлын ханшийг өсгөсөн учраас тэр л дээ. Бас хуулийн дагуу тухайн нутаг дэвсгэрт 180-аас доошгүй хоног амьдарсан гэж заасанчлан нэр дэвшигчдээ сонгосон гэж намууд мэдэгдээд буй. Харамсалтай нь сумын Засаг даргын хувьд тодорхой заасан зүйл байхгүй ч орон нутгийн сонгуульд өрсөлдөгчийг сонгохдоо тухайн нутаг дэвсгэрт амьдарч байсан гишүүдийг сонгосон гэж мэдэгдсэн намуудын амлалт хэр бодит болохыг харах л үлдлээ.
Дашрамд тэмдэглэхэд болж өнгөрсөн сонгуулийн хэрүүл маргаан, тодруулбал, ахимагдуу, арай илүү туршлагатай бас том гэгддэг хоёр намын сонгуулийн маргалдаанаас болж, Монгол Улсын нэр хүнд гадны орнуудад ихээр унаж байгаа тухай таагүй мэдээ түгэх болсон. Тухайлбал, манай улсад өрнөж буй улс төрийн нөхцөл байдлын талаар дэлхийн томоохон агентлагууд тухай бүр нь өөр өөрсдийн өнцгөөр мэдээлсэн бөгөөд CNN агентлаг Монголын ардчилалд томоохон аюул тулгарлаа, төрийн эрх мэдлийг шүүхийн замаар булаах гэсэн эрх баригчид ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар Монголын улс төр, эдийн засагт эмх замбараагүй байдал үүслээ хэмээн мэдээлсэн. Эцэст нь өгүүлэхэд олгой хагаравч тогоон дотроо гэж нэг үг бийг санан санан ажиллацгаавал яанам бэ, улстөрчид өө…
З.Урансүх