Манай улсын эдийн засаг 10 хувиас дээш өсчээ
эдийн засагч Ш.Алтанцэцэг нар өчигдөр танилцууллаа. Тэдний үзэж байгаагаар манай улсын эдийн засгийн өсөлт одоогийн байдлаар 10-аас дээш хувьтай байгаа аж. Оюу толгойн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор 2011 онд эдийн засаг 17 хувиар өссөн хэдий ч энэ онд бага зэрэг саарсан үзүүлэлт гарсан. Энэ нь Хятадын эдийн засгийн удаашралтай, эрдэс баялгийн экспортын хэмжээ буурсантай холбоотой хэмээв.
Энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад экспорт 39 хувиар буурсан нь 2009 оноос хойших хамгийн их бууралт болсон байна.
Урсгал дансны алдагдал гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжигдэж байгаа бөгөөд энэ хугацаанд алдагдал нэмэгдсээр байна. Экспортын бууралт импортынхоос түрүүлж байгаа учраас урсгал дансны алдагдал цаашид ч улам өсөх хандлагатай байгаа аж.
Монголбанкнаас төгрөгийн ханшийн уналтыг хязгаарлах зорилгоор гадаад валютын зах дээр хааяа нэг интерваци хийснээс гадаад валютын цэвэр нөөц аажмаар буурч, 1.4 тэрбум ам.доллар болсон нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод үзүүлэлт болжээ.
Оюу толгой, Таван толгойн уурхайн олборлолт эхэлснээр экспорт, төсвийн орлого тогтвортой өсч, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх тооцоо гарч байгаа учраас Монгол Улсын дунд хугацааны төлөв эерэг байна. Гэхдээ богино хугацаанд эдийн засагт томоохон эрсдэлүүд тулгарч байгаагийн илрэл нь долоо, наймдугаар саруудад ажиглагдсан экспортын огцом уналт байсан. Энэ нь дэлхийн эдийн засгийн төлөв, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа болон өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн зарлага ихээхэн нэмэгдэж, төсвийн мөчлөг дагасан бодлого баримталснаас үүдэлтэй ажээ.
Дэлхийн банкны эдийн засагчид төсвийн тэлэлт инфляцийг хөөрөгдөж, төлбөрийн тэнцэлд дарамт, ачаалал бий болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мөн томоохон уул уурхайн төслүүд удаашралтай байвал эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй. Монгол Улс тогтворжуулалтын сандаа ДНБ-ий 2.2 хувьтай тэнцэх бага хөрөнгө хуримтлуулсан нь цочрол өгсөн нөхцөлд хүрэлцэхгүй байх нь тодорхой гэдгийг анхааруулав.
Мөн тэд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байгаа 2013 оны нэгдсэн төсвийн төсөлтэй холбоотой санал шүүмжлэлээ хэлсэн юм. Дэлхийнбанкны зөвлөж буйгаар төсвийг эдийн засгийн үр өгөөжөө хурдан өгөх дэд бүтцэдээ төвлөрүүлэх шаардлагатай гэлээ.
Инфляцийн ерөнхий индексийн үзүүлэлт наймдугаар сард 15.9 хувьтай байсан. Үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь махны үнийн өсөлт байжээ. Хэрэглээний үнийн индексийн 10 хувийн жин эзэлдэг мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ наймдугаар сард өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 49.5 хувиар өсчээ. Хүнсний бараа, эрчим хүчний үнийг хасч тооцсон суурь инфляци 10 орчим хувьтай байна гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргажээ.
Монгол Улс эдийн засгийн хямралгүй байна
Монгол Улсын эдийн засагтай холбоотой үүсээд буй зарим асуудлын талаар Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс хариулт авлаа.
-Энэ онд төсвийн зарлага их байгаа ч орлого огцом буурсан үзүүлэлт гарсан. Үүний гол шалтгаан нь юу вэ?
-Ш.Алтанцэцэг Засгийн газрын зарлага энэ оны наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.2 хувийн өсөлттэй гарсан. Зарлагын өсөлтийг задалж үзэхэд хөрөнгө оруулалт 54.8 хувиар эрс өссөн байдаг. Тэгвэл орлогын гүйцэтгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар тасарсан үзүүлэлт гарчээ.
