Өнгөрсөн зууны тайлагдашгүй гэмт хэргүүд
Ийм хэргүүдийг видео бичлэг, тусгай техник хэрэгсэл, ДНК, олон жилийн туршлага, ул мөрөөр ч илрүүлж чадахгүй байгаа аж.
Өнгөрсөн зуунд үйлдэгдсэн нууц гэмт хэргүүдийн хавтаст хэрэг аль ч оронд мянга мянгаараа бий.
Эдгээрээс хамгийн нууцлагт Австралид 1980-аад онд үйлдэгдсэн банкны хулгайн хэрэг ордог. Намрын нэгэн зэврүүн өдөр банкны ажилтнууд ажилдаа иртэл үнэт эрдэнэс, мөнгөний агуулах нь хоосорсон байжээ. Хулгайчид эндээс 140 кг алтан гулдмай, 24 шуудай мөнгө хулгайлсан байж. Гэтэл хамгаалалт, камерын аль алинд нь хулгайчийн ул мөр үлдээгүй аж. Цагдаагийнхан ч их хэмжээний алт, мөнгө алга болсонд юуны түрүүнд банкны ажилтнуудыг буруутгаж эхлэв. Ингээд бүх ажилтныг илрүүлэгчээр шалгуултал хэн нь ч худлаа яриагүй нь тогтоогджээ. Гэхдээ ажилтнууд үүнд холбоогүй бол хэн алт, мөнгийг хулгайлсан байж болох вэ. Энэ гэмт хэрэг өнөөг хүртэл Австралийн ХХ зууны нууц хэвээр үлджээ. Үүнийг илрүүлэх гарцыг цагдаагийн ямар ч туршлагатай хүмүүс олж чадаагүй л байна.
Мөн АНУ-ын Бостон хотын музейд 1990 оны гуравдугаар сард хулгайч орж, Вермеер, Рембрандтын уран зургуудыг хулгайлсан байна. Музейн ажилтнуудын ярьснаар байгууламжид цагдаагийн хувцас өмссөн хэдэн хүн орж ирсэн гэнэ. Тэд уран зургуудыг хуулж авснаа музейн ажилтнуудад Ховор бүтээлийг хулгай дээрмээс аврах тусгай ажиллагаагаар явж байна гэж мэдэгджээ. Гэтэл хэнийх нь ч толгойд орон нутгийн Цагдаагийн хэлтэстэй холбогдох санаа төрсөнгүй. Ингээд алга болсон зургуудыг 23 жилийн турш олж чадсангүй. Эдгээр зургууд АНУ-ын хувийн цуглуулагчийн гарт орсон байж болзошгүй хэмээн таамагладаг аж.
Түүнчлэн 1971 онд Дэн Купер гэгч нэгэн эр АНУ-ын онгоцыг барьцаалж, 200 мянган ам.доллар нэхэмжилжээ. Түүнд мөнгийг шилжүүлмэгц онгоц нислэг үйлдсэн байна. Энэ үеэр өнөөх зартай дээрэмчин Дэн Купер шүхрээр үсэрч доош буужээ. Түүнээс хойш хаана ч үзэгдсэнгүй. Цагдаагийнхан түүнийг үсэрснийхээ дараа амиа алдсан байж болзошгүй гэж таамагладаг аж. Гэхдээ зартай дээрэмчин хувийн мэдээллээ өөрчлөөд, АНУ-д одоо ч амьдарч байгаа юм бил үү, хэн мэдлээ.