Орлогын гүйцэтгэлээр нь авч үзвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөвлөгөөгөө биелүүлээгүй. Мөн гаалийн албан татвар, онцгой албан татвараас орлого ороогүй байна. Энэ нь 2011 оны тав, арваннэгдүгээр сард импортоор орж ирж буй бензин дизель түлшний албан татварыг тэглэх шийдвэр гаргасантай холбоотой. Дээрх хоёр төрлийн орлого тус бүрдээ 20.5, 12.8 хувиар тасарсан.
Төсвийн орлого, зарлагын зөрүүнээс болж наймдугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ДНБ-ий 10 хувьтай тэнцэхээр байна.
Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын зардлыг 284 тэрбум төгрөгөөр танасан. Үүнээсээ 113 тэрбумыг нь Хөгжлийн банкны санхүүжүүлэлт болгон шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ингэж механик үйлдэл хийгээгүй бол төсвийн алдагдал 10-аас илүү хувьтай байх байсан аж.
-Ам.долларын нөөц буурч байгаа энэ үеэд Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зөв үү?
-Корали Геверс Монголбанк валютын ханш дээр уяан хатан бодлого баримталж байна. Энэ бодлогыг манай зүгээс дэмжиж байгаа. Гэхдээ Төвбанкны нөөцөөс Хөгжлийн банкны 0.5 тэрбум ам.долларын хадгаламж, Төвбанкны зүгээс Хятадын төв банкнаас зээлсэн 0.2 тэрбум ам.долларын зээл, мөн дотоодын банкуудын 0.2 тэрбум ам.долларын хадгаламжийг хасах юм бол цэвэр нөөцийн хэмжээ 1.4 тэрбум ам.долларын хэмжээтэй байгаа. Энэ утгаар нь аваад үзвэл хэдийгээр ханшийн уян хатан бодлого барьж байгаа хэдий ч нөөцөөс худалдаалах эрсдэл гарч болзошгүй.
-Евро бүс цаашлаад Америк, БНХАУ-д эдийн засгийн хямрал болж байгаа талаар мэдээ баримтууд их байна. Манай улсын хувьд байдал ямар байгаа бол?
-Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байна гэж бид мэдээлсэн. Тиймээс энэ оронд хямрал байхгүй гэж ойлгож болно.
Эдийн засгийн байдал хүнд байгаа орны нөлөөлөл бага зэрэг бий. Ялангуяа БНХАУ-ын нөлөөлөл их байгаа. Хамгийн наад зах нь эрдэс баялгаа зөвхөн урд хөрш рүүгээ гаргаж байна.
Тиймээс одоо төсөв дээрээ ихээхэн анхаарах хэрэгтэй. Засгийн газраас бонд гаргаж, төсвийн алдагдлаа нөхөх арга хэмжээ авч байна. Энэ мөнгөө таван жилийн дараа буцааж төлнө гэдгийг л ухаарах хэрэгтэй.
-Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээг нь өөрчлөх, эрчим хүчээ урд хөршөөс авахаар болсон зэрэг асуудлууд их яригдаж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Томоохон хөрөнгө оруулалтад тогтвортой байдал чухал. Мөн өндөр ашигтай төслийг нэн даруй эхлүүлэхэд шаардлагатай эрчим хүч хэрэгтэй. Тэгэхээр БНХАУ-аас эрчим хүчээ авч төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, улмаар ашигт малтмалаа олборлох нь зүйтэй.
Харин хөрөнгө оруулалтыг өөрчлөх тухай яригдаж байгаа нь хөрөнгө оруулагч талд цочроо өгч, тогтвортой байдлыг алдагдуулах нэг үйлдэл. Нөгөө талаасаа Монголын ард түмэн өөрсдөдөө ашиггүй гэрээ хийчихлээ гэсэн санаа зовинол байгаа бол түүнийгээ илэрхийлэхэд буруу нь юу байх вэ.
Д.Баяржаргал